100 жилийн нөмрөг дор “дэрвэх” 10 жил…

Өнөөдөр Эх орончдын баярын өдөр гэнэ. Мөн эрх баригч намын 100 жилийн ой тохиож,  “том” дарга нар бие биенээ тэврэн үнсэж, тас хар өнгийн ноолууран польтотой “ах нар” төв талбайдаа алхаж, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, хөл газар, гар дээр цэнгэн хөгжилдөж байна…  

Төрийн эрх баригч том нам МАН-ын удирдлагууд аз жаргал дүүрэн инээмсэглэж, хувьсгалт тэмцлийн түүхэн ойн эл өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ цаг дор эрх ашгаас өөр нөхөрлөл үгүй харуулсан нэгэн агшин гэрэл зурагчид мөнхөлсөн нь МАХН-ын дарга нар МАН-ын дарга нартай хүзүү сээр холбоотой алхаж байгаа байв. Эндээс харахад ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН,МАН нэгдэж орно гэсэн яриа оргүй биш аж.

2015 оны есдүгээр сарын 09-нд МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Х.Баасанд нэгэн албан бичиг хүргүүлсэн байв.  Уг албан бичигт, “Монголын түүхийн хар толбо, бараан сургамж болсон улс төрийн хэлмэгдүүлэлт нь гадаад, дотоодын олон учир шалтгаантай бөгөөд энэ хэлмэгдүүлэлтэд олон мянган иргэд маань амь насаа алдаж, Монголын зуун, зууны түүхтэй соёлын үнэт өв устгагдсан нь түүхэн үнэн юм. Энэхүү хэлмэгдүүлэлт нь тухайн үеийн нам төрийн байгууллагын хууль бус шийдвэртэй холбоотой бөгөөд төрийн хүчирхэг механизм болсон шүүх хүчний байгууллагаар дамжин хэрэгжсэн байдаг. Тэр үед МАХН Монголд үйл ажиллагаа явуулж байсан цор ганц улс төрийн хүчин байсан боловч хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох хүчин мөхөсдөж нам өөрөө болон түүний олон мянган гишүүд ч хэлмэгдүүлэлтийн энэхүү аймшигт шуурганд ард түмэнтэйгээ хамт өртсөн нь түүхэн үнэн билээ…

МАХН нь 1921 онд байгуулагдан ажиллаж байгаад 1992 оны Монгол Улсын дээд шүүхэд шинээр бүртгүүлж, 2010 онд МАН болж нэрээ өөрчилсөн нь хууль ёсны баримт юм. Ингэснээр МАХН-ын эрх үүрэг нь МАН-д хадгалагдан үлдсэн нь Улсын дээд шүүхийн тогтоол, МАН-ын удирдлагын албан ёсны мэдэгдэлээс тодорхой харагдана. Нэгэнт МАН-ын үйл ажиллагаа тодорхой болсон тул МАХН-ын зарим гишүүд МАХН гэсэн нэрээ сэргээн 2011 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлэн улс төрийнхөө үйл ажиллагааг  шинээр эхлүүлсэн билээ. Энэ тохиолдолд МАХН-аас хэлмэгдүүлэлттэй холбоотой хохирол төлбөрийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд  энэ тухай асуудлыг МАХН-ын эрх үүргийг хадгалан үлдэж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн МАН-д тавих зүйтэй…” гэсэн байв.

 Эндээс харахад, өнөөдөр 100 жилийн түүхэн ой хэмээн хөөрцөглөж байгаа эрх баригч намын үйлдэл, МАН-ыг дагаж “дэрвэж” байгаа МАХН-ын удирдлагуудын байгаа нөхцөл байдал бол ердөө л 100 жилийн нөмрөг дор 10 жилийн ой тэмдэглэгсэдийн цугларал болов гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ…

+ There are no comments

Add yours