Ч.Хүрэлбаатар: Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн. Х.Баттулга нэр дэвших боломжгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэц дээр очжээ. Өөрийг нь сонгуулиар нэр дэвшиж болох эсэхийг шийдэх Үндсэн хуулийн цэц дээр би нэр дэвших ёстой шүү хэмээн ашиг сонирхлын зөрчлийг умартан байж очжээ. Энэ бол эрх мэдэлтэй хүмүүс нөлөөлж ЖДҮ зээл авдагтай яг адилхан хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүйг би хэлж байсан. Учир нь:

– Үе үеийн, заа бараг бүх Ерөнхийлөгч юм юм руу үсчээд олон жил боллоо. Засгийн газрын ажлыг хийх гэж оролдоно, УИХ-ын ажлыг хийх гэж оролдоно, АТГ-ын ажлыг хийх гэж оролдоно, Прокурорын ажлыг хийх гэж оролдоно, Шүүхийн ажлыг хийх гэж оролдоно… Товчхондоо, “холион бантан”. Үүнийг цэгцлэх гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Шинээр эхэлье, “холион бантан”-г цэгцэлье, дахин сонгогдохын тулд эрүүл хүний зүүдэнд ч оромгүй амлалтуудыг өгөхөөс сэргийлье гээд ерөнхийлөгч зөвхөн 1 удаа сонгогддог байхаар Үндсэн хуулиа өөрчилсөн.  Би ийм өөрчлөлтийг дэмжиж 2019 оны 11-р сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бусад гишүүдийн хамт батлалцсан. 

– Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин ороход батлагдсан Үндсэн хууль, түүнд орсон бүх нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгч хамгийн ихдээ 8 жилээр сонгогддог.  Үндсэн хуулийн сүүлийн нэмэлт өөрчлөлтийн өмнө 2 удаа дөрвөн жилээр буюу хамгийн ихдээ 8 жил, нэмэлт өөрчлөлтийн дараа зөвхөн 1 удаа 6 жилээр ерөнхийлөгч сонгогдох учиртай. Тэгэхээр аль ч тохиолдолд 8 жилээс дээш Ерөнхийлөгч байж болохгүй. Тийм учраас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй. 

– Өмнөх болон одоогийн ерөнхийлөгч нар нэр дэвшиж болно гэж үзье. Нэр дэвшээд сонгогдвол Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар 8 + 6 буюу 14 жил, П.Очирбат, Н.Энхбаяр, Х. Баттулга нар 4+6 буюу 10 жил ерөнхийлөгчөөр ажиллана гэсэн үг. Үндсэн хууль, түүний бүх нэмэлт өөрчлөлтөөр 8-аас дээш жил ерөнхийлөгчөөр ажиллах боломжгүй. Энэ тохиолдолд, товчоор хэлбэл, Үндсэн хуулийн бус ерөнхийлөгчтэй болно. 

– Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2019 оны 11-р сарын 14-ний өдөр УИХ-аар батлагдаж, 2020 оны 5-р сарын 25-наас хэрэгжээд эхэлсэн. Батлагдсанаас хэрэгжиж эхлэх хүртэл 194 хоногийн хугацаанд Х.Баттулга нэр дэвшихээ баталгаажуулах оролдлогыг хийх цаг хугацаа, боломж зөндөө байсан. Түүнд ердөө сайн хуульч л хэрэгтэй байв. Гэхдээ түүнд хүчээ өгчих сайн хуульч огтхон байгаагүйг түүний удаа дараагийн хоригууд тодорхой харуулсан. Х.Баттулга бүх боломжоо өөрөө алдсан, хэрэгтэй цаг хугацааг өнгөрөөсөн, хийх ёстой зүйлээ хийж чадаагүй. Одоо гоншигноод нэмэргүй. Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн. Нэр дэвших боломжгүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй.

+ There are no comments

Add yours