“Clubhouse” хэмээх аудио-чат сошиал хэрэглүүрийг 10 сая хүн идэвхитэй хэрэглэдэг болсныг зарласан.

“Clubhouse” андройд хувилбараа гаргах эхний алхмаа хийлээ
Сүүлийн үед дэлхий нийтийг байлдан дагуулж буй “Clubhouse” хэмээх аудио-чат сошиал хэрэглүүр нь андройд хувилбараа гаргах эхний алхмаа хийлээ.

Өдгөө 10 сая гаруй идэвхитэй хэрэглэгчтэй болоод буй тус хэрэглүүрийг хөгжүүлэгч “Alpha Exploration Co” компани Мопева Огундипе хэмээх андройд үйлдлийн систем дээр хөгжүүлэлт хийдэг инженер ажилд авчээ.

Мопева Огундипе өчигдөр (2021.02.23) твиттер хуудастаа “Өнөөдөр “Clubhouse”-т нэгдсэн анхны өдөр маань байлаа. Хэрэв та бүхэн намайг мэддэг бол надад IOS хэрэглүүрүүдийг Андройд дээр гарах санаа бий. Энэ гайхалтай багт нэгдэж, үдэшлэгт Андройдуудыг урих болсондоо баяртай байна” хэмээн жиргэжээ.

Мопева Огундипегийн хувьд 2014 оноос хойш Instagram, Khan Academy, Medium зэрэг хэрэглүүрүүдийн андройд хувилбар дээр хөгжүүлэлт хийдэг аж.

“Alpha Exploration Co” компанийн хамтран эзэмшигчид болох Пол Дэвидсон, Рон Сет нар өнгөрөгч Ням гариг “Clubhouse” хэрэглүүрийг 10 сая хүн идэвхитэй хэрэглэдэг болсныг зарласан. Сонирхуулахад, өнгөрөгч нэгдүгээр сарын 24-ний өдөр гэхэд тус хэрэглүүр 2 сая гаруй хэрэглэгчтэй байжээ.

“Clubhouse” нь өнгөрсөн оны гуравдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд өдгөө Цахиурын хөндийн хамгийн өсөлттэй компаниудын нэг болоод байна. 2020 онд байгуулагдсан “Alpha Exploration Co” старт-ап компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 100 сая ам.доллар байсан бол өдгөө нэг тэрбум ам.долларт хүрчээ.

+ There are no comments

Add yours