Сэрэмжлүүлэг: Он гарсаар 15 хүн гал түймэрт өртөж нас баржээ

Он гарсаар улсын хэмжээнд обьектын гал түймрийн 461 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 90 иргэний амь насыг авран хамгаалсан бол гал түймэрт 15 хүн өртөж нас барсан байна.

Галын шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээх зэргээр галын аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлаагүй, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн гарч байна.

Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага өнөө өглөөний 10:37 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг 11 км зам туулан очиход залгаж барьсан хоёр монгол гэр шатаж, галд 5-13 насны гурван хүүхэд өртөж нас барсан харамсалтай тохиолдол болсон байна. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм.

 Иймд, сар шинийн баярын өдрүүдээр,

– Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх

– Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)

– Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх

– Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх

–  Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх

– Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих

– Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Онцгой байдлын ерөнхий газар

+ There are no comments

Add yours