“Яг одоогийнх шиг 4 жилээр гарч ирээд Кембридж, Цөм хөтөлбөр гээд савлаад байвал үр дүнд хүрэхгүй”

БШУ-ны сайд боловсролын салбарынхантай уулзалт хийлээ. Тэрбээр боловсролын хуулийн өөрчлөлт болон баян, хоосны ялгарлыг арилгах тухай байр сууриа илэрхийлсэн юм.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хамгийн түрүүнд бидний хийх ажил бол Боловсролын ерөнхий хууль. УИХ-д өргөн баригдсан боловч Сангийн сайд гарын үсэг зурж, зөвшөөрөл өгөөгүй хойшилсон юм байна. Гэхдээ энэ хуулийг бүтнээр нь Үндэсний хэмжээний хэлэлцүүлэг хийчихсэн хууль гэж би ойлгохгүй байгаа.
Би энэ хуулийн төсөлтэй танилцсан. Та бүхэнтэй, боловсролын салбарынхантайгаа дахиж зөвлөлд гэж хэлсэн. Их дээд сургуулийн захирлууд, салбарын хүмүүсийн саналыг авалгүйгээр, оролцоогүйгээр зүгээр яамны хэдэн газрын дарга нар нэг орой ярьж өдөр товлоод УИХ-д өргөн барьж болохгүй.

Хийсэн бүтэц нь хэд хэдэн хувилбартай. Ер нь бол толгой дээр чинь дахиж нэг яам байгуулах тухай л хувилбар явж байгаа юм байна лээ. Би бол ингэж болохгүй гэж бодож байна. Би боловсролын салбар улс төрөөс хараат бус байна гэж баахан лоозон хэлчихээд буцаад хамгийн оройных нь даргыг сайд томилдог зүйл рүү оруулж болохгүй. Ингэж боловсролын засаглал бие дааж хөгжихгүй. Хуулийг татаж аваад хэлэлцүүлгийн журмаар чанаржуулая, та бүхэн хууль дээрээ сайн суу. Бид хуулийг нээлттэй болгоно.

Сайд солигдохоор, нэг Засгийн газар солигдохоор бид аль яамны харьяа болох бол гэсэн айдас бий болдог. Одоо тийм юм байхгүй. Их дээд сургуулийн эрх зүйн байдлын хуулиар ч юм уу, Засгийн газар, Сайд нь их дээд сургуулиуд, хүрээлэнгүүдээ дур мэдэн хөдөлгөдөг байдлаа больё. Ингэж байж удаан хугацааны бодлого хэрэгжих байх.

Би Энхболд гэдэг сайдтай Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг булаацалдахгүй, Би Мэндсайхан гэдэг сайдтай хүрээлэнгүүд булаацалдахгүй. Ганцхан зарчим л байх ёстой. Тэр нь шинжлэх ухаан хөгжүүлэх гэж л байгаа юм бол бодлого боловсруулж байгаа яам нь хаана байна тэндээ л байх ёстой.


УИХ-ын гишүүдэд Боловсролын салбараас 550 тэрбум төгрөг харамлаж байгаа юм бол 10 жилийн дараа ажилгүйдэл, ядуурал хэвээрээ байх юм байна. Энэ нийгэмд байгаа баян хоосны ялгаа яг хэвээрээ байх юм байна л гэж хэлж байгаа.

Тийм учраас бид ийм судалгааг УИХ-ын гишүүдэд хийж харуулъя.

Боловсролын хуулийг та нар дэмжсэнээрээ өнөөдөр мөнгөөр битгий хараа. Боловсролын салбарт оруулсан 1 доллар 12 доллар болдог гэдэгтэй адилхан нийгэм, эдийн засагт том үр дүн авчирна. Надад энэ судалгааг хийгээд өг, би үүнийг чинь УИХ-ын гишүүдэд тайлбарлаад хуулиа авч гаръя. Бид үүнийг хамтраад хийх ёстой.

Би Боловсролын хуулийг нийгмийн зөвшилцөл маягаар хийх ёстой гэж хэлдэг. Энэ 7 хоногийн 2 дахь өдөр сүүлийн 19 жилд ажилласан Боловсрол, шинжлэх ухааны 17 сайдыг яам дээрээ урьсан. Надад тэр энэ нам гэдэг нь ерөөсөө сонин биш. Энэ хүмүүс юм хийх гэж оролдсон, зарим нь үр дүнд хүрсэн, заримд нь хийх хугацаа олдоогүй, заримд нь хийх эрх зүйн боломж байгаагүй, улс төрийн боломж ч гараагүй. Бүгдийг нь сонсъё.

Боловсролын нэг хөтөлбөр 10 жил хэрэгжиж байж үр дүнгээ өгдөг. Яг одоогийнх шиг 4 жилээр гарч ирээд Кембридж, Цөм хөтөлбөр гээд савлаад байвал үр дүнд хүрэхгүй” гэв.

+ There are no comments

Add yours