Э.Мөнгөнзалаа: Монгол улс үл хөдлөх хөрөнгө борлуулалтын үндэсний ИХ ГЭР платформтой боллоо

Э.Мөнгөнзалаа: Монгол улс үл хөдлөх хөрөнгө борлуулалтын үндэсний ИХ ГЭР платформтой боллоо

Монгол улс ЦАХИМ үндэстэн болно. Энэ зорилгыг Монгол улсын Засгийн газар баримталж буй. Тэгвэл Монгол улсын хот байгуулалтын үндэс суурь болсон барилгын салбарыг нэгтгэсэн, иргэд ААН-үүдийг холбосон Үл хөдлөх хөрөнгө борлуулалтын нэгдсэн үндэсний платформ бий болжээ. Энэ бол ИХ ГЭР платформ.

Гадаадад оршин суугаа Монголчуудад эх орондоо үл хөдлөх хөрөнгө, орон сууц худалдан авах боломжоор хангах, Барилгын компаниудын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн хэрэглэгч, аж ахуй нэгж хоёрыг ямар ч дундын зуучлалгүйгээр шууд холбосон үндэсний платформын талаар “Их гэр” платформыг үндэслэгч, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн, эдийн засагч Э.Мөнгөнзалаатай ярилцлаа.

“ИХ ГЭР” ПЛАТФОРМ ИРГЭН, БАЙГУУЛЛАГА ХОЁРЫГ ШУУД ХОЛБОХ ГҮҮР БАЙХ БОЛНО

-Та Австрид сурч байхдаа гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын дунд нэлээн том судалгаа хийж, тэдний хүсэлт, эрэлт хэрэгцээнд үндэслэн “Их гэр” төслийг санаачилсан гэдэг. Чухам ямар судалгаа байв?

-1990-ээд оноос өнөөг хүртэл гадаад улс орнуудад Монгол Улсын 220 мянга гаруй иргэд сурч, ажиллаж амьдарч байна. Эдгээр залуус гадаадад сурч боловсроод, ажлын туршлага хуримтлуулаад эргээд эх орондоо ирж ажиллаж амьдрах сонирхолтой байдаг. Үүнийг ч судалгаа харуулж байна. Судалгаагаар гадаад дахь иргэдийн 80 гаруй хувь нь Монголдоо үл хөдлөх хөрөнгөтэй болох, гарааны бизнесээ эхлүүлэх сонирхолтойгоо илэрхийлсэн.

Би 2016-2019 оныг дуустал гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдээс түүврийн болон анкет, асуулгын аргаар 12 мянга 560 иргэнээс “Үл хөдлөх хөрөнгө худалдан авах боломжтой иргэдийн нэгдсэн” судалгаа авсан юм. Тэд юу хүсэж байна вэ гэхээр гадаадад ажиллаж амьдарч байх хугацаандаа орон сууцаа захиалаад, төлбөрөө 2-5 жилийн хугацаанд төлөөд өөрийн гэсэн орон сууцтай болох, Монголдоо ирэх хүртэлх хугацаандаа түрээслүүлэх сонирхолтой байгаа нь харагдсан.

Гэтэл өнөөдөр гадаад дахь Монголчууд өөрийнхөө нэр дээр үл хөдлөх худалдан авах, захиалах боломж саяхныг хүртэл Монголд байхгүй байлаа.

Иймээс нэг талаас гадаад дахь Монголчуудын эрэлт, нөгөө талаас Барилгын компаниудын нийлүүлэлтийг хооронд нь уяж, ямар ч дундын зуучлалгүйгээр худалдан авагч иргэн, худалдан борлуулагч барилгын компанийг шууд холбох “Их гэр” төслийг санаачилсан юм.

-Монголдоо иргэд байр, орон сууц авахад хүндрэлтай байдаг. Гэтэл гадаад байгаа иргэдэд бүр л хүндрэл, чирэгдэл үүсэх байх?

-Таны асуусан асуултын хариу манай судалгаагаар бүрэн гарч ирсэн. Гадаадад байгаа хүмүүс хөрөнгө худалдаж авахад 5 том асуудал үүсдэг. Нэгдүгээрт: Заавал Монгол явах шаардлага үүсдэг, Хоёрдугаарт: Орлого нотлох, Гуравдугаарт: Хувь лизингт хамрагдах боломж хомс, хамтран зээлдэгч, батлан даагч шаарддаг, Дөрөвдүгээрт: Монгол дахь ар гэрийн хэн нэгний нэр дээр авах, Тавдугаарт: Визний асуудал. Монголд байгаа иргэд орон сууц авах гэж ямар их хугацаа зарцуулж, шат дамжлага дамждаг билээ дээ.

Ихэнх залуус Монгол руу ах, дүү хамаатан садандаа захиж орон сууц авахаар хөөцөлддөг. Гэтэл хүсэж байгаа байр, орон сууц, үл хөдлөх хөрөнгийг нь тэд сонгодоггүй, төлбөр мөнгийг нь бүрэн төлдөггүй, эх орондоо эргэж ирээд өмчлөлийн эрхээ шилжүүлэх гэж ах дүүсийн хооронд маргаан гарах явдал маш их байдаг. Тэр ч бүү хэл луйвардуулах тохиолдолд ч асар их байна. Нэг үгээр хэнд итгэж болохоо ч мэдэхгүй байгааг гадаад дахь иргэд илэрхийлсэн.

Гэтэл тэнд 220 мянган Монголчууд орон сууцныхаа 20-50 хувийн урьдчилгааг бэлдчихээд сууж байна. Богино хугацааны зээлээр орон сууц авах сонирхолтой. Энэ бүгдийг технологийн дэвшил, төр, хувийн хэвшлийн зохистой хамтын ажиллагаагаар бүрэн шийдэх боломжтой юм.

НАЙДВАРТАЙ, БАТАЛГААТАЙ, ЭРСДЭЛГҮЙ ПЛАТФОРМ

-Тэгвэл яаж энэ асуудлыг шийдэж байгаа вэ? “Их гэр” төсөл хэрхэн яаж явагдах вэ?

-“Их гэр” төсөл үл хөдлөх хөрөнгө борлуулалтын үндэсний платформ болно. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаатай найдвартай, баталгаатай, ямар ч эрсдэлгүй гэсэн үг. Ихэнх хүмүүс нэгээс хоёр, зарим нь гурван удаа үл хөдлөх хөрөнгө худалдан авч үр хүүхдүүддээ өвлүүлдэг. Хүний амьдралын суурь хэрэгцээ. Иргэд ямар ч эрсдэлгүйгээр баримт бичгийн ил тод байдлаар, санхүүгийн хамгийн уян хатан боломж нөхцөлөөр орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй болохыг хүсдэг. Тийм ч байх ёстой. Харин нөгөө талаас барилгын компани борлуулалтаа нэмэх сонирхолтой. Энэ хоёрын уулзах цэг нь “ИХ ГЭР” платформ юм.

-Одоо үл хөдлөх хөрөнгийн салбарт зуучлалын компани иргэн, байгууллага хоёрын дунд харилцдаг. Тэгэхээр “Их гэр” зуучлалгүй гэсэн үг үү?

-Хамгийн том онцлог бол энэ. Саяхныг хүртэл Монгол улсад 7200 үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани үйл ажиллагаа явуулж, түүнд 14 мянга гаруй зуучлагч нар ажиллаж байлаа. Монгол улсыг саарал жагсаалтад оруулахад 14-17 хувийн нөлөөллийг дангаараа үл хөдлөх хөрөнгө борлуулалтын салбар үзүүлсэн юм шүү. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд УИХ-аас холбогдох хуулийг батлан бүх үл хөдлөхийн компаниуд, зуучлагч нарыг тусгай зөвшөөрөлтэй болгосон. Санхүүгийн зохицуулах хороон дээр энэ ажил амжилттай явж байна. Салбарынхныгаа муулж байгаа юм биш. Тогтолцоо хийдэлтэй байсан гэдгийг л хэлж байгаа юм шүү. Мөн үл хөдлөх хөрөнгийн метр квадратын үнэд борлуулалтын зардал, маркетингийн зардал, хүний нөөцийн зардал, татвар, зээл, газрын төлбөр, материалын төлбөр гээд маш олон нөлөөлөх хүчин зүйлсүүд бий.

Тиймээс борлуулалтын зардал, маркетингийн зардал, хүний нөөцийн холбогдох зардлыг нь бууруулах, барилгын төсөл хэрэгжүүлэгч, хөгжүүлэгч компаниудаа дэмжих үүднээс ИХ ГЭР платформ бий болсон юм. Би барилгын салбарт 11 жил ажиллаж, судалж байна. Монголд маш сайн зуучлагч нар байгаа. Гэхдээ дийлэнхдээ зуучлал гэдэг үг утга учраа бүрэн алдсан байна шүү дээ. Хуучны ченжүүд, дамлагч нар гэдэгтээ утга нэг болчхоод байгаа юм. Гэтэл ОУ-ын жишгээр бол зуучлагч гэдэг бол хүний хэрэгцээг нээн илрүүлж, хэрэглэгчээ судлан таньж насан туршид нь үйлчилгээ үзүүлэгч нар байх ёстой байдаг. Тиймдээ ч нэр хүндтэй ажил байдаг.

Манай тогтолцоо үүнийг хараахан шийдэж чадаагүй байгаад л учир нь байгаа юм. Австри, Герман улсуудад зуучлагч нар нь тухайн барилгын төслөө ширхэг хадааснаас нь авахуулаад мэддэг төдийгүй, 10 жил, 20 жилийн дараа таны үл хөдлөх ийм үнэ цэнэтэй байна гэдгийг хот байгуулалтын ерөнхий төлөвлөлттэй нь уялдуулан судалгаа баримтаа худалдан авагчдаа хэлж ойлгуулж, хөрөнгө оруулалтыг нь хийлгэж байдаг. Тэр битгий хэл жил бүрийн голлох баяраар бэлэг хүртэл явуулж санал хүсэлтийг нь сонсож, тухайн гэр бүлийн нэг гишүүн шиг л ажилладаг. Магад суурин соёл иргэншилд хэдэн зуун жил болсны нөлөө байгаа л байх. Бид суурьшаад удаагүй гэж энийг мөрөөдөл шиг харж болохгүй юм. Харин дэвшилтэт технологи ашиглан ийм замд орох боломж байна. Тэр бүү хэл өөрийн орны онцлог, иргэдийн сэтгэл зүйд нийцүүлэн систем хөгжүүлэлт, технологийн дэвшлээр гүйцэх боломж байна.

-“Их гэр”-ийн онцлог давуу тал нь юу вэ? Хэрхэн яаж ашиглах вэ?

  • Энэ платформ бий болсноор маш олон асуудлыг цогцоор нь шийдэж байгаа юм. Гадаадад байгаа иргэд маань www.ikhger.mn үндэсний цахим сүлжээ рүү хандаад нэгдүгээрт бүртгүүлнэ. Таны мэдээллийг үнэн зөв эсэхийг төрийн мэдээллийн ХУР систем баталгаажуулна. Өөрөөр хэлбэл хуурамч хүн байх боломжгүй. Хоёрдугаарт, ИХ ГЭР платформд нэгдсэн Монголын барилгын компаниудын бүхий л төсөл, хөтөлбөртэй нэг бүрчлэн танилцаж, сонирхох боломжтой. Мөн төрийн мэдээллийн ХУР системд холбогдсон учир хуурамч компани орж ирэх ямар ч боломжгүй юм. 3-рт www.ikhger.mn-д барилгын компанийн бүхий л мэдээлэл ил тодоор байршиж байгаа. Тусгай зөвшөөрөлтэй эсэх, улсын комисс хүлээн авсан эсэх, дэд бүтэц хийгдсэн эсэх, газрын зөвшөөрөлтэй эсэх, ямар материалаар барилга баригдсан гээд бүхий л мэдээлэл нээлттэй байршсан. Бүр худалдан авах үл хөдлөх хөрөнгөө гадна, дотор талаас нь виртуалаар үзэж, яг тухайн орчинд биеэрээ очиж үзэж байгаа мэт бүхий л мэдээллийг авч болно. 4-рт Та сонирхсон байраа захиаллаа. Барилгын компани маш богино хугацаанд танд эргүүлээд хариу өгнө. 5-рт Үүний дараа гэрээ хийгдэх, нөхцөлөө тохирох зэрэг дараагийн алхам хийгдэнэ. Энэ бүх ажилбар цахимаар хийгдэнэ. Иргэд мөн өөрсдөө ямар үл хөдлөх хөрөнгө хүсэж байгаагаа системд захиалах боломжтой. Энэ нь хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үл хөдлөх хөрөнгө орж ирэхэд систем автоматаар санал болгох боломж гэсэн үг.

Мөн манай барилгын компаниудад ИХ ГЭР платформоос

Нэг. Зах зээлийн судалгаа мэдээлэл, тэр дундаа байгууллагаа ямар түвшинд явж байгаагаа харах. Хэрэглэгчийн дата мэдээлэлд тулгуурлан зорилтот хэрэглэгчдээс судалгаагаа шууд авах, холбогдох.

Хоёр. ИХ ГЭР-ийн борлуулалтын программыг удирдан өөрсдийн борлуулалтаа шууд удирдан хянах боломжийг авна. Ихэнх компаниуд excel file хөтлөөд явдаг нь нууц биш. Үүнээс болоод орон сууц давхардуулан зарах гэх мэт олон асуудал үүсдэг байсан.

Гурав. Хандалт үр дүнг компани бүр өөрийн оруулсан материал, контент, реклам, бүрээр хянах боломжтой. Аль улсаас, аль дүүргээс ямар хүмүүс танай үл хөдлөхийг сонирхоод байгааг харна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэдэн 10 саяар ТВ-д мөнгө өгч реклам цацах уу? Эсвэл хандалтын датагаа удирдан АНУ-ын Chicago-д байгаа хүмүүст маркетингаа чиглүүлэх үү гэдгээ бодно гэсэн үг. Мөн борлуулалт юун дээр гацаад байгааг харна гэх мэт.

Дөрөв. Борлуулалтын ажилчдын бүтээмжийг хянах хэсэг манайд хөгжүүлэгдэж байна. Өөрөөр хэлбэл танаас цалин авдаг ажилчид борлуулалт алдаж байна уу? Алдалгүй сайн ажиллаж байна уу? гэдгийг харна гэсэн үг. Энэ нь ажилчдын бүтээмжийг шударгаар үнэлэх боломжийг олгох юм.

Тав. ИХ ГЭР платформд нэгдсэн барилгын компаниудад BIG DATA мэдээллийн бааз үүснэ. Энэ нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төслүүдийн суурь байх юм. Хөрөнгө оруулагчдаа татах, хөрөнгө оруулалт босгоход хамгийн хэрэгтэй мэдээлэл гэсэн үг шүү дээ.

Иймдээ ч ИХ ГЭР платформ бол Монголын хамгийн анхны дундын зуучлалгүй, AI технологид суурилсан үл хөдлөх хөрөнгө борлуулалтын нэгдсэн плаформ юм.

“ИХ ГЭР”-ИЙГ ТӨР “БАТЛАН ДААНА”

-Та холбогдох төрийн бүхий л байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэсэн. Тухайлбал Төр яаж дэмжиж оролцож байна вэ?

-Энэ платформд төрийн дэмжлэг, хамтын ажиллагаа маш чухал. Би 2017 оноос хэрэгжүүлэх гэж ганцаараа маш их явсан. Бараг 20-д компани байсан байх. Нэг л ойлгож өгөхгүй зөвхөн өөртөө ашигтайгаар эргүүлчих гээд хүндхэн байсан. Ажил руу орох тусам төрийн дэмжлэг тодорхой түвшинд маш их хэрэг болж байсан. Ингээд 2019 онд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж анх платформоо танилцуулсан. Дэлхий тэр чигээрээ техник технологийн дэвшлийг ашиглаж байгаа учраас энэ дижитал шилжилт хамгийн оновчтой бөгөөд чухал хэрэгцээ юм гэдгийг онцлоод шууд дэмжихээ илэрхийлсэн. Ингээд 2019 оны тавдугаар сарын 3-нд 39-р тушаалаар “Их гэр” зорилтот төслийн ажлын хэсэг байгуулагдаж, Барилга, хот байгуулалтын яам, Хуульзүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монгол банкны төлөөлөл, удирдлагуудаас бүрдсэн ажлыг хэсэг байгуулагдсан. Ингээд ИХ ГЭР платформыг хэрэгжүүлэх боломжийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар бүрэн шийдвэрлэсэн.

ГХЯ-тай бид хамгийн ойр ажиллахаар зорьж байгаа ба хэдэн хэдэн удаагийн уулзалтуудыг хийж гадаадад суугаа бүх Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газруудтай хамтран ИХ ГЭР платформын нэгдсэн сургалтыг хийх, улмаар төсөлд хамрагдах гадаад дахь иргэдийн бичиг баримтыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэдэд нэгдсэн мэдээлэл өгөх чиглэлд хамтран ажиллаж байна. Харин ХНХЯ-тай нягт хамтран ажиллаж гадаадад дахь иргэдийн сайн дурын даатгал, хүүхэд гэр бүл, халамж зэрэг модулиудыг ИХ ГЭР платформд хөгжүүлэх чиглэлд ажиллаж байгаа. Салбарын маань гол байгууллага болох БХБЯ-тай барилгын нэгдсэн мэдээллийг иргэдэд хүргэх, 150 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг иргэдэд хүргэх чиглэлд ажиллахаас гадна, egazar.gov.mn-тэй системийн холболт хийж байна.

Хамгийн гол зүйл бол хууль эрхзүй. Тэгвэл Хууль, эрх зүйн талаас нь бүх дэмжлэгийг Хууль зүйн яам үзүүлж ямар итгэмжлэл, хуулийн хүрээнд ажиллах чиглэлд дэмжлэг үзүүлсэн. Монгол банкны зүгээс гадаад дахь иргэдийн мөнгөн гуйвуулгад хяналт тавих, мөн хамгийн бага өртгөөр хэрхэн иргэдийн мөнгийг барилгыг компани руу шууд явуулах вэ гэсэн чиглэлд зөвлөмж дэмжлэгийг өгөн хамтран ажиллаж байна.

УБЕГ-тай бид хамтран ажиллах гэрээ байгуулан улмаар Үндэсний дата төв, түүний ХУР системтэй холболт хийн иргэн аж ахуйн нэгжүүдийн холбогдох баримт бичгийн үнэн зөвийг тулгах, цаашлаад төсөлд хамрагдах иргэдийн мэдээллийг төрийн мэдээллийн сангаас авах боломжийг бий болгох чиглэлд хамтран ажиллаж байгаа юм. ХХМТГ, СЗХ-оос бодлогын дэмжлэгийг авч чадсан. Нийслэл бол хамгийн гол субъект. НЗДТГ-ын ажлын алба, Улаанбаатар хотын захирагчтай уулзалт хийн нийслэлийн зүгээс бодлого үйл ажиллагаа бүх чиглэлд ИХ ГЭР платформтой хамтран ажиллахаар шийдвэр гаран холбогдох ажлын хэсэг, систем холболтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна.

Монголоос анх удаа гадаад дахь иргэдэд зориулагдсан зээлийн багцын бүтээгдэхүүнийг ИНВЕСКОР лизинг компани гаргахаар төлөвлөж байгаа. Бид хамтран ажиллаж зарим нэг системийн холболтын ажлууд хийгдэж байна. Удахгүй маш сайхан мэдээнүүд гадаад дахь иргэдэд нэгдсэн байдлаар хүрэх болно.

Тридиум компанитай хамтран гадаад дахь иргэдийг тоон гарын үсэгжүүлэх аяныг хамтран хийхээр бэлтгэл ажил эхэлсэн. Иргэд тоон гарын үсэгтэй болсноор гадаад улсаас эх орондоо бүх төрийн төрийн үйлчилгээг цахимаар авах, гэрээ хэлцэл хийх, хадгаламж, даатгал хийлгэх гэх мэт өргөн боломж нээгдэх юм. Гэх мэтчилэн төрийн болон хувийн хэвшилтэй бүх талаар хамтран, дэмжлэг аван ажиллаж байгааг онцлохыг хүсэж байна.

Бид систем хөгжүүлэлтийн ачаалал, дэд бүтцээ тооцон эхний ээлжид гадаад улс оронд байгаа Монголчууддаа хүргэхээр ажиллаж байгаа юм. Системийн дэд бүтэц бүрэн шийдвэрлэгдсэний дараа Монголд байгаа иргэд ч хэрэглэх, 2-р зах зээл буюу хуучин орон сууцны борлуулалтыг ч систем рүү оруулах ажлыг хийнэ.

-“Их гэр” нэг ёсондоо үл хөдлөх хөрөнгийн салбарыг дижитал шилжилт рүү бүрэн нэвтрүүлжээ?

-“Их гэр” төсөл орчин үеийн дижитал технологийг бүрэн ашигласан, цогц систем. Маш сайн төлөвлөлттэй, бүхий л хэрэгцээг хангасан. Иргэдийн ч, барилгын компанийн ч. Хэрэглэгчийн дата мэдээлэл дээр суурилсан үндэсний хэмжээний үл хөдлөх хөрөнгө борлуулалтын нэгдсэн платформ ийнхүү бий болж байна гэсэн үг. Өнөөдөр техник технологи хурдацтай хөгжиж, бүхий л зүйл цахимжиж байна. Монголчууд дэлхийгээс хоцрох ёсгүй. Мөр зэрэгцэн алхах ёстой. Монгол улсын засгийн газар ч Цахим үндэстэн болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын нэг хэсгийг үл хөдлөх хөрөнгийн салбарт нэвтрүүлж чадлаа.

-“Их гэр” төслийн нээлтийг хэзээ хийх вэ?

-Анх 2016 оноос хойш тасралтгүй судалгаа хийгдсээр өнгөрсөн 2020 оны наймдугаар сараас эхлэн систем хөгжүүлэлтээ хийж эхэлсэн. Үндсэндээ зургаан сарын хугацаанд систем маань бүрэн хийгдэж дуусаж байна. Бид ирэх гуравдугаар сард “Их гэр” платформын нээлтийг албан ёсоор хийхээр төлөвлөж байна. Монгол улсын барилгын салбарын томоохон байгууллагууд манай платформ нэгдэж байна. Тэд технологийн дэвшлээр хэрхэн хурдан ажиллах, бодит үр дүнд хүрэхийг түрүүлж харж байгаад талархаж байна.

-Гадаад дахь хэдэн мянган иргэдэд боломж нөхцөлийг бүрдүүлсэн, барилгын салбарыг дижитал шилжилт рүү нэвтрүүлж буй танай хамт олон, төслийн багийнханд амжилт хүсье.

-Их баярлалаа. Үүртэй зөгий, орон гэртэй хүн заавал буцаж ирдэг, тэдний олж буй валют Монголын зах зээлд шууд эргэлтэд орно. Гадаадад байгаа Монголчуудыгаа ямар нэгэн чирэгдэл, ажил болохгүйгээр хаанаас ч эх орондоо өөрийн нэр дээр үл хөдлөхтэй болгох боломжийг бүрдүүлж чадсандаа бид баяртай байгаа. Өнөөдрийн бодит байдал шиг иргэний үнэмлэхээ канондаад, нотариатаар батлуулаад, олон шат дамжлага дамжаад, цаг хугацаа их зарцуулаад явах биш дижитал технологиор энэ бүх асуудлаа шийдэх боломжийг олгож байгаа учраас энэ платформ онцлог. Энэ платформ маань нэвтэрснээр маш олон байгууллагын үйл ажиллагаа эрүүлээр хөгжих нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. Энэ нь цаашлаад Монгол улс цахим үндэстэн болох ирээдүйн хөгжилд их чухал үр нөлөөтэй юм.

-Ярилцсанд баярлалаа. Төсөлтэй холбоотой мэдээллийг хэрхэн хаанаас авах вэ?

-Маш их баярлалаа. “Их гэр” үндэсний платформтой холбогдохыг хүсвэл www.ikhger.mn вэб хуудас болон info@ikhger.mn имэйл хаягаар холбогдох боломжтой. Мөн 80110484 утсаар бүхий л мэдээллийг нээлттэй өгч байна.

Сэтгүүлч Б.Шүрэнцэцэг

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.