Э.Бат-Үүл: Би Монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөр гэм хийгээгүй

Ардчилсан намын гишүүн, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдэгдэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Э.Бат-Үүл: “Намайг шүүх хурал хойшлогдсонтой холбоотойгоор сүүлийн үед зарим мэдээллийн хэрэгслээр гүжир гүтгэлэг агуулгатай мэдээллийг их тараах боллоо. Тухайлбал, нэр бүхий мэдээллийн хэрэгслээр шүүх хуралд услын яллагчаар оролцож буй прокурор Н.Золзаяагийн хэлсэн “Шүүх хурал хойшилж байгаа нь хардлага төрүүлж байна” гэснийг үндэслэн, Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал 12 удаа хойшилж байгаа нь МАН-ын 100 жилийн ойн өршөөлд хамрагдах гэж байгаа санаатай үйлдэл мэт олон түмэнд буруу ташаа ойлголт төрүүлэх мэдээллийг гаргаж, цахим орчинд түгээж байна.

Тухайн өдрийн шүүх хурал хойшилсон шалтгаан нь хорио цээрийн дэглэм зөрчсөн орчинд явагдах гэж байгаа тухай прокурор Н.Золзаяагийн гомдол, бусад шүүгдэгчийн хоёр өмгөөлөгч цар тахлын хорио цээрт орсон болон нэг өмгөөлөгчийн ар гэрт гэнэтийн гачигдал гарсан тул хойшилсон гэж би ойлгож байгаа. Шүүгдэгч бид аль болох цаг алдалгүй шударга ёс тогтоохыг хүсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад саад учруулаагүй. Одоо ч шүүх хурлыг хурдан хийлгэх хүсэлтэй байгаа. Миний бие нуруу хугарсан ч шүүх хуралдаа ирж оролцож байсан. Шүүгдэгч би аль болох хурдан, шүүх хуралд төвөг болохгүй оролцож ирсэн”

“Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг сонгууль дөхөх үед намайг элдэв хэрэгт холбогдуулан 30 жил гүтгэн, гүжирддэг. Айл ухдаг хулгайч, гадаадад олон хаустай, найз нөхдөө хөнөөдөг алуурчин, оффшорт нуусан хөрөнгөтэй зэрэг миний нэр дээр холбогдуулаагүй хэрэг байдаггүй юм аа. Би Монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөр гэм хийгээгүй ээ” гэлээ. 

+ There are no comments

Add yours