Шинэ Ерөнхий сайдын бухимдал

Танхимаа эмхлэн байгуулсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд өөрийн харьяа халуун цэгүүд дээр биечлэн очиж, ажилтай нь танилцан үүрэг даалгавар өгөхөөс ажлаа эхэлье гэж шийджээ. Амралтын өдрийн өглөө УОК-ын Шуурхай штаб дээр Шадар сайдын хамт очиход нь тийм ч таатай дүр зураг угтаагүй. Хамгийн гол цэг болсон тэр штабынхан халдвар хамгааллын наад захын шаардлагыг хангаагүй байсан. Амны хаалттай, хаалтгүй хэсэг нөхөд өөдөөс нь харан, тохой нийлүүлэн суухыг анзаарсан Ерөнхий сайд бухимдаж “Та нөхөд өөрсдөө иймэрхүү маягтай байж яаж бусдад шаардлага тавьж, эрүүл ахуйн дэглэм хангах билээ…” хэмээн хэлэх үгээ олж ядсан. Үзгээр ширээ тогших чимээ нь түүний бухимдал дээд цэгтээ тулсныг илтгэж байлаа.

Шуурхай штабын дарга хурандаа Ууганбаяр “Эрүүл мэндийн салбарынхан энэ байдлаараа байх юм бол асуудал бахь байдгаараа л байна” хэмээн хаяа дэрлэн байгаа эрүүл мэндийн яам, тэр салбарынхныг матаад авна лээ. Бурууг бусад руу чихэж өөрсдөө өөгүй үлдэх гэж хичээсэн иймэрхүү арчаагүй дүр зураг, ажилд хандах хандлага өнөөдөр коронагийн халдвар ингэж эмх замбараагүй тархах үндэс суурь нь болжээ гэдгийг харин олон түмэн ойлгож авсан.

 Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Та бүхнийг магтах гэж ирээгүй шүү… Хойшид хариуцлага тооцож ажиллана” хэмээн лүндэн буулгаснаар энэ уулзалт өндөрлөсөн юм. Орой нь НОК-ынхонтой уулзахаар Ерөнхий сайдыг очиход нэг ч хүн түүнийг угтан авсангүй. Урьдчилан хэлсэн хэлээгүйд гол учир байгаа юм биш л дээ. Учраа олохгүй яваа залуухан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ийнхүү эс тоож байгааг НОК-ынхны буруу гэхээсээ илүүтэй амьсгаа үл даран шогших хэдий ч ажлаа юунаас эхлэн, хэрхэн хийх төлөвлөгөөгүй яваа Засгийн тэргүүнд учир байна хэмээн харж байна. Өмнөх Засгийн газрынхаа бүх сайд нар, яам, агентлагийг хариуцаж явсан энэ эрхэмд өнөөдөр УОК болоод НОК-ын ажил цоо шинэ асуудал биш. Танилцах байсан бол тэрбээр хэдэн ч удаа очоод нэгбүрчлэн шалгаж, засч зааварлах цаг хугацаа байсан. Өнөөдөр засаг тэргүүлэнгүүтээ гадаадаас ирсэн мэт дүр зураг эсгэн клипэнд тоглож байгаа нь Л.Оюун-Эрдэнийг муухай харагдуулахад бас үл тооход хүргэж магадгүй болоод явчихлаа.

Ерөнхий сайдыг очингуут манай аль ч салбарынханд яг адилхан нэг дутагдал байгаа нь тод харагдлаа. Өөрсдөө, өөрийн нь хийж байгаа ажил их хүнд хэцүү харин өрөөл бусдын байгаа байдал амар хялбар агаад тэр байгууллага, хүмүүс бусад салбарынхан их муу байна хэмээн арьсаа хамгаалсан, өрөөл бусад руу өө бүхнийг чихсэн арчаагүй дүр зургийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч сайн анзаарна лээ. Тийм ч учраас “Хамтран ажиллах хоорондын уялдаа холбоо гэж ярихын оронд хэн нэгнийг буруутгах гээд байгаа чинь ажил урагшлахгүй байгаагийн гол шалтаг…” гэж хэлсэн. Ерөнхий сайд нь цоо шинэ ажилтай танилцах гэж бухимдуухан, нөгөө хэд нь нэгийгээ муу хэлж матсан маягтай л шинэ Засгийн газрын ажил эхэллээ дээ.

+ There are no comments

Add yours