Олны танил хүмүүсийн явуулдаг хууль бус хонжворт сугалаа

Олны танил хүмүүс, хэдэн мянган гишүүнтэй фэйсбүүк группүүд азтан шалгаруулж, эд зүйл, мөнгө, гоо сайхны бараа, гар утас, автомашин, зарим нь орон сууцаар хүртэл урамшуулдаг. Товчхондоо, сугалаанд оролцох хүмүүсээс тодорхой хэмжээний мөнгө хурааж, тэдэн дундаас азтанаар тодорсон нэгэнд хонжворыг өгдөг.

Тэгвэл энэ төрлийн хонжворт сугалаа хуульд нийцдэг эсэхийг тодрууллаа. 

Эд, мөнгөний хонжворт сугалаа явуулах үйл ажиллагааны зөвшөөрлийг Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Сангийн яамнаас олгодог байна. Ингэхдээ зохих шаардлага хангасан зөвхөн хуулийн этгээдэд зөвшөөрөл олгодог ажээ. Өөрөөр хэлбэл, хувь хүнд хонжворт сугалаа явуулах зөвшөөрөл олгодоггүй.  

Тиймээс цахим орчинд хувь хүний явуулж буй хонжворт сугалаа хууль бус гэсэн үг. 

Тэгвэл энэхүү хууль бус үйл ажиллагаанд хэн хяналт тавих ёстой вэ. Хамгийн эхэнд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн хонжворт сугалаа явуулж буй хувь хүнд ямар хариуцлага тооцдог болохыг тодрууллаа.

Цагдаагийн байгууллагаас өгсөн хариултад эд, мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулж буй иргэнд хариуцлага тооцох, таслан зогсоох хуулийн заалт байдаггүй аж. Харин иргэнээс гомдол, мэдээлэл гаргасан тохиолдолд цагдаа шалгах боломжтойг хэллээ. Гэвч энэ төрлийн хонжворт сугалаатай холбоотой гомдол бараг гардаггүй аж. 

Харин ШӨХТГ-ын хувьд сугалаанд оролцож, мөнгө хураалгаж буй иргэдийг хэрэглэгч гэж үзэх боломжгүй учир шалгалт хийж, хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл байхгүй гэв. 

Санхүүгийн зохицуулах хорооны тухайд үнэт цаас, ББСБ, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт эдлэл гэсэн зургаан үндсэн чиглэлээр хяналт тавих чиг үүрэгтэй. Тиймээс хувь хүний зохион байгуулж буй хонжворт сугалаанд хяналт тавих боломжгүй аж. 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд “төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгийн 40 хувиар тооцно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, автомашин хожсон хүн үнийн дүнгийнх нь 40 хувийг татварт төлнө гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн хуулийн этгээдийн зохион байгуулсан хонжворт сугалаанд үйлчлэх хуулийн заалт юм. 

Энэ бүхнээс харахад олны танил дуучин, жүжигчин, олон гишүүнтэй фэйсбүүк группийн админууд хуулийн цоорхой ашиглан, хариуцлага хүлээхгүйгээр хонжворт сугалаа явуулж азтан шалгаруулдаг байх нь. 

эх сурвалж Ikon.mn

+ There are no comments

Add yours