Эрдэнэтийн захирал хэн бэ

Монголын эдийн засгийг  уул уурхайн салбаргүйгээр төсөөлөх боломжгүй. Экспортын 80 гаруй, импортын 60-70 орчим хувийг  энэ салбар дангаараа үүрдэг гэхээр юу ч хэлэх билээ.  Салбар нь аугаа тул эргэлдэх хөрөнгийн хэмжээ нь ч тэр бумаар яригддаг. Зарлагын тухайд  яриад ч хэрэггүй, тэрбум ам.доллароор хэмжигддэг юм гэсэн. Нөгөөтэйгүүр, ДНБ-ий өсөлт бууралт баялгийн олборлолтоос шалтгаалан  савлаж,   тэр нь бидний амьдралд нөлөөлөх нь бий. Энэ бол эгэл ардын төсөөлөл. Харин улстөрчид  өөрөөр харсаар иржээ. Шулуухан хэлье, саалийн үнээ маягаар.  Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа сонгууль явуулж, таван Ерөнхийлөгчийн нүүр үзэж буй.  Найм дахь  ирэх зун тодорно.    Анхны ерөнхийлөгч  П.Очирбат 1993 онд сонгогдсон бол хоёр дахь нь Н.Багабанди   1997 ба 2001 онд,  2005 онд Н.Энхбаяр, 2000 ба 2013 онд Ц.Элбэгдорж, 2017 онд Х.Баттулга нар сонгогдож.  Энэ бүхнийг дурдсан шалтгаан нь үе үеийн Ерөнхийлөгч нар, тодруулбал долоо дахь нөхрөөс  бусад нь эдийн засгийн хувьд бяд суух газрыг   Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр хэмээн үзэж,  ямагт өөрийн халаасанд байлгасаар ирсэн байх юм.  Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди  энэ замналыг суурийг тавьж, тэр цагаас  хойш шинэ цагийн ноёд  эл үйлдвэрийг үеийн үед онилох болсон.  Үйлдвэрийн буянаар бяд суусан Н.Багабанди ерөнхийлөгч Оюутолгойг ч хэсэг хугацаанд “өөрийнх” байлгаж чадсан. Тэр Оюу толгойн төслийг эхэлж байхад   буюу 2010-2012 онд Монголын талын 34 хувийг төлөөлж, ТУЗ-ийн гишүүнээр ажилласан байдаг. Дараа нь АН-ын ЗГ байгуулагдахад чөлөөлөгдөж, дөрвөн жил завсарласан ч 2016 оны сонгуульд МАН ялснаар тэрбээр буцан ирж, дахин Оюутолгойн ТУЗ-ийн гишүнээр томилогдохдо ганцаараа бус Монголын зэсийн бизнесийг, зэсийн гэрээнд нөлөөллөө тогтоохоор хоёулаа ирсэн гэдэг. 

Ингэснээр Н.Багабанди өөрөө Монголын зэсийн хамгийн том төслийн ТУЗ-д ажиллана, дээр нь өөрийн итгэлт хүнээ “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилуулна гэж зүтгэсэн, чадсан. Ингэхдээ Х.Бадамсүрэнг “Эрдэнэт”-ийн захирлаар томилуулах гэж  тухайн үеийн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон УИХ-ын дарга М.Энхболдоос гуйсан гэж сонсогддог. Дараа нь засаг солигдож шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоход Эрдэнэтийн захирал солигдох нь гарцаагүй болж, тэр бүү хэл У.Хүрэлсүхийн “итгэлт хүн” Х.Хэрлэнг томилох яриа улс төрийн хүрээнд хүчээ авсан үед Н.Багабанди Ерөнхий сайдтай очиж уулзсанаар Х.Хэрлэнг Ашигт малталын хэрэг эрхлэх газрын даргаар томилж, Х.Бадамсүрэн суудалтайгаа үлдсэн  гэлцдэг.  

Харин Х.Бадамсүрэн нь үйлдвэрийнхээ “Стандарт банктай холбоотой өрийг шийдэж чадаагүй, улс төрийн сэдэв болгосон, мөн тус үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахад идэвхтэй дэмжлэг үзүүлэхийн оронд харин ч нөгөө талтайгаа хуйвалдсан, өндөр цалингийнхаа хажуугаар 180 гаруй сая ам.доллараар тавилга авьсан зэрэг … дуулианд автаж, түүнийг өөрчлөх саналыг улстөрчдөөс тавьж, сая “Эрдэнэт”-ийг ТӨҮГ болгоход “боломж гарлаа” гэж  улс төрийн хүрээнийхэн шивэгнэлдэж байсан ч “Х.Бадамсүрэнд хариуцлага тооцож, түүнийг үйлдвэрийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгүүлсэн” ч удалгүй дахин томилсон нь бас л Н.Багабандийн нөлөө байсан гэдэг.

Ийм нэгэн нөлөө нь дуусдаггүй нөхөр МАН-д байгаа нөхцөлд Эрдэнэт гэх саалийн үнээний фермийн захирлын томилгоо улс төрийн бүлгүүдийн “шүлсийг гоожуулж” араанд зуугдсаар өнөөдрийг хүрэв. Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөртөл Эрдэнэтт үйлдвэрийн захирлын томилгооны асуудал хөндөгдөхгүй гэж байсан ч улс төр үймсэн энэ үед энэ асуудал дахин сөхөгдөж, түүгээр зогсохгүй “захирал болох” гэсэн хүмүүсийн анкет намын даргын ширээн дээр овоорох болсон гэнэ.

У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайдын албан тушаалаас буусан, магадгүй намын даргын албаа ч өгч магадгүй байдалд орсон энэ үед Эрдэнэт хэмээх их хөрөнгийн урсгалыг барих хамгийн чухал алхам бол “өөрийн хүнээ” амжиж томилох хамгийн чухал ч байж мэднэ. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл түр орхисон энэ томилгоо өнөөдөр ийнхүү өндөр авч байгаа бололтой.

Харин шинэ Засгийн газрын Шадар сайдад эрчтэйхэн нэр нь яригдаж байгаад сүүлийн хоёр өдөр чимээгүй байдалд орж, тэр бүү хэл “албан тушаал надад хэрэггүй гээд утсаа салгаад алга болсон гэнэ” хэмээх шуум хаян сошиалыг ажиглаж суугаа Ж.Энхбаярын холын биш ойрын бодолд Эрдэнэтийн захирал болох амбиц маш их байгаа сурагтай.  Тэр утгаараа энэ эгзэгтэй үед хагас жилээс илүү гарахгүй байж мэдэх Засгийн газарт сайдаар очиж байхаар хол ирээдүйгээ бодоод Эрдэнэтийн захирлаар очих түүний хувьд маш чухал момент учир алдахыг хүсээгүйдээ, намын дарга нарын шахалтаас холдож, Сэлэнгийн фермдээ нуугдсан гэхэд бодит байдлаас холдсон дүгнэлт биш болох нь.

Сүүлийн үед Эрдэнэтэд хамгийн суурин сууж, намын бүхий л бодлогыг Эрдэнэтэд хэрэгжүүлж байгаа хэмээгдэх Ц.Бат-Энхийн хүсэл мөрөөдөл нь мөн л Эрдэнэт үйлдвэрийн захирал болох. Наанаа инээж, цаанаа уйлах шахам хөөцөлдөж байгаа түүний хувьд намаас түлхэх түлхээс дутаж байгаагаас гадна намын нөхөд нь ил дэмжиж, далд дугтарч байгаа учир мөрөөдөл нь бүтэхгүй тал руугаа орчихдог гэмтэй. Гэвч түүний мөрөөдөл зогсохгүй хойно энэ эгзэгтэй үед өөрийн нэрийг дээш шидэж, дарга болохыг хүсэгчдийн сунгаанд нэрээ шигтгэчихээд эгээ л “тарваганы хүн сахих анчин” шиг сэлбэлзэж суугаа гэдэг.

О.Одбаярыг монголчууд мэдэх болоод удаагүй. МАН-ын нөлөө бүхий ахмад гишүүдийн нэг, Одонгоо агсны хүү Одбаярын хувьд сүүлийн үед “хонины сүүл” үмхдэг азтай залуу гишүүдийн нэг болоод буй гэдэг. Эрдэнэс Монгол компанийн дэд захирлын албан тушаал хэн хүний оччихдог “зөөлөн боов” биш хэдий ч түүний хувьд энэ суудал арай жулдсан юм болов уу даа, ямартай ч Эрдэнэт үйлдвэрийн захирлын албан тушаалд горилогчдын дунд өргөдөл нь яваа гэнэ. Томыг бодож, томыг шүүрдэг “намчин” татаас байхад нэгийг бодож, хоёрыг тунгаасан болоод л энэ албан тушаалыг цээжиндээ багтааж зүтгэж яваа бизээ.

 Түүнчлэн ноёдын зодоон дундуур Оргилын Ганбаатар гэх эрхэм гишүүн үсчин орж ирж байгаа гэх сураг чих дэлсэх болсон. Мэдээжийн хэрэг өөрөө биш, гарынхаа хүнийг  байх л даа. 

Энэ удаагийн сунгаанд нэгэн “содон өнгө” орж ирсэн нь тагнуулаас гаралтай  н.Гантулга гэгчийн нэр дуулдах болж. Эцэг МАН-ын нөлөө бүхий генерал гэнэ лээ гэхээс өөр нарийн мэдээлэл байхгүй ч Гантулга гэгч эрхмийг Эрдэнэтийн захиралд нэрээ дэвшүүлэх хүртэл нөлөөлж чадсан хүн бол мэдээж У.Хүрэлсүх. Том албан тушаал, эрх мэдэл байхад “түүний хүн” болохыг хүсэгчид хаа сайгүй. Магадгүй  түүний хувьд  Эрдэнэтийн захирлын сэнтийг мөрөөдөж суугааг бодоход энэ чиглэлд ганцхан улс төрчид, улс төрийн намынхан анхаарлаа хандуулдаггүйг батлаад байгаа юм даа…

+ There are no comments

Add yours