Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 9-нд зохион байгуулна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2021.01.19)-ийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн тус тус хэлэлцэж баталлаа. Тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

СЕХ-ноос боловсруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-ний Лхагва гаригт товлох саналыг тусгасан байна.

Уг саналыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Сонгуулийн техник хэрэгсэлд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж ашиглах юм байна.

Түүнчлэн УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамт явуулах УИХ-ын тогтоолыг баталсан. Энэ хоёр сонгуулийг тусад нь зохион байгуулбал нэг тэрбум төгрөг зарцуулна. Харин хамтад нь зохион байгуулбал 100 орчим сая төгрөг зарцуулна гэсэн тооцоолол гарчээ.

+ There are no comments

Add yours