Ж.Эрдэнэбат нарт ял оноосон өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаажээ

Ж.Эрдэнэбат нарт ял оноосон өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаажээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.

Ингээд шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эргэн сануулбал,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С. Мандахбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.

Харин Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан байна.

Б.Отгонбаатарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж, хамтран оролцсон гэм буруутайд, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих, Д.Түвшинжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих, Д.Ганбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял тус тус оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулж, Д.Түвшинжаргалд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих, Д.Ганбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн юм.

Эх сурвалж: Улсын дээд шүүх

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.