Цагаан хадны бараан амьдрал

Алаг тармагхан цастай өмнийн цэнхэр говь налайж угтах их холын замд айлын бараатай томоохон суурин бараантах нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумын нутагт орших Цагаан хад аж. Анх үүсэн байгуулагдахаас өнөөдрийг хүртэл үе үехэн энэ сууринд ирж байсан учир өдрөөс өдөрт улам л томорч байгаа энэхэн суурьшлын бүсд ямархуу амьдрал буцалдагийг мэдэхдээ мэдэж, мэдэхгүйгээ мэдэхгүй өнгөрүүлсэн миний хувьд энэ удаа арай өөр “урилга”-аар ирж таарав.

“Сэтгүүлчид та нар худалдагддаг. Худалдагдаагүй юм бол ирээд үз, нэр зураг авч “матарлаад” байлгүй бидэнтэй ярилцаж, бодит амьдрал, жинхэнэ үнэн гэдгийг сурвалжлаад өг. Төрийн нэр барьсан гаалийн байцаагчид хэрхэн “галзуурч” байгааг гаргаад тэр бичдэг юмаараа төр засагт хүргээд өг. Чи чадна биз дээ, эсвэл хүсэхгүй юу…” гэх мэтээр мэссэж, утасны дуудлагын дараа “нээрээ ч очоод үзий” гэдэг бодол төрөөд гараад давхичихсан хэрэг л дээ… Ийм нэгэн сурвалжлагаа эрхэм уншигчиддаа хүргэе.

Цагаан хад…

Монголын маань үзэсгэлэнт нутагт Өмнөговийн Цогтцэций, Ханбогдын нутаг Цагаан хаданд амьдрал ёстой л буцалж байна лээ. Газар тэнгэр нийлүүлтэл боссон их шороон түйрэнгийн хөлд нэвсийж бараантах жижигхээн суурин Цагаан хад нэг үеэ бодвол овоо тэлсэн харагдана. Цагийн цагт л анхаарал татаж байдаг Цагаан хадны нүүрс тээврийн жолооч нарын асуудал нэг хурцдаж, нэг намдаг учир тэр хэмжээгээр монголчууд мэдээлэлтэй, би ч ялгаагүй. Ийм учраас мэдэх атлаа мэдэхгүй, мэдэхгүй атлаа мэдэх энэ л суурингийн амьдралыг сурвалжлахаар ирсэн учир жолооч нартай ихэвчлэн уулзахаар шийдсэн юм.

Хятад, Монголын хилийн зурваст оршиж, нүүрс хэмээх хар алтны урсгалын гол тэнхлэг болсон энэ сууринд өнөөдрийн байдлаар 15 мянга орчим жолооч нар ажиллаж, амьдарч байгаа гэнэ. Харин 110 компанид нүүрс тээвэрлэлтийн жолооч нар хамаарна. Эдгээр компаниудад бүртгэлтэй жолооч нар нь монголчууд хэдий ч жинхэнэ эзэд нь хятад хүмүүс. Компанийн байршил Улаанбаатар хотод тэр дундаа Хан-Уул дүүрэгт орших өндөр түрээстэй оффисуудад байрладаг нь сонин санагдаж байлаа…

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Авто тээврийн үндэсний төв байрладаг. Уг төвийг бараадсан үнэтэй оффиссуудад байрлах эдгээр компаниудын гол ачааг нугалж, “мөнгө бороо оруулагчид” нь монгол жолооч нар. Тэд хотоос 800 гаруй километрт орших Цагаан хаданд хилээр гаргаж байгаа нүүрс шигээ харагдах шахам зүтгэнэ. Харин тэдний энэ зүтгэл Улаанбаатар хотод байрлах үнэтэй оффисуудын түрээсийг төлж, АТҮТ гэх төрийн том данхар байгууллагад ажиллаж буй цөөнгүй хүмүүсийн халаасыг түнтийлгэж, амьдралыг нь сайжруулдаг нь нууц биш болжээ, хэдийнэ…

Нүд шүд нь гялалзсан 15 мянган жолоочийн хувьд 65-70 тоннын хүнд даацын машинаар хоёр улсын хилийн хооронд тээвэр хийж нэг рейсээсээ 600.000-1.500.000 төгрөгийн цалинтай ажилладаг юм байна. Үнэндээ хилээр нүүрс тээвэрлэдэг машинуудын эзэд хувь хүмүүс, ялангуяа уг машиныг жолоодож байгаа хүмүүс байх хэдий ч “хувь хүний тээвэрлэлтийг хоёр улсын хамтын ажиллагаанд зөвшөөрөгдөөгүй учир жолооч заавал аль нэг компанийн нэр дээр бүртгэгддэг” юм байна. Миний хувьд энэ бол “нугалаа” санагдсан, харин энд маш сайн мөрдөгддөг “нугалаа”-ны ард ямар хүмүүсийн данс руу мөнгө урсаж байдгийг мэдэх нэг нь мэдэж, мэдэхгүй бусад нь анзаардаг ч үгүй бололтой. Мэдээж машинаа, жолоочтойгоо тухайн компанид бүртгүүлж байгаа учир татаас төлөх нь ойлгомжтой. Харин жолооч нар энэ татаасыг төлөх ёстой гэдгээ маш сайн ойлгодог, хэл ам ч хийдэггүй нь анзаарагдсан.

No description available.

Цагаан хаданд төрийн олон алба үйл ажиллагаа эрхэлж байгаа ч хамгийн эрх мэдэлтэй  нь Гааль болон Автотээврийн үндэсний төвийн байцаагчид аж. Энэ хэрээрээ гаалийн болон авто тээврийн байцаагч нарын “нугалаа” ил цагаандаа гарсан ч хэн ч тоохгүй, анзаарахгүй. Ийм зүйл байж л байсан, цаашдаа ч байж л байх биз гэсэн хандлагаар ханддаг нь илт.  Цагдаа, мэргэжлийн хяналтынхан мэдсэн ч мэдээгүй царайлна. Арга ч үгүй, тэдний дээд дарга нар нь саяын эрх мэдэлтэй хүмүүстэй хамтарч нягт ажиллана. Иймээс мянга шударга ажиллаад эргээд “нухуулна” уу гэхээс илүү сайн зүйл хүртэхгүй гэнэ. Энэ утгаараа энд цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нар тогтож ажиллах нь тааруухан. Мөн эрх мэдэл нь ч хязгаарлагдмал. Нөгөө талаараа энд ажиллаж байгаа жолооч нартай хамгийн ойр ажиллаж, бас хамгийн шударга ажилладаг нь гэхэд ч хэтрүүлсэн болохгүй.

Энд гаалийн нэг байцаагч 4-5 машинтай байх нь ердийн үзэгдэл. Үүнд Авто тээврийн тээврийн үндэсний төвийн хэлхээ холбоо маш чухал. “Манай машин байгаа шүү хө, болно биз дээ…” ийм л ярианы ид шидийг ярьж байгаа хоёр л мэдэх хэдий ч сонссон хүмүүс нь анзаарахгүй байгаа мэт өнгөрүүлдэг. Амьдарлаа залгуулж байгаа машинаа хураалгахгүй шиг, шатаалгачихгүй шиг, эвдрэлгүй шиг, дугаарлалтаасаа хасагдчихгүй шиг хилээр давж, эргэж байвал л болох учир жолооч нарын хувьд өвөр зуураа бухимдахаас цааш үл хэтрэх. Дашрамд дурдахад энд тээвэрт явж байгаа машинуудын хувьд хамгийн хуучин нь 80.000.000-100.000.000 төгрөгийн үнэтэй. Он залуу, шинэ машинууд бол 300.000.000 хүрнэ. Ийм машинуудыг гаалийнхан болон авто тээврийнхэн л “эзэмшинэ”. Гэхдээ тэдний эзэмшил гэж хүмүүс мэдэхээс цаасан дээрх бүртгэлээс мянга хайгаад хамаарал олдохгүй гэнэ. Учир нь төрийн нэрийн өмнөөс алба хашиж байгаа энэ хүмүүсийн хувьд давуу талаа ашиглаж, амьжиргаандаа “нэмэр” болгож байгаа нь хууль бус үйлдэл биш ч хууль ёсны ажил биш учир аливаа нэг шалгалт, үзлэг, хэл амнаас хол байлгахын тулд “төөрдөг байшин” шиг “утас хөврүүлж” байгаад тэд эзэмшилээ хамгаалчихаа маш сайн мэднэ.

НҮҮРС ТЭЭВРИЙН "С" ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЛОО - Зам,  тээврийн хөгжлийн яам

Цагаан хаданд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Цагаан хад дахь гэрээт цагдаагийн тасаг, гурван  уурхайн удирдлага, тээврийн компаниуд ажилладаг. Цагаан хаданд Гаалийн хяналтын бүсүүд, НАБТ, Тайван зогсоол зэрэг анхаарал татсан обьектүүд цөөнгүй. Цагаан хаданд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг дугаарлалтын дагуу хилээр нэвтрүүлэх ба жолооч нарыг амраах, аюулгүй байдлыг тээврийн компаниуд хариуцан ажилладаг бөгөөд бидний харсанаар хилээр нэвтрэхээр эгнэх машинуудыг хамгийн эмх цэгцэнд оруулсан нь уг цогцолбор байсныг дурдах хэрэгтэй байх.

Авто тээврийн үндэсний төвийн байцаагчдын “нугалаа”

Энэ бол төрийн үйлчилгээг хүргэж байгаа төрийн байгууллага. Энэ хэрээрээ хүнд суртал, бичигдээгүй дүрэм ихтэй жинхэнэ “толгойн өвчин” гэдгийг жолооч нар ам уралдан өгүүлсэн. Учир нь АТҮТ-ийн зүгээс жолооч нарт гаргадаг олон хүнд сурталын нэг нь С зөвшөөрөл нь улиралд нэг удаа гарна. Жилд дөрвөнтөө гарах энэ С зөвшөөрлийн “ид шид” хятадын хилээр гарах жолооч нарт лав үйлчилдэггүйг тэд ам булаалдан өгүүлсэн.

Мөн жилд нэг удаа бүх жолооч нарт мэргэшсэн жолоочийн үнэмлэх гэгчийг гаргаж өгнө. 70-110 тоннын ачаа тээвэрлэж яваа жолооч нарын хувьд мэргэшээгүй хүн жолоо барих үнэхээр бэрхтэй. Тиймээс жил бүр энд ажиллаж байгаа жолооч нараас шалгалт авч, төлбөр төлж баталгаажуулдаг “мэргэшсэн жолооч”-ийн үнэмлэх жижигхэн нугалаанаас их мөнгө “цохьсон” үйлчилгээ гэж үздэгээ жолооч нар бүгд өгүүлж, дургүйцэж байсан.

Дашрамд дурдахад, С зөвшөөрлийн үндсэн үнэ 15 мянган төгрөг гэлцэх ч Улаанбаатар хотоос тодруулбал, АТҮТ-өөс Цагаан хаданд байгаа жолооч нарт хүрэхдээ 150.000-200.000 төгрөг болж байж гарт нь очдог нь хэдийнэ нууц биш болсон гэнэ. Харин энэ мэргэшсэн жолооч, С зөвшөөрлийн хэрэг хэзээ хаана гардагийг мэдэж, тайлбарлах жолооч байсангүй ч Монгол, Хятадын хил дээр тэр дундаа хятадын талд энэ огт хамааралгүй зүйл байдгийг жолооч нар бүгд хэлж байлаа.

Хаягдсан балгас болсон “Цагаан хад” сууринг хөгжүүлэх үү, хөсөр хаях уу? »  Nutag.mn

Эдгээрээс гадна,  НАБТ буюу нүүрс ачиж, буулгах талбайд нэг тонн нүүрсийг 8.000-9.000 төгрөгөөр тооцож пүүлнэ. 65-70 тонн нэг машинд ачдаг гэхэд нэг машины жолооч энэ талбайгаас нүүрсээ ачаад гарахдаа 520.000-630.000 төгрөг зөвхөн пүүлүүлэхдээ төлнө. Мөн очёргүй ачуулахын тулд ковшийн жолоочид 20.000 төгрөг, талбайн манаачид мөн 10.000 төгрөг төлнө. Ингэснээр 550.000-660.000 төгрөгийн зардал гаргаж байж арай гэж машиндаа нүүрсээ ачуулна. НАБТ-ыг анх дотооддоо мөнгө үлдээнэ хэмээн байгуулсан ч эдүгээ Монгол компаниуд ашиг олдог бас нэгэн нугалааг бий болгосноос цааш гараагүй гэнэ.

Гаалийн байцаагчдын “мөнгө угаалт”

Хилээр гарахын өмнө нүүрсээ ачуулсан жолооч нарын дараагийн даваа нь гаалийн байцаагчаар лац даруулах. Мэдээж төлбөртэй дарагддаг энэ уг лац нь тус нүүрс тээвэрлэсэн машин нь ямар нэгэн хууль бус бараа бүтээгдэхүүн буюу “цэнэг” тээвэрлээгүй гэсэн баталгаа болгож Монголын гаалийн байгууллагаас дардаг аж.

Цагаан хад дахь гаалийн боомтод дугаарлаж байсан жолооч амиа алджээ -  Eguur.MN

Харин уг лацыг жолооч нарт төлбөртэйгээр тараахаас яг харж лацаддаг байцаагч бараг байхгүй, ёс төдий үйлдэл болсон гэнэ. Гэтэл энэ хайхрамжгүй үйлдлийн улмаас аль нэгэн машинд хууль бус бараа тээвэрлэгдэн хилээр гарч байгаад хятадын гааль дээр баригдвал тухайн өдөр хилээр гарах байсан зөвшөөрөлтэй 800 машин тэр чигээрээ нам зогсолтод орно. Нэг бүрчлэн машиныг шалгах ажлыг эхлүүлсэн хятадын гаалийн байцаагчдын хараа хяналтанд бөнжигнөх монгол жолооч нараас тухайн өдөр нь түүнээс хойших гурван хоногт хоногт 300 машин хилээр давбал дээдийн заяа болдог гэх. Ингэх юм бол тэр өндөр үнээр тараагддаг ЛАЦ хэнд хэрэгтэй юм бэ гэсэн асуулт гарч байсан ч мөн л хариулах албан тушаалтан олдсонгүй.

Үнэндээ ийм асуудал гардаг учир Цагаан хадны жолооч нар одоогоор түр үйл ажиллагаа нь зогссон Тайван зогсоолыг ажиллуулахыг шаардаж байгаагаа илэрхийлж байв. Учир нь энэ зогсоолд байршсан машины жолооч нарт төрийн нэрээр ажиллаж байгаа алба хаагчдын зүгээс үзүүлдэг дарамт байдаггүй давуу талтай гэнэ. Мөн хэдийгээр машиндаа сахиж хонож байгаа ч хамгийн ихээр эрсдэл болдог ачаатай машины завсраар шургуулагдчихдаг “цэнэг” буюу хууль бус бараа ачигдах магадлал огт байхгүй. 24 цагийн харуул хамгаалалттай бүсэд амар тайван байдаг гэдэг утгаараа жолооч нарын хувьд уг зогсоолыг ажиллуулахыг шаардаж байсан юм.

Уртын болон богинын тээвэр…

Цогтцэцийн нүүрсний гурван уурхайгаас ачигдсан нүүрснүүд буудаг талбайг НАБТ гэж нэрлэдэг аж. Энд 29 аж ахуйн нэгж байдаг ч байнгын ажиллагаатай нь 22 гэнэ. Эдгээр талбай дээр уртын рейс буюу 210 орчим км яваад буулгадаг нүүрс түр байршуулдаг газар. Эндээс богинын рейсийн жолооч нар нүүрсээ ачиж хил гаргадаг. Ойролцоогоор 8-22 километр яваад хил гарна. Ингэхэд заавал энэ талбай дээр нүүрс буулгаж,  эргүүлж ачих шалтгаан юу байв. Хилээр нүүрс гаргаж, амьдарлаа залгуулдаг жолооч нарын хувьд маш ядаргаатай мэт харагдах энэ ажиллагаа юунаас үүдэв гэсэн асуултад “нүүрс тээвэрлэлтийн машинуудын хилээр гарах очер 140-150 болж хэдэн арван километр газарт үргэлжилдэг. Үүнээс болж жолооч нарын дунд бухимдал үүсч, санаатай, санаагүй гэмт хэрэг гарах нөхцөл бүрэлдэх болсон. Тиймээс энэ очер дугаарыг саармагжуулахаар НАБТ буюу нүүрс ачиж буулгах талбайг бий болгосноор зуу гаруй километр үргэлжилдэг жолооч нарын очерлолт багассан. Учир нь нэг хэсэг нь дугаарлаж байхад, нөгөө хэсэг нь талбайгаас нүүрсээ ачиж байна, мөн нөгөө хэсэг нь нүүрсээ ачихаар хүлээнэ, бас нэг хэсэг нь уурхай дээр явж байхад нөгөө хэсэг нь зам дээр явж байна… гэх мэтээр хилээр гарах гэж зуу гаруй километр үргэлжилдэг очерын ачаалал багассан гэдэг тайлбарыг өгч байлаа.

Өнөөдрийн байдлаар засмал болон шороон замаар 15 мянган жолооч Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэж, хятад, монголын хил дээр ажиллаж, амьдарч байна. Засмал замаар давхар чиргүүлтэй машинууд явдаг бол шороон замаар дан чиргүүлтэй машинууд явдаг юм байна. Харин даац тооцохгүйгээр олгоддог уг С зөвшөөрлийг 6900 жолоочид олгосон ч 60 хувь нь өнөөдөр зөвшөөрлийн боломжоо ашиглаж байгаа гэх.

Үнэндээ дэндүү их хувийн ашиг сонирхол ажилладаг энд хамгийн томоор ноёрхолоо бий болгосон гаалийн байцаагчид бол амьдралаа залгуулж яваа жирийн монголчуудаа “мөлжиж” байгаа нь хамгийн том гамшиг. Ингэхэд Монгол Улсад толгой байгаа, холын тэртээ говьд даруулгагүй аашилж байгаа төрийн албан хаагчдад үйл ажиллагааны хяналт тавихгүй бол мэрийж, чардайж ажилласанаар улсынхаа төсвийн томоохон хэсгийг бүрдүүлэгч нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа тасалдахад хүрэх эрсдэлтэй.

Харин даравч дардайж, булавч бултайна гэгчээр төрийн нэр барьж хөрөнгөө зузаатгагч төрийн зарим албан хаагчдад төр хатуу нүүрээ харуулж, хариуцлага тооцохгүй бол олон хавар нэгэндээ гэх эмзэглэл төрж байсныг нуух юун. Магадгүй, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд нар одоо л хятад  монголын хил дээрх буйдхан энэ сууринд үүсээд байгаа асуудалд анхаарлаа хандуулахгүй бол асуудал хүндэрсээр 15 мянган жолоочийн эрх ашиг дэндүү ихээр хохирчих вий гэсэн бодол төрж байлаа… Үргэлжлэл бий…

No description available.

Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours