Үнэт биш үнэт эдлэлийн “нууц”

Үнэт биш үнэт эдлэлийн “нууц”

Монголчууд хэрэг хуучирдаггүй гэж ярьдаг. Түүнчлэн зарим хэрэг цагийг элээх тусам шинэхэн мэт хүндрэх нь ч бий… Ийм нэгэн хэргийн талаар нэрээ нууцалсан эх сурвалжаас өгсөн мэдээллийг уншигчиддаа хүргэж байна. Гандантэгчинлэн хийдээс Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалуулсан их хэмжээний үнэт эдлэл ор сураггүй алга болсон хугацаа тодорхойгүй ч найман авдар үнэт эдлэл байсан нь одоо алга хэмээсэн аймшигтай мэдээлэл учир мэдэх хүмүүсийг цочроосон нь 2011 он байв.

Ямартай ч Гандантэгчинлэн хийдийн удирдлагууд 1971-1983 оны үед алт мөнгөөр урласан бурхад, шашин номын үнэт судрууд, эд хэрэглэлийг Монгол Банкны Эрдэнэсийн санд хадгалуулж байсан гэнэ. Ийнхүү хадгалуулсан эд өлгийн дотор өндөр хэргим,цолтой хувраг, хутагт, хувилгаад болон наймдугаар Богд Жавзундамба, Эх дагина Дондогдулам нарын хөөрөг, Эх дагинын гоёлын зүүлт зэрэг үнэ тогтоох боломжгүй үнэтэй, ховор нандин зүйлс байсан аж…

Энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд багагүй бичиж, ихээхэн дуулиан тарьж байсан ч тухайн үед хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, хэрэгсэхгүй болгосон. Үүнийг ч тухайн үеийн прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгох хангалттай баримт тогтоогдсон гэж үзэж, хуулиар олгогдсон эрх  мэдлээрээ тогтоолоо гаргаж баталсан байдаг.

Тэгвэл 19 жилийн өмнө ийнхүү шийдвэрлэгдэж байсан хэрэг өнөөдөр эргэн сөхөгдөж, учир битүүлэг зүйлүүд цахим орчинд яригдах болсон нь даравч дардайж, булавч бултайж байгаа хэрэг биш гэж үү. Хэрэг илчлэгдсэн тухайн үед нэг биш лам, хуварга, “Эрдэнэсийн сангаас Д.Чойжамц хамба үнэт эдлэлүүдийг дураараа гаргаж, хувьдаа завшсан…” хэмээн мэдэгдэж, түүнийг энэ хэргийг ганцаараа хийгээгүй, тухайн үеийн жасыг хариуцаж байсан орхимж нөмөрсөн олон лам нар “хамжигч”-аар яригдаж, шалгагдаж байсан нь өнөөдөр хаасан хавтаст хэрэгт хувь хувийнхаа нууцыг хадгалан үлдсэн ч тоос хүртэл тэднээс хулжих мэт буухгүй нэвсийх нь нэгийг өгүүлж буй мэт…

Нэгэн зүйл, Эрдэнэсийн санд хадгалагдаж байсан найман төмөр авдарт хадгалуулсан үнэт эдлэлүүдийн хувь тавиланд олон бүрхэг зүйл бий. Тухайлбал, 1984 онд, хамгийн сүүлд Гандан хийдээс Улсын фондод алт, мөнгийг хандивлан шилжүүлсэн тухайгаа албан бичгээр илгээсэн байдаг. Энэ үед тус хийдийн хамба лам Х.Гаадан, дэд хамба Ч.Дамбажав, цорж лам Г.Осор, даамал Р.Цэвээндорж, нарийн бичгийн дарга Л.Загджав нар ажиллаж байсан бөгөөд тэдний гарын үсэг энэхүү үнэт эдлэлийг шилжүүлсэн албан бичгийг баталж зурсан байв.

Уг бичигт, Гандан хийдээс Улсын банкны ерөнхий хорооны үнэт зүйлс, улсын фондод хадгалж байгаа алт, мөнгө ба алт, мөнгөн эдлэлээс улсад хандивлан шилжүүлэх асуудлыг хэлэлцээд, цэвэр алт, мөнгө ба алт, мөнгөн эдлэл хэрэглэлээс дөрвөн килограмм 727 грамм бурханы хэрэгсэлийг Гандангийн мэдэлд үлдээжээ.

Харин “нэг килограмм 837 грамм 230 миллграмм алт, 391 килограмм 605 грамм мөнгө ба мөнгөн эдлэл, эхнэр хүний толгойны 419 шигтгээтэй боолт найм, 116 шигтгээтэй боолт нэг, 765 шигтгээтэй боолт хоёр шигтгээгүй цулгуй боолт 13,буюу нийт 24 ширхэг, эдгээрийн нийлбэр жин нь 20 килограмм 410 грамм толгойны боолтыг улсын үнэт зүйлийн фондод нэмэр хандив болгон шилжүүлсүгэй” гэсэн байв.

Дашрамд дурдахад, ийнхүү шилжүүлсэн үнэт эдлэлүүдийг хоёроос гурван хэсэгт ялгасан байдаг бөгөөд үүнд, эдэлж хэрэглэх боломжгүй үнэт эдлэл, биет хэвээр хадгалах үнэт эдлэл, нэн ховор үнэт эдлэл хэмээн ялгасан бөгөөд тухайн үеийн ханшаар тооцон улсын орлогод тооцож хүлээлгэн өгсөн байдаг. Эндээс харахад Гандан хийдээс шилжүүлсэн үнэт эд зүйлсээс нэлээдгүй нь Монгол Банкны Эрдэнэсийн сангийн өмчид бүртгүүлсэн ингэснээр Эрдэнэсийн санд хадгалуулсан найман авдар үнэт эдлэлийн дийлэнх нь улсын санд хэвээр үлдсэн гэсэн үг юм.

Нэгэн зүйл, 1990 оноос сүм хийдийн үйл ажиллагааг сэргээснээр Амарбаясгалант, Дашчойлон… зэрэг хийдийн үйл ажиллагааг сэргээх үед Гандан хийдээс Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалуулсан хоёр авдар эд зүйлийг эдгээр хийдүүдэд шилжүүлэн  өгсөн байдаг. Ингэхдээ хүлээлцэх ажлын хэсэгт хууль хяналтын байгууллагуудаас төлөөлөл оруулан данс тооцоог цагдаагийнхан хийж, хавтаст хэрэгт баримтжуулж байж. Монгол банкны тухайн үеийн ерөнхийлөгчөөр Ж.Үнэнбат ажиллаж байсан бөгөөд 1997 оны зургадугаар сарын 6-нд шилжүүлсэн талаар бичээд зарим үнэт эдлэлийг улсын санд авсан учраас мөнгөөр тооцож олгох саналтай байгаагаа илэрхийлсэн нь өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм.

Учир нь эндээс л учир битүүлэг зүйлс хөвөрч эхэлнэ гэсэн үг… Монгол банкны ерөнхийлөгчийн хүсэлтээр нийт 44 сая гаруй төгрөгийг Гандан хийдийн дансанд шилжүлэх шийдвэр гарсан ч уг шийдвэрийг Гандангийн удирдлагууд хүлээн зөвшөөрсөнгүй. Тиймээс шийдвэрлэж гаргасан 44 гаруй сая төгрөг хэдий Гандангийн дансанд орж ирсэн ч 1997 оны наймдугаар сарын 20-нд Монгол банкны дансанд эргэн орж ирсэн аж…

Нэгэн зүйл, Монгол банкны Ерөнхийлөгч агсан О.Чулуунбат Дондогдулам хатны хөөрөг барьдаг байв. Тэрбээр энэ тухайгаа, “надад нэг хүн маш ховор үнэт зүйл болох Дондогдулам хатны хөөргийг өгсөн” хэмээн нэгэн телевизэд ярилцлагад орохдоо хээвнэг ярьж байв… Түүнчлэн цөөнгүй улс төрч Богд хааны эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэлээр гангарч, Гандан хийдийн том лам нар ч Богд хааны хэрэглэж байсан үнэт эдлэлийг өв дамжуулан хэрэглэж байгаагаараа гайхуулан зиндаархдаг байв. Энэ талаараа уралдах мэт хэвлэлд ярилцлага өгч, үнэт онгирч, хөөрч байсан тул иргэдийн дунд “Гандангаас хадгалуулсан найман авдар үнэт зүйлс хаачив” гэдэг хардлага хар аяндаа бий болж, газар авч эхэлсэн юм…

Нэгэн зүйл, ингээд 2011 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас уг асуудалд анхаарал тавьж, шалгаж эхэлсэн. Ингэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар “эд зүйлс завшиж үрэгдүүлсэн” гэдэг үндэслэлээр шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн ч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Хашбаатар, “Гандантэгчинлэн хийдээс Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалуулахаар өгсөн алт, мөнгөн эдлэлийг завшиж үрэгдүүлсэн явдал байхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай” хэмээснээс шийдвэрлэсэн байдаг…

Үнэндээ, хэрэг томрох тусам ашигтай байдаг гэдгийг хамгийн энгийн жишээ энэ юм. Тэр бүү хэл хэн хэн нь үүнд ямар оролцоотой байсныг ард түмэн эдэлж хэрэглэж байгаагаар нь хэдийнэ мэдчихээд байхад хууль хяналтынхан огт олж хардаггүй, харахыг хүсдэггүй, үзэмжээрээ шийддэг, өөрт ашигтай хувилбарыг сонгодог. Харин албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглаж шороог алт болгож, алтыг чулуу болгодгийн хамгийн ичгүүртэй жишээ энэ юм. Хожмын хилэнцээс ч үл айх ужиг шуналыг зөвхөн бүх салбарын өндөр албан тушаалтнуудаас харж болдогийн хамгийн бохир жишээ энэхүү “найман хайрцаг эрдэнэсийн зүйлсийн хувь заяа” хамгийн томоор харуулсан байдаг. Хэрэг хуучирдаггүйгээс гадна, мартагддаггүй гэдэг дээ…

С.Баяр

 

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.