Д.Дамдинцэрэн хурандаад хэн хариуцлага тооцох вэ

Монголчуудад бараг дасал болж байгаа нэгэн зүйл бол даргад мөргөж, даргын татаасаар албанд томилогдох. Шуудхан хэлэхэд даргын халаасанд орж, далайхад нь далд орж, даллахад нь ил гарна гэсэн үг. Харин ингэж чадвал тэр ямар ч алдаа гаргасан дарга нүдээ анин өнгөрүүлнэ. Тэр бүү хэл, бүүр мэдэн будилж, дэвшүүлэн зайлуулна… Ийм нэгэн тасардаггүй хэлхээ Монголын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт бугшаад удсан. Эдүгээ дэд даргаар ажиллаж буй Д.Дамдинцэрэн хурандаа гэгч үүнд голлож оролцдог гэж болохоор байгаа юм.
Баримт1. Цагдан хорих 461 дүгээр хорих ангид шүүгч эмэгтэй хорлосон ч тухайн үеийн ШШГЕГ-ын даргыг ажлаас нь өөрчилсөнөөр бүх зүйлийг нам гүм болгож чадсан. Уг нь дээрх хэрэгт буруутгагдах, хариуцлага хүлээх ёстой хүн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн байх ёстой ч эсрэгээрээ эргэсэн нь энэ. Харин ч тэр хариуцлага үүрч байна хэмээн дэвшиж газрын дарга болсон.
Баримт2. Шүүгч хоригдож байхдаа нас барах үед 461 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Б.Түвшинтөгсөд ямар нэгэн хариуцлага тооцсон нь тодорхойгүй. Харин ч Өвөрхангай аймгийн Хархорингийн хорихын даргаар томилсон байдаг. Үнэндээ энэ томилгоо ямар ашиг сонирхолтой байсныг Д.Дамдинцэрэн дарга өөрөө л мэдэх байх. Учир нь Б.Түвшинтөгс хурандаа Хархорингийн хорихын дарга болсноос хойш 2020 оны арван сард гэхэд хоёр ч удаа хоригдол оргосон хэрэг гарсан. Нэг нь бүүр зам дээр ажиллаж байсан хоригдол оргосон байдаг. Энэ мэдээллийг нам дарж, асуудлыг олон нийтийн чихэнд хүргэхгүй гэж чармайн ажиллахаас хариуцлага нэхэх, тооцох бүүр ард хаягдсаны гэрч нь өнөөдрийг хүртэл хорихын даргад хэрхэн хариуцлага тооцсон нь тодорхойгүй байгаад юм.
Баримт3. Хорих 401 дүгээр ангиас оргосон хоригдол уулын модонд өөрийгөө боомилж үхсэн хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан тус ангийн захирагч, хурандаа Д.Тулгын цолыг бууруулж, хариуцлага тооцсон байдаг. Гайхмаар нь 20 хоногийн дараа бууруулсан цолыг нь эргүүлж өгөөд Архангайн хорихын даргаар томилсон хүн бол Д.Дамдинцэрэн дарга. Хоригдолын амь ийм үнэ цэнэгүй, харин даргад ойр дарга нарын албан тушаал ийм чухал гэж үү. Энэ асуултад мөн л Д.Дамдинцэрэн дарга л хариулах учир ингээд орхиё.
Баримт4. Монголын төрийн тусгай албанд танил тал, нутаг усаараа татагдаж албан тушаалд томилогдоогүй “хурган дарга” нар ховор. Энэ байдал ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ил бий. Тухайлбал, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Г.Оюунболд. Өөрийгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын томилгоогоор ажиллаж байгаа хэмээн ярьдаг түүнийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилтан байхад нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байхдаа яамны газрын даргаар томилж, томоохон албан тушаалын “амтыг мэдрүүлсэн” гэгддэг. Гайгүй хуульч, гаргалгаатай яриатай тэрбээр тун чиг удалгүй улс төрийн томилгоонд орооцолдож, тэр бүү хэл Дотоодын цэргийн албанд ажиллаж байгаад халагдан одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын хүчин чармайлтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хэмээх албанд томилогдон ажиллаж буй…
Баримт5. Хорих 417 дүгээр анги буюу Мөнгөнморьтын хорихын дарга, хурандаа н.Нямбаатар, хорих 461 дүгээр ангийн дарга Ж.Энхтайван, Хорих 429 дүгээр ангийн дарга Ж.Цэрэн-Отгон, Хорих 407 дугаар анги буюу Эмэгтэйчүүдийн хорих ангийн дарга Ц.Хишигбаяр нарыг хурандаа Д.Дамдинцэрэнгийн багийнх гэж салбарынхан дундаа “тусгаарлагддаг” нь өнөөдөх хэнд ч нууц биш болсон. Даргын багт ажилладаг хүмүүс бага, их гэхгүй алдаа гаргасан ч хариуцлага тооцсон нэрийдлээр албыг нь өсгөж томилохоос уруудаж томилуулахгүй тойрогт ордог гэлцэх. Энэ “буян”-г эдэлж яваа эдгээр хүмүүсийн тухай яриа ч хүрээгээ тэлэх болсон. Олны үг оргүй байдаггүй билээ.
Баримт6. Д.Дамдинцэрэн хурандаа ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хуулийн хэрэгжилт, ШШГЕГ-ын хэмжээн дэх шийдвэр гүйцэтгэлийн санхүү, мөнгө төг¬рөгтэй холбоотой бүхий л асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий эрхэм байв.
Түүнийг Хадгаламж зээлийн хоршоодын хураагдсан хөрөнгө, олон банк дараалан дампуурсан үеийн хураагдсан хөрөнгө… зэргээр олон факт яригддаг ч тэгсгээд чимээгүй болчихдог. Харин нэгэнт баримт дэлгэсэн дээрээ, заримаас нь сануулахад, “Жаст”-ын Ш.Батхүүгийн мэдэлд байсан Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэсэнтэй холбогдуулан Төрийн банкны Дотоод хяналт, аудитынхан банк¬ныхаа хэмжээнд хяналт шалгалт явуулсан байдаг. Хадгаламж банкыг Төрийн банктай нэгтгэж хаагдсан дансанд нь шалгалт хийх үеэр Бөхийн өргөөний дэргэдэх салбараас ноцтой асуудал илэрсэн нь Д.Дамдинцэрэн хурандаад холбогдох байв.
Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэхээс хэдэн сарын өмнө тус салбар руу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Төлбөр төлөгч, авагчийн харилцах данс Голомт банкнаас шилжиж очсон байж. Ингэхдээ ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэлийн газрын /дарга нь Д.Дамдинцэрэн хурандаа/ ерөнхий нягтлан бодогч, дэд хурандаа н.Алтанхуяг, “Хадгаламж” /хуучнаар/ банкны Бөхийн өргөө салбарын захирал Н.Лхагвадорж нар гарын үсэг зурсан эл гэрээ бүхэл бүтэн зургаан сарын туршид үргэл¬жилсэн.
Энэ хооронд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2.000.000.000 /Хоёр тэрбум/ ор-чим төгрөг тус салбар дээр байршиж байсан байдаг. Нийтдээ 7.5 хувийн хүү тооцох гэрээ хийсэн атал Шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 3.5 хувийн хүүгийн төлбөр ордог байж. Дундаас нь алга болж байсан дөрвөн хувийн хүүгийн төлбөр Төрийн банкны дотоод аудитаас хийсэн дээрх шалгалтаар тийнхүү ил болсон байдаг. Ингэснээр хоёр тэрбум төгрөгийн дөрвөн хувь болох сар тутмын 80 сая, нийт зургаан сарын хагас тэрбум орчим төгрөгийн асуудал тухайн дансыг байршуулах эрх мэдэлтэй байснаараа Д.Дамдинцэрэн хурандаад зайлшгүй холбогдсон байдаг юм…
Баримт7. Эрхэм хурандаагийн “мөнгө угаадаг”, магадгүй хөлждөг бас нэгэн эх суурь бол алба хаагчдыг орон сууцжуулах төсөл юм. Зайсангийн хорих ангийн газар дээр 1000 айлын орон сууц барина, энэ нь албан хаагчдын орон сууц барина хэмээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг бүхий л алба хаагчдыг хамруулсан байдаг юм. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа бүх анги нэгтгэлүүдэд газрын даргаас үүрэг өгөгдөж, дотоод орлого төвлөрүүлэх, төлөвлөгөөний хүрээнд хамгийн багадаа нэг ангиас 50 сая төгрөгийн татаас авсан гэдэг. Уг төсөл 2019 онд эхэлж, орон сууцтай болох гэсэн алба хаагчид байгаагаа зарж, байхгүй нь зээл авч санхүүжилтыг нь босгосон энэ ажил өнөөдөр нам гүм болчихсонд алба хаагчид үнэхээр гомдолтой байдаг. Аргагүй шүү дээ, алба хаагчид яаж ч хичээгээд дарга нар шигээ даналзах бүү хэл даруухан амьдрахад ч хэцүүхэн цаг үеийг туулж байхад цаг наргүй ажиллана, нэмээд орон байргүй, олсон мөнгөнийхөө хүүнд дарлагдаж яваа тэдний хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байх нь аргагүй.
Баримт8. Д.Дамдинцэрэн хурандаатай холбоотой ажлын байрны бэлгийн дарамтын хэрэг цагдаагийн бүртгэлд орсон ч өнөө хэр чимээгүй дарагдсан байдаг. 2019 оны 11 дүгээр сарын байдлаар Монгол Улсад ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэйчүүд, 87.4 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байжээ. Мөн төрийн бус байгууллагуудын эвслээс хийсэн судалгаагаар 2017 онд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй, 99 эрэгтэй нийт 753 хүнээс судалгаа авахад 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэж хариулсан байна.Энэ тухай дурдсан шалтгаан нь Монгол Улсад ажлын байрны бэлгийн дарамт ихтэй төрийн байгууллагуудын жагсаалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар тэргүүлсэн байдаг. Д.Дамдинцэрэнгийн хувьд хорихын даргаар ажиллаж байхдаа доод албан тушаалтан эмэгтэйг ажлын байран дахь бэлгийн дарамтанд оруулсан баримт ч бидэнд мөн ирсэнг энд дурдаад орхих нь зөв биз дээ.
Нэгэн зүйл, Д.Дамдинцэрэн хурандаа бол огцом хөрөнгөжсөн дарга нарын нэг яахын аргагүй мөн. 50 ч хүрээгүй цэл залуухан энэ хурандаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад цаг наргүй ажиллаж, мал маллах, хувийн бизнес эрхлэх ямар ч чөлөө завгүй зүтгэх албан тушаал хашдаг нэгэн атлаа үнэхээр баян, огцом хөрөнгөжсөн түүх түүнийх. Хэдэн жилийн өмнө нэгэн хурандаагийн гэрээс алтан бурхан, буу, мөнгөн тоногтой эмээл хазаар, их гарын 10 гаруй мөнгөн аяга, мөн автомашинаасаа мөн төдий дайны эд зүйлээ алдсан хэрэг гарч байв. Намдуухан “дуулиан” болж чимээгүй болсон ч хохирогч хурандаа хэн байсныг эрэн сурвалжилсанаар “бүх хорихын бүдүүн дарга” нөхөр байсныг мэдэж байлаа. Ийм баян учраас энэ хүний чимээгүй ноёрхол энэ салбарыг уланд нь очтол “мөлжсөөр” байх ёстой гэж үү. Энэ асуултад хэн хариулах юм бол???

+ There are no comments

Add yours