Лидерүүд нь зугтаж, лойдорууд нь цогшсон АН

Амралтын өдрүүдэд нам жимдүүхэн хуралдсан АН-ын их хурал улс төрийн хүрээнийхэний анхаарлын татаж байсан ч иргэдэд хахь хамаагүй мэт байсан нь жаахан сонин санагдав. Ардчиллыг өмчилсөн мэт авирладаг 1990 оны цэл залуу хөвгүүд, өнөө цагийн 50 гаруй настангууд болох буурал үстэй,багагүй гүзээтйэй, төр улсыг товхинуулсанаа гайхуулдаг Ардчиллын хараацай мараацайнууд нь хүртэл нэг л нам жим энэ хурал үнэндээ ёслол төгөлдөр ёслоод өнгөрчихөв. Иддэгээ, идээд, уудгаа уучихсан, авахаа аваад, аль хэдийнэ баяжчихсан Ардчиллынханд бол 30 жилийн босгон дээр хуралдсан энэ их хурал тийм үнэ хүндгүй байв уу, нам бүү хэл нэр дотроо ч багтахаа байсан хагарал нь тэднийг нэгтгэх чадамжгүй их хурал хуралдуулахад хүргэв үү гэдэг даанч ойлгомжгүй байсаар дуусчихав.

Уг нь амралтын өдрүүдэд зарлагдсан энэ их хурлаас олон чухал зүйлийг харж чадах байв. Үгүй ядаж л ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН хэрхэн оролцох чадамжтай байгааг харж болохоор байв. Харамсалтай нь АН гэсэн малгайтай шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьсан ардчиллын нэр баригсад намд тулгарсан зовлонд дуусгах биш удам дэвэргэхээр цугларсан мэт байсан нь гайхамшиг.

АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан намын түр удирдлагын хувьд ҮБХ-оо хуралдуулж, их хурлаа зохион байгуулсан. Ингээд уг хурлаар намын даргаа бүх гишүүдийн хурлаар сонгодог  дүрмийг өөрчилж, ҮБХ, Их хурал гэсэн хоёр шатлалтай сонгох асуудлыг хэлэлцүүлэн дэмжүүлсэн. Харин хуучин дарга С.Эрдэнэд энэ байдал таалагдсангүй. Тиймээс их мөнгө хаяж, хэвлэлээр ярилцлага өгөхдөө, Ц.Тувааныг дүрмийн бус зүйл хийж байгаа учраас түүний гаргасан шийдвэрүүдий хүчингүй хэмээн мэдэгдэж, Улсын бүртгэл дээр АН-ын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа шүү хэмээн сануулах, заналхийлэхийн завсар өндөлзөв.  Тэр бүү хэл Ц.Тувааныг АН-ын даргаас чөлөөлсөн А49 хэмээх тушаал гаргаж, их хурлын үеэр нийт гишүүддээ танилцуулав.

Ийм нэгэн дуулиан шуугианыг Д.Сосорбарам улам өрдөв. Тэрбээр “Би АН-ын хуралд оролцоогүй, Х.Баттулгын гарт орсноор АН сүйрч байна” гэсэн бол намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан “бүх зүйл дүрийн дагуу явагдаж байгаа” хэмээн тайлбарлав. “УИХ-д манай нам олонхи болж чадаагүй, Тиймээс дүрмийнхээ дагуу намын удирдлага болох намын дарга нар, ерөнхий нарийн бичгийн дарга бүрэн бүрэлдэхүүнээр огцордог. Харин дараагийн намын даргыг сонгогдох хүртэл аль нэг дэд дарга нь үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ дагуу би ажиллаж байна. Үүнийг дүрмийн бус гэж хэлэх өрөөсгөл” хэмээн тайлбарласан Ц.Тувааан.

Харин АН-ын их хурал гишүүдийнхээ хүлээж байсан үр дүнд даанч хүрсэнгүй. Гишүүд хоёр талд маргалдсаар өөх ч биш булчирхай ч биш бөөн хэрүүл хийсэн хоёр хоног өнгөрч, намын тамга хэний гарт байгаа, эрх мэдэл хаана гацсан нь тодорхойгүй өнгөрлөө. Харин үнэхээр намын тамга С.Эрдэнийн гарт байгаа бол амралтын хоёр өдөр үргэлжилсэн намын их хурал ямар ч үр дүнгүй, тэр бүү хэл дүрмийн бус байж таарлаа гэсэн үг.

Ингээд намын хурал үндсэн агуулгаасаа төөрсөөр өндөрлөв. Харин ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгууль болдогоороо болох нь ойлгомжтой. Тэр үед АН ямархуу саналтай, хэнийг нэр дэвшүүлэх нь ойлгомжгүй байгаа нь харамсалтай. Эрх баригч намын хувьд Ерөнхийлөгчийн  сонгуульд гурван удаа дараалж, өвдөг шороодсон гашуун түүхтэй, ирэх сонгуулийг угтаж буй. Мэдээж, айдас бий, бас илт унаж байгаа намын нэр хүнд, өнөөдрийг хүртэл ард түмний “хүсэмжит” улс төрчгүй байгаа зэргээс үүдэж айдас маш их бий энэ үед сөрөг хүчний хүчтэй бодлого даанч хийцгүйрч байгаа нь харамсалтай.

Улс төрчдийн рейтинг тогтоодог судалгааны байгууллагуудаас гаргаж байгаа дүнгээр монголын тэргүүлэгч улс төрчөөр нэгдүгээр У.Хүрэлсүх, аман хүзүүнд Х.Баттулга явж байгаа гэдэг. Энэ утгаараа 100 жилийн ой нь болж буй МАН-ын хувьд ирэх гуравдугаар сард ойгоо тэмдэглэж, нэг сумаар олон туулай буудах зорилго тавьж буй. Харин АН-ын хувьд УИХ-ын  сонгуульд хоёронтоо өвдөг шороодсон учир шороотой бөх ууртай байх ёстой ч өвөр зуурын дайндаа өөрсдийгөө нядлаад өндийж чадахгүй сөрөг намынхаа бахыг хангаж буй нь гачлан. Лидер ч үгүй лойдор ч үгүй болсон энэ намын хувьд цогшсон итгэлээ мөн л хаа нэгтээ гээчихсэн нь гамшиг илт анзаарагдаж байгаа завсарын цаг үеийг туулах гэж залуучууд нь хүч тарамдан самгардаж байх шиг.

АН-ын дотоод талцал, маргаанаа шийдвэрлэж чадахгүй байсаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож мэдэх байдал үүсээд байгаа нь өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдсан намын их хурлын нөхцөл байдлаас харагдаж байгаа. Энэ чигээрээ явсаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж чадахгүй оролцвол үр дүн гэж огт харагдахгүй нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр намын лидерт тооцогддог нөхдөөс намаасаа гарсан, намын үйл ажиллагаанд нөлөө бүхий улс төрчид нь оролцохоо больсон. Одоо байгаа залуусаа дэмжихгүй, нөгөөдүүл нь хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй ийм нөхцөлд үнэндээ энэ нам 30 жилийн түүхэндээ хамгийн доод шатандаа хүртэл унав. Шударга бусын хонгил ярьсаар өөрсдөө шургалсан, шударга ёс ярьсаар өөрсдөө мөн шударга бус аашилсан энэ цаг үед эрх баригч намыг үл ялах аваас сөрөг хүчин буюу АН дахин сэргэхэд маш хүнд нөхцөлд цаашид хэдэн жил тарчлахыг өнөөдөр хэн ч таашгүй юм. Бод, бод, бодын шийрийг дөрөв гээд гацах биш, гарц, орц олж гацаанаасаа гарч, илүү шуналтай эрх баригчдад зогсоол гаргаж өг…

 

 

+ There are no comments

Add yours