Хүчний байгууллагад хүрээгээ тэлсэн жалга довны үзэл-1

-Цагдаагийн байгууллагад “шургалсан” нутгархаг албан тушаалын хэсгээс-

Монгол түмний эрх ашиг гэж байхаас, хэн нэгэн албан тушаалтаны эрх ашиг гэж байх ёсгүй гэдэг монголчууд иргэдээсээ илүү өөрийнхөө эрх ашгийг дээр тавьдаг этгээдүүдийг албан тушаалд томилох сонголтыг хийдэг болоод удаж буй.  Ийм сонголт хийчихээд эргээд тэд нараасаа шударга ёс нэхэж, өөрсдийнхөө зөрчигдсөн эрхийг хамгаалуулах гэж зүтгэнэ, итгэнэ, гомдоно, тунирхана…

Харин ямар ч албан тушаалд очсон монголчуудын гэм биш зан болсон нэгэн зүйл байдаг. Тэр бол нутгархаг үзэл буюу жалга довоороо нэгдэх. Ялангуяа улс төрийн хараат томилгоон дээр “үнэнч байдлын” эрх ашиг нэгдэж, өөрсдийн хүрээгээ тэлэхдээ албан тушаалтнууд хамгийн түрүүнд нэгдүгээрт хамаатны сүлжээ, хоёрдугаарт нутаг усныхаа удамтай “өөд татах” байдлаар хажуудаа татаж ирэх явдал.

Маш сондгой, нөгөө талаараа маш хортой энэ үзэгдэл хэвийн байдал шахам болж, өнөөдөр нутгархаж, аль нэг аймгийн харьяат этгээд улс төрийн томоохон албан тушаалд очсон бол тэр аймгийнхан аль нэг салбар дагаж, эгээ л царцааны нүүдэл шиг тухайн салбар, байгууллага, агентлагт “үүрлэх” нь бий.

            Аливаа бүхнээс хараат бус байх ёстой цагдаа, хүчний байгууллагад ч энэхүү нутгархаж, нэгнээ татах, албан тушаалд томилох, хамтрах, баг нэрээр бүлэглэл үүсгэх байдал газар авсантай маргах хүн байхгүй биз.  Энд холоос жишээ эрэх ч хэрэггүй юм.

            Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд Хэнтий аймгийн уугуул. 1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхлүүлж байсан. Цагдаагийн байгууллагын мэргэшсэн эрүүгийн ажилтан түүний намтарт 2017 оны зургадугаар сард Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даргаар томилогдож очиж ажилласан түүх бий. Харин 2019 оноос Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад 2020 онд Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон. Түүнийг энэ ажилд томилогдсон шалтгааныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс илүүтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн хүчин зүтгэл их байсан тухай учир мэдэх хүмүүс ярьдаг нь оргүй биш. Нөгөө талаар гуравхан сая гаруйхан Монгол Улсад ямар ч хэргийг даравч, дардайж, булавч бултайдаг. Дашрамд дурдахад, Хуульзүй, дотоод хэргийн сайдын хамгаалалтын албыг хариуцдаг аймгийн арслан цолтой Батболд гэж бөхийг Монгол Улсын аварга Оюунболдын анхны эхнэрийн төрсөн ах гэдэг. Аймгийн арслан Батболд 2016, 2020 оны УИХ-ын  сонгуульд Л.Оюун-Эрдэнийн хамгаалагчаар ажиллаж байсан түүхтэй.

            Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны албаны дарга Д.Болорбат. Хэнтий аймгийн уугуул. 2015 оны 12 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын ажиллагааны бүлгийн даргаар томилогдож ажиллаж байсан. Цагдаагийнхан дотроо бол яг энэ албанд олон жил ажилласан гэдгээр нь сайн мэдэх түүнийг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа, цагдаагийн хурандаа цол, албаны дарга албан тушаалд очиход гайхсан хүн цөөхөн ч “нутгийн хамаарлаар томилогдсон” гэдэгтэй маргах хүн бараг байхгүй. Д.Болорбат 2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт очиж ажиллахдаа цагдаагийн дэд хурандаа цолтой, Л.Оюун-Эрдэнийн хамгаалалт, хууль эрх зүйн асуудлыг хариуцсан албан бус зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг.

            Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хуранда Т.Сүхболд. Мөн л Хэнтий аймгийн уугуул. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа, Цагдаагийн Ерөнхий газрын даргын томилгооны дараа уг албан тушаалд очсон. Эрүүгийн цагдаагийн дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байсан түүний хувьд Албаны даргаар томилогдоход аанай л “нутгийн татаас” нэмэр болсон. Тэр утгаараа тухайн үед Эрүүгийн цагдаагийн албаны даргад нэр дэвшигдэж яригдаж байсан цагдаагийн хурандаа нараас хамгийн магадлалтайгаар түүний нэр явсан нь Хэнтий аймгийнх гэдэг тодорхойлолт. Энэ тодорхойлолт ч уг хариуцлагатай албан тушаалд өнөөдөр тушаа биш нэмэр болж яваа гэхэд хэтрүүлсэн болохгүй.

            Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо мөн Хэнтийнх. Хэнтийн Бэрхийн уугуул түүний хувьд цагдаагийн байгууллагад шуурхай удирдлагын цагдаагаас ажлын гараагаа эхлүүлж байсан, Бор-Өндөрийн цагдаагийн хэлтэст 10 гаруй жил ажиллаад Улаанбаатар хотод ирсэн гэдэг. Сүүлийн 10 жилийн турш цагдаагийн байгууллагын удирдах шатанд ажиллаж байсан түүнийг 2020 оны наймдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Захиргааны удирдлагын газраар томилсон. Дашрамд дурдахад уг албан тушаалд олон хүний нэр яригдаагүй, учир нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын эрх мэдлийн хүрээнд томилогдох энэ албан тушаалд Хэнтий аймгийн уугуул цагдаагийн дарга нараас томилогдоно гэдэг нь бүгдэд тодорхой байсан. Энэ ч утгаараа Ж.Болд дарга Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын даргаар, нутгийнхаа цагдаагийн хурандаа П.Оростогоог сонгож, томилсон байдаг.

            Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Товуудорж мөн Хэнтийн уугуул. Эрүүгийн төлөөлөгчөөс ажлаа эхлүүлж, тус албандаа Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хошууч цолтой түүнийг 2020 оны наймдугаар сард Эрүүгийн цагдаагийн албаны дэд даргаар томилсон. Нутгийн татаас, нутгийн “ах нар”-ын улс төрийн өндөр албан тушаал хашсан он цаг таарсан энэ үед хэлтсийн даргаас албаны дэд даргаар томилогдоход хийсэн бүтээсэн ажлын үр дүн гэхээс илүү хэн гэдэг албан тушаалтаны “ивээл” тусах хамгийн чухал. Энэ нөхцөл байдал цагдаагийн байгууллагад маш ихээр шургалсан байдаг учир тойрч гарах аавын хүү өнөөдөр гараагүй л байна.

            Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Цэргийнхүү. Сүхбаатар аймгийн уугуул гэдэг хэдий ч “хоёр бүү хэл хорин нутагт” хамаарагдах шахдаг Ерөнхий сайдын “ивээл”-д хамаарагддаг түүний хувьд энэ агентлагт хийгдсэн “хэнтий зүгийн мялаалга”-д хамрагдаж гурван хэлтсийг нэгтгэсэн газрын даргаар томилогдох шагнал хүртсэн гэлцэх. Ямартай ч эрхэм хурандаагийн хувьд хэнтийн түшицээс илүү Хууль зүй, дотоод хэргийн сайдын “хаялга” их байсных ч байж магадгүй уг өндөр албан тушаалд суусан, азтан. Харин энэ аз нь түүнд ширүүхэн байгаа гэдэг. Хамгийн сүүлд гэхэд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой этгээд охид хүчиндсэн хэргийн улмаас эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж  байгаа. Өндөр албан тушаал хаших амаргүйн нэг нь энэ. Цагдаагийн албанд зүтгэж байгаа олон залуучуудыг таньж, ажиллуулах, тэднийг хариуцаж удирдах хэрийн албан тушаалтан “давдаг даваа”  ч биш байж мэдэх. Ялангуяа даргын “мотор”-оор гарч ирсэн хүмүүст ямбыг нь эдлэх сайхан ч ялыг нь үүрэх нь амаргүй байдгийн нэг жишээ ч гэж хэлж болохоор…

 

 

1 Comment

Add yours
  1. 1
    Zochin

    Ийм томилгоо Завхан, Увс, Ховд, Төв, Говь алтай, Сэлэнгэ аймгуудаас улбаатай

+ Leave a Comment