Үзэл бодлоо илэрхийлээд эрх чөлөөгөө хасуулахыг бид хүсээгүй

Монгол Улсад Хэвлэл мэдээллийн эрх чөлөө бий юү? Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэхээр хэдэн сэтгүүлчдийн асуудал, тэдний бичих эрхийн асуудал хөндөгдөж байгаа мэт олон нийт ойлгож, үл тоомсорлож байх шиг. Гэтэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, сэтгүүл үйн хараат бус байдлыг хангах, хэвлэл мэдээллийн холбоотой харилцааг зохицуулахад оршиж буй юм. Өөрөөр хэлбэл, Монгол хүн бүр Үндсэн хуульд заагдсан эрхээ эдэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тэр орон зайг хязгаарлуулахгүйгээр авч үлдэх нь энэ хуулийн үг, мөр, цэг, таслал бүхнээс хамаарах юм шүү дээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн даваа гарагт сэтгүүлчидтэй уулзаж, дараа нь зорилтот нэвтрүүлэгт орж, үндэслэл, үзэл бодлоо хамгаалж үлдэх гэж хичээсэн энэ цаг хугацаанд иргэд, хэвлэл мэдээллийнхэн нэгэн зүйлд хамтарч, үзэл бодлоо нэгтгэсэн нь “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг ямар нэгэн яамны сайд санаачилж, махчилж батлуулах ёсгүй” хэмээсэн нь байв. Ямар ч зүйл хоёр талтай байдгийн жишгээр Хууль зүйн сайдын хүч түрсэн үзэл бодол нийт масс, хэвлэл мэдээллийнхэнд маш хүчтэй сигнал өгч, тэр хэрээр энэ хуулийг Х.Нямбаатар хүч түрэн өргөн барьж батлуулах биш салбартаа, өөрсдөдөө хамааралтай хуульд хяналттай, хямгатай, үг, цэг, таслал бүрийг нь нягталж батлуулах ёстой гэдэг дээр хэвлэлийнхэн төдийгүй нэр нөлөө бүхий гишүүд, хуульчид санал нэгдэж байгаа нь сөргөөс үүдсэн эерэг тал байлаа.

Үзэл бодлоо хамгаалж, буруугаа харахгүй мугуйдалж байгаа Х.Нямбаатар сайтын хувьд Хэвлэлийн зөвлөл гэдэг бүтэц үүсгээд \гэтэл энэ зөвлөл нь СНЭ-ийн дэргэд байгуулагдаад зургаан жил болсон байдаг\ төрөөс 49 хувийг нь санхүүжүүлж, сошиал хэрэглэгчид буюу жиргээчин, фэйсбүүкчин, юүтүбчин болон сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнийг нэг дээвэр дор бөөгнүүлж, шүүх нь хамгийн шударга зарчим гэж үзээд байгаа нь гайхамшиг. Үнэндээ, мэддэгүйгээ мэддэггүй хүн хамгийн хорлонтой байдаг гэдэг шиг мэдэхгүй зүйлээ мэдэхгүйгээ мэдэхгүй дайрахын хамгийн том гамшиг энэ юм.

Учир нь МҮОНРТ шиг эрх баригч намаас дарга удирдлагыг нь сольдог, түүгээрээ дамжуулж, хүссэн нотоо “тоглуулдаг” бүтцийг Х.Нямбаатар хүсээд байгаа гэсэн үг. Харин үүнийг сэтгүүлчид эрс эсэргүүцэж буй. Нөгөө талаараа Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэргэдэх Хэвлэлийн зөвлөл нь нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй төрийн бус байгууллага байгаа. Зургаан жилийн түүхтэй, Удирдах зөвлөлтэй энэ төрийн бус байгууллага олон улсын сангуудаас хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр төсөл авч, санхүүждэг, дэмжигч хэвлэлүүд буюу гишүүд сэтгүүлчдийн хэвлэлийн байгууллагаас \100 мянган төгрөг хүртэлх\  бага хэмжээний хандив өргөх үүрэг хүлээдэг газар.

Энэ утгаараа сэтгүүлчид өнөөдөр энэ зөвлөлөө төгөлдөржүүлж, төрд 49 хувиа эзэмшүүлэхгүй, дангаар ажиллая. Мэдээж сошиал хэрэглэгчид болох жиргээчид, фэйсбүүкчид, юүтүбчидээс бүрдсэн баг мэргэжлийн сэтгүүлчдийн алдааг шүүх утгагүй хэмээж буй. Харамсалтай нь сайдын бяр нь хатгаж байгаа Х.Нямбаатар, төр л бол төр. Тиймээс 49 хувийг заавал санхүүжүүлж, хяналтаа тавина. Хэвлэлийнхэн, сошиал хэрэглэгчид ялгаагүй адилхан түвшинд авч үзнэ хэмээн зүтгэж байгаа. Түүгээр зогсохгүй хэвлэлийнхэн, сошиал хэрэглэгчдийг ижил түвшинд шүүж, Хэвлэлийн зөвлөлд бүртгүүлээгүй бол Эрүүгийн хуулиар таван жил хүртэл хорих ялаар шийтгэж, шүүгдэнэ… Үнэндээ, нэг нам олон жил олонхи болж, төрийн эрх мэдлийг авсаны хамгийн том гамшиг нь энэ. Мэргэших, хуулиа судлах, олон нийтийн эрх ашиг … гэх мэт үгс зөвхөн цаасанд үлдэж, бодит байдал нөхцөл байдал хүндэрсэн түвшинд очно. Үүний илрэл нь сошиалд пост бичсэн хэн боловч цагдаад шалгагдаж, прокуророос яллаж, шүүхээс ял ногдуулна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг төрийн хяналтад оруулж, улс төрчийн намууд ялзралаа дотроо нууж, нэр хүндээ хамгаалсан нэрээр хайрцаглан булшлахаар зэхэж буйн эхний алхам…

Ийм байдлын улмаас өнөөдөр сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн, нэр хүндтэй улс төрчид, хуульчид… зэргээр хүрээгээ тэлэн Хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө нэгдэж байна. Мэдээж, эрх баригч намын зүгээс хэвлэл мэдээллийг хяналтдаа байлгах сонирхол маш их. Харин үүнийг дагасан хоморголол олон нийтийн мэдэх эрхийг хязгаарлана, түүгээр барахгүй боомилно хэмээн зүтгэж байгаа нь хамгийн том гажуудал. Иймээс улс төрчдөд олж болж, боломжийг харан дарж авахаар улайрч байгаа эрээгүй үзэгдэлд цэг тавих ёстой. Энэ цэг бол Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө санаачлан, хяналт тавьж өргөн барих ёстой болохоос хэн нэгэн улс төрч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн үзэмжээр санаачилж, өргөн барих учиргүй юм. Ардчиллын суурь үзэл баримтлалаас Монгол Улс ухрах ёсгүй. Эрх бий хэмээн хийрхэж, эзэн биегүй мэт аашлах улс төрч малгайтай бүлэглэлийнхэний олон нийтийн эсрэг галзууралд гишгэх газар үгүй юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэд бол сэтгүүлзүйн салбар шинжлэх ухааны баримтаар баталгаажсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх мэргэжлийн байгууллага. Сэтгүүлзүйн бүтээлийн үндсэн шаардлага нь үзэл бодлоос ангид байх. Харин сошиал медиа бол хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх талбар. Энэ хоёрыг нэгтгэн Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх ямар ч боломжгүй. Дэлхийн жишиг ярих дуртай улс төрчид ч анхаарах хэрэгтэй юм. Учир нь ийм туршлага дэлхий дээр ямар ч улс орон байхгүй. Энэ утгаараа Х.Нямбаатарын ярьж байгаа Хэвлэлийн зөвлөл бол социалист системийн үед байсан Үзэл суртлын хороо гэсэн үг. Арга хэлбэр, үйл ажиллагаа нь яг ижилхэн.

Иргэдийн болон хэвлэлийн, үзэл бодол болон сэтгүүлзүйн бүтээлийг төрийн зохицуулалттай механизм цензурдана гэсэн үг. Энэ цензурын “дурыг тайлагч”-д мэдээж 3.3 сая Монгол иргэд болно. Монголчууд бүгдээрээ Хэвлэлийн зөвлөлд орох боломжгүй. Тиймээс улс төрчдийг шүүмжилсэн иргэн бүхэнд хууль хүчний байгууллагын хуулиар зэвсэглэсэн араа шүдэнд хэрчүүлэх тавилан угтана гэсэн үг. Учир нь уг мэдээллийн үнэн, худал эсэхийг тогтоох байгууллага нь \хэвлэлийн зөвлөл\ мянган хувь улс төрчдийн хяналтын доорхи томилгооноос гарна гэсэн үг. Эзнээ хаздаг нохой бүү хэл эзэн рүүгээ хуцах гөлөг ч гэж байдаггүй. Үнэн байдлыг илчилсэн, хулгай дээрэм, авлигыг илчилсэн хэн ч хууль хяналтынханы өмнө хүчин мөхөсдөж, нотолж чадаагүй гэсэн шалтгаанаар ялтан болно… Үүн шиг дарангуйллын систем хаана байх вэ.

“Глоб интернэйшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэх зүйлүүд бол бий. Хэвлэл мэдээллийн байгууллагын өмчлөлийг ил тод байлгах гэдэг ч юм уу. Гэхдээ сэтгүүлч гэж хэн бэ, хэвлэл мэдээллийн байгууллага, редакц гэж юуг хэлэх юм гэж тодорхойлооод бүх юмыг хуульчлах гээд байгаа юм. Энэ бол зохистой хэлбэр биш. Одоо мөрдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэхэд хэцүү гэж яриад байдаг. Уг нь энэ хуулиар бүх зарчмыг нь заагаад өгчихсөн. Нарийвчилсан заалтыг бусад хуульдаа хийгээд өгчихөд хангалттай.

Тухайлбал, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гээд заачихсан. Гэтэл манайхан бусад хуулиараа хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаад байдаг. Уг нь 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлт гэдэгтэй дүйцсэн сайн зохицуулалттай гэж боддог. Зарим хүн хэт тунхагийн чанартай гэдэг л дээ. Яах вэ, тунхагийн чанартай органик хууль байг. Бусад хууль нь л үүндээ нийцсэн байвал болно гэдэг санал надад бий.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Монголын төр хууль тогтоомж, хүний эрхийн асуудал дээр нэг нүүртэй, тогтвортой бодлоготой байх ёстой. Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга Г.Совд гуай “Хүн төрлөхтний түүх бол хүний эрхийн төлөөх тэмцэл” гэж хэлж байсан. Гурван жилийн өмнө Эрүүгийн хууль тогтоомж хүчин төгөлдөр болж, бид иргэдийнхээ үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг шоронд хийхгүй гэж хууль гаргасан. Хэзээ ч итгэл үнэмшил, үзэл бодлыг шоронд хийхгүй. Хорих ялыг худал мэдээлэл тараах, гүтгэхээс авч хаясан. Энэ бодлого дээр МАН, АН хамт байгаа гэж бодож байна. Хүний итгэл үнэмшлийн цаана иргэдийн мэдэх эрх, төрөө хянах, итгэл үнэмшилтэй байх эрх явж байгаа.

Миний хувьд 2017 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд манай улс иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын хэрэгжилтийн тайланг хамгаалж байсан. Энэ үеэр үзэл бодлоо илэрхийлсний төлөө шоронд хорихгүй байхыг сайшааж байсан. Одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд хууль санаачилж, бужигнуулж байна. Энэ бол Монгол ардын намын бодлого гэж харахгүй байна. Тэр дундуу УИХ, Хууль зүйн байнгын хорооны бодлого биш. Хувьдаа энэ төслийг хэзээ ч дэмжихгүй. Иргэдийн мэдэх эрхийг хязгаарлах гэсэн санаархлыг болимоор байна. Ийм бодолтой ч баймааргүй байна. Нэг гараараа хүний эрхийн бодлого, комиссоо байгуулж, дээдэлж байна гэх боловч нөгөө гараараа хүний хамгийн суурь эрхүүдийг шоронжуулан тухай яриад сууж байж таарахгүй. Нэг бодлого, нэг нүүр, зарчим дээрээ байх ёстой шүү.

“Глоб интернейшнл” төвийн хуульч  Б.Пүрэвсүрэн,  Сайд Х.Нямбаатарын ярианаас таван төрлийн ташаа мэдээлэл ажиглагдсан. Тухайлбал,  ОХУ-д 3.000-аас дээш дагагчтай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үздэг тухай. ОХУ-д 2014 оноос блог хөтлөгчдийг бүртгэх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн бөгөөд 3.000-аас дээш дагагчтай блог хөтлөгчдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ижилтгэн ойлгохоор болсон ч 2017 оны долдугаар сарын 29-ний өдрийн 276 тоот тогтоолоор блог хөтлөгчийн үйл ажиллагааг зохицуулах заалтыг хүчингүй болгож, тухайн оны наймдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөхөөр болсныг мэдээлж байв.

Мөн “Монгол Улс эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхийн үзүүлэлтээрээ дэлхийд хамгийн дээд, абсолют байр эзэлдэг” гэж хэлсэн байгаа.  АНУ-ын Вашингтон хотод төвтэй “Freedom house” судалгааны төвөөс 1973 оноос эхлэн дэлхийн орнуудын эрх чөлөөний индексийг жагсааж ирсэн. Иргэний болон улс төрийн эрх, иргэний эрх чөлөө гэсэн хоёр төрлөөр хэмжиж нийлбэр оноог гаргадаг. Үүнд, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхүүд багтдаг.

Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2020 онд 180 орноос 73 байрт эрэмбэлэгдэж байгаа нь “мэдэгдэхүйц асуудалтай” орны тоонд орсон хэвээр байна. Энэ нь өмнөх оноос гурван байр ухарсан үзүүлэлт юм. Тэгэхээр Х.Нямбаатар сайдын хэлснээр Монгол Улс нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхээрээ “хамгийн дээд, абсолют буюу дээгүүрт ордог” гэсэн нь худал мэдээлэл юм.

Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours