С.Ганбаатар: Оюутолгойн нэг сарын орлогоор Монголчуудыг вакцинжуулах боломж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойтой холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Аюулт цар тахал Монгол оронд нүүрлээд байна. Энэ үед компаниуд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа. Эрдэнэт, Тавантойлгой зэрэг компаниуд Монголын айл өрх бүрийн дулаан, цахилгаан, усны төлбөрийг хариуцаж байна. Харин Монгол орноос жилдээ хоёр тэрбум орчим долларын орлого олдог Оюутолгой нийгмийн хариуцлагаа үүрэх хэрэгтэй гэдгийг уриалж байна. COVID-19-ийн эсрэг вакцинд ард түмэн бүгд хамрагдаж чадахгүй.

Монгол Улсын Засгийн газар олон улсын байгууллагуудаас хандив гуйж байгаа. Төсөвт 50 тэрбум төгрөг тусгасан, тусгаагүй, малын болон хүний вакцин гэж маргасаар байна. Оюутолгойн нэг сарын орлогоор нийт Монголчуудыг вакцинжуулах боломж  байна.

Монголын нийт иргэдийг вакцинжуулах аяныг Эрдэнэтээс дөрөв дахин том Оюутолгой нэг сарны орлогоор зохион байгуулаач гэж уриалах гэсэн юм. Энэхүү уриалгыг иргэд, УИХ-ын гишүүд дэмжиж бодит болгоно гэдэгт итгэж байна.

Монголын ард түмний баялгаар орлого олж байгаа Оюутолгой компани заавал ингэж уриалуулахгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлага гаргах боломжтой байсан. Засгийн газар энэ асуудлыг ярьж, шийдэх боломжтой. Тамга тэмдэгтэй уриалгаа Оюутолгой компанид явуулсан.

Дэлхийн хэмжээний чанартай вакцинаар ард түмнийг бүгдийг нь хангахад 150 сая долларын тооцоо гарч байгаа. Энэ судалгааг УОКын дэргэдэх гамшиг судлалын хүрээлэнгээс авсан” гэлээ.

 

+ There are no comments

Add yours