Хоригдоод нэг жил гаруй болж байсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга магадлангаар суллагджээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг анхан болон давж заалдах шатны шүүхээс хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил хорих ял оногдуулсан ба Улсын Дээд шүүхээс тус ялыг хэвээр үлдээн шийдвэрлэж байсан билээ. 

Тэгвэл түүнийг шүүхээс энэ сарын 11-нд буюу өнгөрсөн тав дахь өдөр магадлангийн хурлаар оруулж сулласан байна.

Тэрээр нэг жил гаруй хоригдоод ийнхүү суллагджээ.

Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох /магадлан/ хууль зүйн үндэслэл:

Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын /таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг, таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг, арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй/ хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно.

Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа заахаар хуулиар зохицуулжээ.

Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтооход ШШГЕГ-ын чиг үүргийн тухайд:

Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө.

Хорих анги нь Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох хурлыг 30 хоног тутамд зохион байгуулна.

Хэрэв хоригдол хуульд заасан шаардлагыг хангасан гэж шийдвэрлэсэн тохиолдолд хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хорих ялаас хугацаанаас өмнө суллуулах, хяналт тогтоох саналаа хурлын тэмдэглэл, шаардлагатай бусад мэдээлэл, баримт бичгийн хамт ажлын гурван өдрийн дотор прокурорт хүргүүлж, прокурор үндэслэлтэй гэж үзвэл тав хоногийн дотор дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлэх ба шүүх 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

+ There are no comments

Add yours