А.Амбасэлмаа: Улаанбаатарт 2, Сэлэнгэд 5 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдвар 348 боллоо

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийт 10,308 хүнд шинжилгээ хийхэд долоон  хүний сорьцод коронавиурс илэрлээ.

Улаанбаатарт хоёр хүнээс коронавирус илэрсэн бөгөөд энэ хоёр хүн ойрын хавьтал тул тусгаарлагдсан байсан. Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн л ойрын хавьтлаас илэрсэн.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинээр халдвар бүртгэгдээгүй.

Архангай аймагт батлагдсан хоёр тохиолдлын ойрын болон дам хавьтал 200 гаруй хүний нэрийг гаргаж, шинжилгээнд хамруулж байна. Одоогийн байдлаар 120 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байгаа.

Манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 791 болсон. Үүнээс 354 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 428 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 6, хүнд 4, хүндэвтэр 76, хөнгөн 342 хүн эмчлэгдэж байна” гэлээ.

Дотоодод гарсан 348 халдвар: (2020.11.30-ны байдлаар)

  • Сэлэнгэд 179
  • Улаанбаатарт 77
  • Дархан-Уулд 44
  • Орхонд 22
  • Дорноговьд 21
  • Говьсүмбэрт 3
  • Архангайд 2 батлагдсан тохиолдол байна.

+ There are no comments

Add yours