Тэд ч гэсэн гэртээ айдасгүй ормоор байгаа!!!

Улс орон даяар хүнд нөхцөл байдал үүссэн энэ хугацаанд галын шугаманд ажиллаж байгаа багийн нэг хэсэг нь сэтгүүлчид. Ихэвчлэн залуу сэтгүүлчид маскнаас өөр хамгаалалтгүй шахам цаг тутмын мэдээлэлд явж байгаа энэ үед тэдний хамгаалалт үнэхээр санаа зовоож байна. Үнэндээ, сэтгүүлчид байхгүй бол өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа энэ нөхцөлд иргэд, олон нийт мэдээлэл хаанаас, хэрхэн авах вэ гэдэг нь өөрөө асуудал юм.
Энэ утгаараа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар ч амралтгүй ажиллаж байгаа бөгөөд сэтгүүлчид ч маскнаас өөр хамгаалалтгүй шахам явж, цаг үеийн болон үйл явдлын мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэж ажиллаж байна.
Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагууддаа боломжийн хэрээр маск тараасан, өнгөрсөн долоо хоногт. Мөн бүхий л редакциуд боломжоороо үйл ажиллагааг хумьж, ажилтнуудаа амрааж, ихэвчлэн мэдээний албаныхан ажиллаж байгаа энэ цаг дор холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж байгаа сэтгүүлчиддээ, хэвлэл мэдээллийн байгууллагууддаа хангалттай хамгаалалтыг бий болгох нэн шаардлагатай байгааг анхаарч үзэх хэрэгтэй болов уу.
Тэр дундаа залуу сэтгүүлчид дөнгөж гэр бүл болсон залуучууд, нялх хүүхэдтэй гэр бүл энэ үед ажиллаж байгаа нь санаа зовоож байгаа юм. Магадгүй залуу хүмүүс эрүүл чийрэг биетэй байгаа учир хэр баргийн өвчинг мэдрэхгүй явж байгаад асуудлыг хүндрүүлэх вий. Авах гэж байгаа мэдээндээ хэт улайрч байгаад халдвар хамгаалалтын дэглэмээ зөрчих вий. Гэр бүлдээ санамсаргүй байдлаар халдвар тээж очих вий гэсэн санаа зовоосон олон зүйл байгаа учир мэдээлэл түгээж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлыг ч мөн анхаарах хэрэгтэй байна, Улсын онцгой комисс.
Мөн мэдээллийг цаг алдахгүй олон нийтэд хүргэж ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид, хэвлэлийн төлөөлөгчдийнхөө аюулгүй байдалд анхаарал тавьж, хорио цээрийг дэглэмээ сахиулж ажиллуулах, тэдний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс маскнаас гадна хамгаалалт бүхий хувцас хэрэглэл өмсүүлэхэд холбогдох байгууллагууд нь анхаарахгүй бол нэг л мэдэхэд ниргэсэн хойно мянга хашгираад ч хоцорсон байх вий гэдэг эмзэглэл их байна.
Хэдийгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд хувийн хэвшилд хамаардаг ч төртэй хамтран ажиллах зайлшгүй ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэгийг санаж Улсын Онцгой комиссоос зарим зүйлд анхаарал тавихгүй бол хожимдсон хойно харамсаад ч барахгүй зүйл болох вий гэдэг эмзэглэл өөрийн эрхгүй төрж байна. Тиймээс яаралтай арга хэмжээ авч, хэвлэл мэдээллийнхэн тэр дундаа мэдээ мэдээлэл түгээж шуурхай ажиллаж байгаа сэтгүүлчдийн аюулгүй байдалд анхаарал тавих хэрэгтэй байна. Сэтгүүлчид ч гэсэн ажлаа тараад гэртээ очихдоо айдасгүй баймаар байна!!!!!

+ There are no comments

Add yours