Хүүхдийн ирээдүйг булаагчид Цаазын ял ногдуулья

-Судалгаанд хамрагдсан бүсийн 10 хүүхэд тутмын найм нь хүчирхийллийн золиос болж байна-

Ааваа, та намайг өвтгөөд байгаа юм уу, би муу охин биш биз дээ, та яагаад намайг зодоод байгаа юм… гуравхан настай охины төрсөн эцэг гэх араатандаа хүчиндүүлж байхдаа нулимс, цусандаа хутгалдан байж өгүүлсэн үг энэ байв. Төрсөн охиноо удаа дараа хүчиндэж бэлгийн замын өвчин халдаасан 28 настай хүн араатныг нийслэлийн нэгэн дүүргийн  цагдаагийн хэлтэст шалгаж байна. Дээрх үгийг өөдгүй араатаны үйлдсэн хэрэгт бүрдүүлсэн хавтаст хэрэгт тэмдэглэгдэн үлдсэн байв. Гуравхан настай дэгж дэрвэж явах ёстой жаахан охин адгуусын хүслээ бариагүй бузар этгээдээс болж насан туршдаа бие болоод сэтгэлдээ хэзээ ч эмчлэгдэж мартагдахгүй гүн сорвитой үлдсэн нь энэ. Энэ охин шиг хувь тавилантай хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж өнөөдөр 10 хүүхэд тутмын найм нь ямар нэгэн байдлаар бусдын халдлагад өртөж, хүчирхийллийн золиос болж байна гэсэн судалгаа гарсан байна.

Холбогдох байгууллагад бүртгүүлсэн хүчирхийллийн шалтгаанаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан нийт 17.309 тохиолдлын 1.835 буюу 10.6 хувь нь хүүхэд байна. Эх үрсийн эрүүл мэндийн үндэсний төвийн Өсвөр үеийн клиникт үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 3361 хүүхдийн 58 нь хүчирхийлэлд өртсөнөөс 89.7 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Гэмтэл согогын үндэсний төвөөр үйлчлүүлсэн 910 хүүхдийн 299 нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн 0-16 насныхан байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан судалгаанд 1.206 охин 15-19  насандаа жирэмсэлсэн байгаа бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 582 хохирогчид шинжилгээ явуулахад 46 хохирогчоос л эр бэлгийн эс илэрч, бусад 578 хохирогчоос эр бэлгийн эс илрээгүй нь хохирогч нар гэмт хэрэг үйлдэгдсэн даруйд шинжилгээнд хамрагдалгүй, хэрэг нуугдмал байдалд удаан хугацаанд үргэлжилж хохирогч жирэмлэх болон өөр эх сурвалжийн мэдээллээр ихэнх нь илэрдэгийг харуулж байна.

Хүүхдийн тусламжийн 108 утсаар сард дунджаар 10 мянга гаруй дуудлага хүлээн авсанаас бэлгийн хүчирхийлэлд өртсөн 428 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.  2019 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 217 хүчиндэх гэмт хэрэгт бүртгэгдэж 218 хүн хохирсны 112 буюу 51.4 хувь нь хүүхэд байжээ.

            Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 72 хувь нь гэртээ, 21 хувь нь олон нийтийн газарт үйлдэгдсэн бөгөөд Цагдаагийн байгууллагад хүүхэд хүчиндсэн гэмт хэрэгт 2017 онд 183 гэмт хэрэгт 165 хүн, 2018 онд 235 гэмт хэрэгт 185 хүн, 2019 оны эхний 4 сард 110 гэмт хэрэгт 47 хүн, нийт 528 гэмт хэрэгт 397 хүн сэжиглэгдэн шалгагдсан байна. Гэмт этгээдүүд хүүхдүүдийг ихэвчлэн айлган сүрдүүлэх, дарамтлах, хууран мэхлэх, саймшран дасгах аргаар бузар хэргээ үйлдэхээс гадна  77 буюу 19.3 хувь нь ураг төрлийн, 156 буюу 39.2 хувь нь зүс таних хүн, 164 буюу 41.3 хувь нь үл таних хүн байсан. Ураг төрлийн хамаарлыг нь харуулбал 44 буюу 57.1 хувь нь хойд эцэг, 12 буюу 15.5 хувь нь хүргэн ах, зургаа буюу 7.7 хувь төрсөн эцэг мөн төрсөн ах, дөрөв буюу 5.2 хувь нь өвөө, тав буюу 6.4 хувь нь авга, нагац ах нар байна хэмээн Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаанд тэмдэглэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 11 дүгээр сард “Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай” саналаа тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид албан бичгээр хүргүүлж байв.  Уг албан бичигт “Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл  үйлдэж, тэднийг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгож байгаа нь нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байна. Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийллийн улмаас амь насаа алдсан зэрэг олон нийтийг цочроосон онц ноцтой гэмт хэргүүд сүүлийн үед олноор гарах болсон нь нийгмийг цочроож, олон нийтийг айдаст автуулах боллоо.

Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайлан мэдээнд тусгагдсаныг судалж үзэхэд нэг нас дөрвөн сартай хүүхдийг ч хүртэл хүчирхийлсэн байх ба судалгаагаар өнгөрсөн онд  2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байгаагийн цаана хүсээгүй жирэмслэлт, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудал нуугдаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой юм. Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ялыг оногдуулж, хатуу цээрлүүлж байх саналыг олон нийтийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан олноор  ирүүлж, цаазаар авах ялыг сэргээхийг шаардах боллоо.

Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтөний ёсонд харшлах онц ноцтой, харгис хэрцгий, жигшүүрт үйлдэл юм. Монгол Улсын иргэдийн ухамсар, ёс суртахуун, хүн хүнээ дээдлэх соёл, зан заншлыг үгүйсгэсэн жигшүүрт гэмт үйлдлүүд улам бүр нэмэгдэж байгаа нь манай улс цаазаар авах ялыг халах цаг хараахан болоогүй байсныг илтгэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Үүний хүрээнд бид цөөхөн хүн амаа айх аюулгүй, амар тайван орчинд амьдруулахын тулд, нийгмийн шударга ёсыг хангах үүднээс цаазын ялыг дахин сэргээх ёстой гэсэн иргэдийн зүгээс ирүүлж байгаа санал хүсэлтийг анхааралдаа аван, даруй шийдвэрлэх нь зүйтэй юм…” хэмээн тодорхой өгүүлж байв.

Дашрамд өгүүлэхэд, өнөөдрийн байдлаар дэлхийн 58 улсад цаазын ял хэрэглэгдэж байгаагаас гадна бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт хүлээлгэх хуулийн хариуцлага маш хатуу байдаг юм байна. Тухайлбал, ОХУ-ын Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлд, 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндвэл 12-20 жил, 131.4-т урьд өмнө нь бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт холбогдож байсан этгээд дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулдаг байна.

БНСУ-ын Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд, Бага насны хүүхдийг хүчиндсэний улмаас нас барсан  бол гэмт этгээдэд цаазаар авах эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэдэг бол БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлд бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн харьцаанд орсон байвал 10-аас дээш жил хорих эсвэл бүх насаар нь хорих, цаазаар авах ял оногдуулдаг байна.Мөн дэлхийн зарим улсуудад ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд “Химийн аргаар хөнгөлөх” ял эдлүүлдэг бөгөөд Франц, Швейцарь, Польш,  ХБНГУ-д тухайн этгээд өөрөө зөвшөөрөхгүй бол шоронд ялаа эдэлдэг аж.

Монгол Улсын хувьд Үндсэн хуулиараа цаазын ялыг хэрэглэх бүрэн боломжтой боловч салбар хуулиараа хязгаарлаж хаасан байгаа нь учир дутагдалтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан байдаг. Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагддаг тул цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах эсэхийг Улсын Их Хурал шийдвэрлэх бүрэн эрхтэй. Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд зөвхөн энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг тусгахаар шийдвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн дөрөв дэх хэсгийн “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалтын дагуу нэгдэн орсон конвенцийг мөрдөхгүй болно.

 Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколоос гарах ажлыг хуулийн дагуу Засгийн газар эхлүүлэх нь зүйтэй юм.  Түүнчлэн Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн тав дахь хэсгийн 7-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн бодлого болон гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцдаг тул Та эрх хэмжээнийхээ хүрээнд Хууль тогтоомжийн хуульд заасан журмын дагуу дээр дурдсан асуудлаар холбогдох хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх асуудлыг зохион байгуулж ажиллах эрхтэй. Харин манай өнөөдөр засаглаж байгаа Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайд уг асуудалд сөрөг байр суурьтай байдаг нь хэдийнэ олонд ил болсон нь харамсалтай.

Засаглах эрхээ өөртөө болон тойрон хүрээлэгчиддээ ашигтай байдлаар хөрвүүлдэг эрх мэдэлтнүүдэд ХҮН ЧАНАР суух хүртэл жирийн Монголын хэчнээн хүүхэд гэмт этгээдүүдийн хөлд үрэгдэж, ирээдүйгээ цусаар будаж байгааг хэн ч мэдэхгүй шиг амьдралын хүрд эргэхэд баталсан хуулийнхаа золиос өөрөө ч байхыг ойлгож, алдаагаа эртхэн засаж, улсынхаа ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө зөв алхам хийх цаг болсоныг үүгээр уламжилж байна. Учир нь өнөөдөр жирийн иргэдийн хүүхдүүд золиос болж байгаа энэ гэмт хэргийн гутамшигт эргүүлэгт ирээдүйд өнөөгийн өндөрлөгийн албан тушаалтнуудын үр ач нар унахгүй гэх баталгаа үгүй юм. Гэмт этгээдүүдэд сануулга өгч, жаахан үрсийнхээ амь нас, атгахан биеийг хамгаалж, бузар гэмт этгээдүүдийг цаазаар авах ялаар шийтгэж гүйцэтгэх нь магадгүй энэ төрлийн гэмт хэргийг бүрэн зогсоох “шидэт дохиур” ч байж болохыг үгүйсгэх боломжгүй юм. Монголд цаазын ял хэрэгтэй цаг ийнхүү ирлээ. Учир нь ирээдүйгээ яргалж байгаа гэмт этгээдүүдэд гишгэх газар нартад үлдээх ёсгүй юм.

+ There are no comments

Add yours