Франц Улсын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Францын Элчин сайдын яамны Эдийн засгийн атташе Хюго Дэбруас болон Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д. Сумъяабазар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг эрчимжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд онцгой анхаарч ажиллана гэдгээ дурдлаа. Түүнчлэн Франц Улсын “СҮЭЗ” /SUEZ/ компанийн зүгээс Улаанбаатар хотын усны мэдээллийн сангийн системийг хөгжүүлэх болоод хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгааг уламжлав.

Талууд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр харилцан санал солилцлоо. Мөн хот төлөвлөлт болон нийтийн орон сууцны аж ахуйг сайжруулах зорилгоор Франц Улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран цахим уулзалтыг зохион байгуулах талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 хороонд байрлах Парис хотын нэрэмжит гудамжийг тус улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж болгон тохижуулахад талууд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

+ There are no comments

Add yours