Дорнод аймагт 352 хятад иргэн ажиллаж амьдарч байна

Энэ оны есдүгээр сарын байдлаар Дорнод аймагт БНХАУ-ын 352 иргэн ажиллаж амьдарч байна. Тодруулбал, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий визтэй 334, манай улсын иргэнтэй гэр бүл болсон долоо, цагаачлан амьдарч байгаа найм, бусад хувийн зорилгоор гурван иргэн бий гэсэн мэдээллийг Гадаадын иргэн харьяатын газраас өглөө. Дээрх хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй 334 иргэн арван ААН-д бүртгэлтэй байгаа бол цагаачлах ангилалд багтсан найман иргэн нь тус аймгийн хоёрын хороонд үе дамжин амьдарч буй хүмүүс юм.

Энэ оны 7-р сарын 28-нд Улсын онцгой комиссын хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ руу уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр улсын хэлэлцээрийн дагуу “Ногоон гарц” түр журмыг гарган хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай Петро Чайна Дачин тамсаг ХХК-ийн 35 ажилчин, “ДБЭХС” ТӨХК-ийн өргөтгөлийг гүйцэтгэхээр 58 иргэн гэрээний дагуу орж ирсэн байна. Ингэхдээ зөвхөн Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлж, зохих журмын дагуу тусгаарлалтын дэглэмийг сахиулж байгаа гэв. Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн боомтод Петро Чайна Дачин тамсаг ХХК-ийн 107 иргэн тусгаарлалтад байгаа аж.

 

+ There are no comments

Add yours