Хэний бүлэглэл хотыг “эрхшээх” бол?

Р.Дагвыг НИТХ-ын даргаар, Н.Алтаншагайг хотын даргаар томилохоор зүтгүүлж байгаа бол Д. Сумьяабазарын “хотын даргад төлөөлөгчдөөс биш гаднаас хүн томилох саналтай байгаагаа” намын даргадаа алсуур мэдэгдээд буй гэж хардаж ч болох-
Улс төрийн халуун сэдэв, ирэх дөрвөн жилд энэ хотыг хэн захирах вэ гэхээс илүү ирэх дөрвөн жилд МАН-ын фракциас хэн хотыг “авах” нь вэ гэсэн сониучирхал олон хүнийг нойргүй хонуулж, олон нөхрийг эрх баригч намын дарга нарын үүдэнд нойр, хоолгүй уяж байгаа нь хөгжилтэй. Шударгаа гайхаж, суудалд санаархагчид бүгд л нойргүй хонож, би л хийж чадна, тэрийг л шургуулчихья гэсэн хийрхэл хөл орон хөөрч байгаа энэ өдрүүдэд өндөр үнэтэй виски, өтгөн кофений үнэрт мансуурсан “том дарга” нар хэдийнэ чимээгүйхэн тэврэлдэж, чиний миний болсон сууж ч мэдэх. Тэр бүү хэл хүндхэн цүнхээ хажуудаа дорвитойхон шидэж, хөлөө алцайж, шилээ шөргөөсөн шинэ цагийн цээж хөндүүр баяны гар албан тушаалын урхийг сандайлагч нэгнийхээ гарыг халаасандаа лавхан шургуулж, давхар атгачихаад “наг, наг” инээсхийн суугаа нь ч бас харагдах нь хоржоонтой.
Ийм нэгэн улс төр бужигнасан \эзнээ алд, бужигнах ч гэж дээ\ он цаг дор олны нүдэнд Сумьяа, Хүрлээ хоёр л өртөөд байгаа болохоос шуудхан хэлэхэд хотыг хөгжүүлэх биш хэний халаас түнтийх магадлалтай албан тушаалын сүлжээг хатуухан, халуухан, бариухан, бачимхан барьчих эрх баригчдын сүлжээ бүхий л булчин шөрмөсөө ажиллуулан, бичиг цаасаан үйлдэн, би чадна багаа ажиллуулан байгаа нь мадаггүй үнэн.
Энэ удаагийн орон нутгийн ээлжит сонгуулиар иргэд “цагаан цаас биш” гэдгээ харуулж МАН-д ээлжит сануулга өгөв. Найман жил завсаргүй төр барьсан эрх баригч нам анх удаа шахам орон нутгийг “шороотой бөх”-д алдангаа алдаж, арайхийн цулбуурдаж тогтоосон нь мэдээлэлд ойр бүү хэл мэдээлэлгүй иргэдийн ч хөх инээдийг хүргэсэн юм.
Хэдийгээр нийслэлд МАН ялалт байгуулсан гэж байгаа боловч, ялалтын дайтай ялагдлыг АН шороон дундаас гаргаж харуулж, эрх баригч намынханы толгойг багагүй өвтгөж, бухимдалыг нь асаачихав. МАН-ын унаган мэдрэмж буюу нэгнээ хардах өвчин өнгөрсөн долоо хоногт ихээхэн асч, түрүүчээсээ нэгнээ АТГ-д өгч шалгуулахаар бичиг цаас болон гүйлдэж эхэлсэн бол эрх баригч намын эрхэм генсек, “орон нутгийн сонгуульд өвдөг шороодож, хариуцлага алдсан орон нутгийн намын хорооны дарга нараа өөрчлөх болно” хэмээн мэдэгдсэн.
Ямартай ч хотоо алдаагүй, барьж чадсан МАН хотын удирдлагаа томилох эрхтэй болсон ч эрх мэдлийн төлөө нэгнээ гишгэж хаяхаас буцахгүй хүн дүрстүүд “амилж” хотын даргын марфони хэмээн сайхан нэр өгөх бохир муухайг хормой дороо нуун ил инээж, далд дайсагналцаж үзэлцэх болсон. Уг нь НИТХ-ын дарга, хотын дарга болон орлогчдыг МАН дангаараа томилох бүрэн эрх нь бүрдсэн байгаа. Гэхдээ албан тушаалд шунасан хүмүүсийн шунал зогсохгүй, ард урдахаа бодож намдаа хандив өргөсөн гишүүдийн хандлага, гуйлга тасрахгүй учир бүгд л том албан тушаал горилж, том дарга нарын хаалга сахиж, шөнө нойргүй, өдөр ажилгүй зүтгэж байгаа нь хэнд ч ил болов. Үүнийг эрх баригч намын дарга нарын ээлжит сошиал мэдээллээс ч ядах юмгүй харагдах нь тэр.
Сумьяа юу, Хүрлээ юү, эсвэл бүүр Баясаа юу…
Эрх баригч намын “учиртай гурван толгой”. Итгэл үнэмшил дүүрэн гишүүддээ бол эвтэй гурван лидер болсон эдгээрийн хэн хүчтэй нь хотыг “захирна” гэж байгаа. Сонгуулийн үр дүнтэй зэрэгцэн МАН дотроос дараагийн хотын дарга хэн болох вэ гэх марафони ширүүсч, зарим нь өөрийгөө хотын дарга болно хэмээн бичүүлж эхэлсэн нь тохуутай.
Ирэх долоо хоногоос шинээр бүрдсэн НИТХ-ын 45 төлөөлөгч анхдугаар хуралдаанаа зарлаж, бүлгээ байгуулж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн дарга, бүлгийн дарга нараа сонгох зохицуулалттай. Ингэсний дараа НИТХ хуралдаанаа дахин зарлаж, намын удирдлагаас санал болгосон хотын даргыг томилно.
Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар болон МАН-ын удирдлагуудын зүгээс хотын удирдлага болон ялсан дүүргийн Засаг дарга нараа яаралтай томилж, ажилдаа шуурхайлан орно гэдгээ тодотгож буй. Харин хотын шинэ даргыг томилоход МАН-ын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар нар тохирох ёстой. Мэдээж, энд МАН-ын генсекийн санаа оноо бас том байр суурь эзэлнэ.
Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хувьд нийслэлд ямартаа ч намаа ялуулж, олонхи болж чадсан учраас хотын дарга, НИТХ-ын даргын томилгоонд давуу эрхтэй оролцоно хэмээсэн хүсэл бий. Гэхдээ бүх л намд байдаг шатлал, дарааллаараа бол НИТХ дарга болон Хотын даргаар хэнийг томилох вэ гэдгийг Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх хоёр тохирч байж, намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар орно. Намын Удирдах зөвлөл шийдвэрээ гаргавал НИТХ болон нийслэл дэх МАН-ын олонх дэмжээд явна гэсэн үг.
МАН-ын зүгээс “Нийслэлийн Засаг дарга нь мөрийн хөтөлбөр, хөгжлийн гэрээг уялдуулж, Улаанбаатар хотын хөгжлийг төлөвлөж, ажиллаж чадах чадвар, боловсрол мэдлэгтэй байх ёстой гэсэн ерөнхий зүйл бас бий бий. Байхаас ч аргагүй. Бүх зүйл нэг хүний үйлдлээр бус багаар ажиллах чадварыг суурь болгож тавина… Эх орноо гэсэн сэтгэлтэй, ялангуяа хотын тулгамдаж буй асуудалд гар бие оролцож байсан, ажлын дадлага туршлагатай, сэтгэлтэй, мэдлэгтэй байх, хууль зөрчихгүй, хуулийн хүрээнд ажиллах ёс суртахуунтай байх гэсэн үндсэн шалгуурыг тавина. Өнөөдөр хэт их улстөржихгүйгээр, Улаанбаатарт нэн тулгамдаж байгаа өвөлжилтийн бэлтгэл ажилд яаравчлах зүйл их бий учиир богино хугацаанд ажил руугаа орно” гэсэн байр сууриа илэрхийлээд буй.
Улс төрийн хүрээнд хотын даргад горилогчид болон санаархагчдын олон нэрс явж буй ч хамгийн хүчтэй яригдаж, хөшигний ард “тохиролцоонд” орж байгаа нэрс тун цөөн гэлцэх. Одоогийн хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан жинхлэх хүсэлтэй ил тод илэрхийлж байгаа. Гэхдээ Нийслэлийн МАН-ын хорооны даргын санаа арай өөр гэлцэж буй. Ж.Батбаясгалангийн хувьд улс төрийн суурь нь Т.Бадамжунай. Эрх баригч намын их олон зүйлийн ард “эзэн” болж нууц ноёны дүрд чадмаг тоглодог улс төрийн покерт залуучуудын хөлийг сайн тушиж чаддаг хашир. Тиймээс нэг чадсан юм хоёр чадна гэсэн хамгаалалт бүхий дайралт намд түлхүү явагдаж буй гэлцэх. Харин ерөнхий сайдын хувьд М.Энхболдод найрсаг аашлах нь юу л бол. Саяын сонгуулиар Д.Сумьяабазар үсгүй арчигдсан мэт чимээгүй байгаа М.Энхболдыг “амьд” байгааг сануулж, түүний нэр нөлөө ч байгааг мэдрүүлж охин М.Хуланг нь Сонгинохайрхан дүүрэгтээ квот өгч дэвшүүлэн гаргаад ирсэн. Эндээс харахад М.Энхболд нуувчинд байж, цагаа хүлээж байгаа болохоос арчигдаад алга болчихсон юм байхгүй. Тэр бүү хэл “залуучуудын бүлэг” гэх Д.Сумьяабазарын ард “ах данзан” чимээгүйхэн чиглүүлэг хийн инээмсэглэн сууж байж ч мэдэх гэсэн хардлагыг төрүүлээд буй.
Түүнчлэн Д.Сумъяабазарын зүгээс бас нэгэн хувилбар бий. Энэ нь Р.Дагвыг НИТХ-ын даргаар, Н.Алтаншагайг хотын даргаар томилохоор зүтгүүлж байгаа гэх мэдээлэл эрчтэй явагдаж эхэлсэн. Нөгөө талаар Д. Сумьяабазарын “хотын даргад төлөөлөгчдөөс биш гаднаас хүн томилох саналтай байгаагаа” намын даргадаа алсуур мэдэгдээд буй нь ч энэ яриа хоосон зүйл бишийг батлах мэт. Хамгийн гол нь Д.Сумьяабазар саналаа хэлнэ, намын даргатай зөвшилцөнө. Ингэж байж эцсийн шийдвэр гарна. Харин намын даргын баруун, зүүн халаасанд Баясаа хүүгийн шургуулсан хөзөр яаж байгааг хэн ч мэдэхгүй учир хардлага сэрдлэгэ дэмий хоосон цуу яриа гадуур хийсч буйг хэлэх хэрэгтэй юм. Ямартай ч энэ долоо хоногт МАН дотор өрнөх халуун улс төр бол хотын дарга, НИТХ-ын дарга нарын томилгоо юм. Харин энэ томилгоо долоо хоногийн сүүлчээр баасан гарагт тодорхой болно. Хэний бүлэгт “хар” дарж, хэний бүлэгт гэрэл асахыг тэр цаг дор л бүгдээрээ, бултаараа харах юм чинь, хүлээж л байя даа, хэдүүлээ…

Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours