Согтуу жолооч айлын гэр мөргөж хоёр хүүхэд гэмтэж, хоёр хүн нас барсан харамсалтай осол гарчээ.

 

Энэ мэт гэм, зэмгүй нэгний амьдралыг сүйрүүлж буй согтуу жолоочийн балаг их. Өнгөрч буй долоо хоногт алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

 

Архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс “автомашинаа унаад явчихна”, “ойрхон замд болно”, “их уугаагүй юм чинь зүгээр” эсхүл “баригдахгүй байх” зэргээр хөнгөмсөгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох зэргээр амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна.

 

Бага уусан, их уусанд ялгаа огт үгүй балаг нь хүний амиар хэмжигдэх эрсдэлийг тооцоолж жолооны ард согтуугаар суухгүй байхыг уриалж байна.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн  хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. Мөн 7-30 хоног баривчлах, 480.000-960.000 мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахаар хуульчлан заасан.

+ There are no comments

Add yours