ОХУ-д коронавирус нөхцөл байдал хүндхэн байна

ОХУ-ын хувьд өнгөрсөн долоо хоног цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн таагүй үе байлаа. Энэ хугацаанд коронавирусний халдвар шинээр авсан хүний тоогоороо гурван удаа дээд үзүүлэлтийг давж, нийт тоогоороо хамгийн олон хүн халдварт өртсөн долоо хоног болсон байна.

Энэ сарын 5-11-ний хооронд халдварын нийт 83 717 шинэ тохиолдол гарчээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 31,7 хувиар их гэсэн үг юм. Өнгөрсөн ням гарагт  13 634 хүн халдвар авсан болох нь батлагджээ.

Тус улсад өнгөрсөн тавдугаар сарын 11-нд 11 656 хүн халдвар авч, тухайн үедээ шуугиан тарьсан бол долоо хоногийн үзүүлэлтээрээ тавдугаар сарын 4-10-ны хооронд 75 001 тохиолдол гарсан нь дээд үзүүлэлт болж байлаа.

Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт энэ улсад коронавирусээс үүдэлтэй нас баралт эрс өссөн дүн гарсан. Долоо хоногийн дотор 1239 хүн нас барсан нь өмнөх долоо хоногийнхоос бараг 20 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Үүнээс өмнө 07 дугаар сарын 6-12-ны хооронд 1174 хүн нас барсан нь хамгийн дээд үзүүлэлт болж байсан юм.

Ерөнхийдөө халдвар Оросын бараг бүх бүсэд нэмэгдэж, Воронеж, Орлов, Тверь, Ярослав мужид байдал хүндхэн байна. Одоогоор Орост коронавирусээс болоод албан ёсоор хөл хорио тогтоогоогүй байна.

Харин холбооны түвшинд ажлын бус өдөр, бүсийн түвшинд тусгаарлалтын арга хэмжээ зэргийг авч ажиллаж байна. Энэ улс шинэ хатуу арга хэмжээ авахаас зайлсхийж, иргэддээ олон нийтийн газарт амны хаалт, бээлий өмсөх, зай баримтлах зэргийг зөвлөж байгаа юм.

Гэхдээ Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өнгөрсөн баасан гарагт мэдэгдэхдээ шинэ хязгаарлалт авч болзошгүй гэдгийг анхааруулсан байна.

+ There are no comments

Add yours