Хүүхдүүдийн амь үнэгүй хөгжил нь тэглэгдсэн Улаанбаатар

-Аз жаргалгүй найман хувь буюу амьдралаас хүчээр, зүй бусаар буцаагдсан хүүхдүүдийн амийг хэнээс нэхэх вэ, хотын удирдлагуудаа-

Дарвисан даргын нүдэнд гудамжиндаа, гэртээ, хашаандаа үерт урсаж, живж,  түлсэн түлшиндээ гэртээ утаанд угаартаж, төрсөн эцэгтээ хүчирхийлүүлж амиа алдаж байгаа хүүхдүүд харагддаггүй дэлхийд цор ганц улсын нийслэл бол Улаанбаатар юм. Тэр ч утгаараа нийт оршин суугчдын дунд хийсэн судалгаагаар 92 хувьтай гарсан аз жаргал гэгчийг эдэлдэг аз жаргалгүй иргэд зөвхөн Улаанбаатарт амьдардаг болов.

 “Нийслэл Улаанбаатар хотын иргэд бараг аз жаргалтай болсон, худлаа гэвэл гудамжинд гараад хар” хэмээн Монгол Улсын хотыг засаглаж буй МАН-ы хурган дарга нарын нэг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва хэвлэлээр зандрав. Түүний хэлснээр бол Улаанбаатарчуудын 92 хувь нь аз жаргалтай юм байх.  Ингэхэд, аз жаргалтай байна гэдэг ямар байхыг хэлэх вэ. Амьдрал нь бүрэн дүүрэн, орох оронтой, идэх хоолтой, өмсөх хувцастай, сурч боловсрох боломжтой, ирээдүйдээ итгэлтэй байхыг аз жаргалтай гэж хэлэх үү. Мөн аз жаргалтай гарсан 92 хувийн ард үлдсэн найман хувийн аз жаргал хаачив.  Энэ л азгүй хэсэгт өдөр өнжихгүй бусдын буруугаас хорвоогоос буцаж байгаа бяцхан зүрхүүд орж байгаа юу.

Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон бол 2020 оны эхний 8 сарын байдлаар зам тээврийн осолд 317 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 313 хүүхэд гэмтэж, 48 хүүхдийн амь нас хохирсон  байна. Зам тээврийн осол, хэргийн улмаас амь насаа алдсан хүүхдийн 70 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан учир тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж онхолдох үед хамгаалах бүс болон зориулалтын суудал хэрэглээгүй улмаас цонхоор шидэгдэх, тээврийн хэрэгсэлд дарагдаж амь насаа алдсан. Мөн 20 орчим хувь нь хүүхэд эцэг, эх асран хамгаалагч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ хайхрамжгүй хөдөлсний улмаас автомашинд дайруулсан бол үлдсэн 10 орчим хувь нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн байна. Эх сурвалж Тээврийн цагдаагийн газар.

Монгол Улсын хэмжээнд 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар 887.339 өрх бүртгэгдсэний 67 хувь хот суурийн газар, 33 хувь нь орон нутагт амьдардаг. Нийтдээ нэг сая 27 мянган хүүхэд аж төрж байна. 2017 оны эцсийн байдлаар 3.553 өнчин хүүхэд бүртгэгдэж, 21 байгууллагын 31 асрамж халамжийн байгууллагад 1.021 хүүхэд амьдарч байна. Мөн өнгөрсөн онд 16.800 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4.100 хос гэр бүлээ цуцлуулсан.

Хамгийн харамсалтай нь,  2020 энэ оны эхний таван сарын байдлаар 100 орчим хүүхэд ямар нэгэн гэмт хэргийн улмаас хохирч, 1600 хүүхэд гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алдсан.

2019 онд хурдан морины 394 уралдаан зохион байгуулагдсанд давхцаагүй тоогоор уралдаанд 10334 хүүхэд оролцсон. Мориноос унасан 629 хүүхэд, гэмтэл авсан 169 хүүхэд, бүртгэгдсэн. Тэдний хоёр нь амь насаа алдаж, гурван хүүхэд насан туршийн эдгэшгүй өвчтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй болсон.

2017 онд бага насны 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг бөгөөд Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын харьяа 108 төвийн тусламжийн утсанд 2020 оны  нэгдүгээр улирлын байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн 68 дуудлага ирсэн. Улс орны хэмжээнд сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 2018 оны эхний улирлын байдлаар 424 байсан бол өнөөдрийн байдлаар 499 болсон. Эдгээрийн 71.2 хувийг нь ойрын хамаарал бүхий этгээд үйлдсэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, төрсөн эцэг, хойд аавдаа, хамаатныхаа ах, танилдаа хүчиндүүлсэн байх жишээний.  Түүнчлэн он гарсаар бие махбодын хүчирхийлэлд 299 хүүхэд, бэлгийн хүчирхийлэлд 68 хүүхэд өртсөн гэсэн тоо байна.

Ганцхан жишээ, хойд эцэгтээ зодуулж амиа алдсан хөөрхий охины амиа алдсан хэрэг аз жаргалтай хотыг доргиосон ч дарга нарын дүлий чихэнд даанч хүрсэнгүй замхарч байна. Хамгийн цочирдмоор нь есхөн настай жижигхэн охин ганц удаа зодуулаад хорвоог орхиогүй, зодуур, хүчирхийлэл дор амьдарч байсан байдаг. Талийгаач охин нэг эгчтэй, эгч нь өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй, бусдын асрамж, халамж шаардлагатай нэгэн. Хоёр охины төрсөн эцэг амьд эсэхийг мэдэхгүй, ээж нь дахин хүнтэй сууж, хүүхэд төрүүлсэн, одоо дахин нэг хүүхдийн зулайг үнэрлэхээр хүлээж буй, хойд аав нь тогтсон ажилгүй…

Нийслэлийн хамгийн зүүн захад орших Баянзүрх дүүрэгт уг гэр бүл бүртгэлтэй ч тэр хаяг дээрээ байдаггүй, сүүлийн хоёр жилд хэд хэдэн удаа байршлаа сэлгэн нүүсэн ч төрөөс өгдөг хүүхдийн мөнгө болон халамжийн мөнгийг албан ёсны бүртгэлтэй хаягаараа таслалгүй авч байсан. Хөөрхий охиныг хойд эцэг нь зоддог байсныг ойр хавийн айлууд нь мэддэг байсан, охины 7-8 хавирга хугараад бороолсон байсан гэдгийг эмч хэлсэн.

 Ингээд тоочоод бичихэд л аз жаргалгүй найман хувьд ХҮҮХДҮҮД хамаарагдаж байгаа нь ил байна гэсэн үг. Охины үхэлд буруутай хүнийг тодруулах ажил бүхий л шатанд явагдаж байна. Мэдээж хамгийн түрүүн, хойд эцэг, төрүүлсэн үрээ хамгаалж чадаагүй, хойд эцгийг нь буруугүй хэмээн яриад сууж байгаа ээж, хорооны нийгмийн ажилтан, охины сурдаг сургууль гээд л…  Хамгийн гол нь буруутныг оллоо гээд найман хувийн бүлгээс гарч чадна гэж үү, хүүхдүүд.

Хүүхдүүд зүй бусаар хорвоогоос буцаж, хүүхдүүд зүй бус бүхний золиос болж, хүүхдүүд амьдрах орчингүй мухардаж байна. Цагаан цамцны гол, албан тушаалын боолуудаа… Новшийн улс төрчид, новшийн улс төрийн боолуудаа. Харсаар, алсаар, харсаар буцаасаар, харсаар, алуулсаар байх уу????

Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours