Төсөв нь нэмэгдээд ч төрийн хамгаалалтын гадна үлдэгсэд…

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хамгааллын санхүүжилт рүү “гар дүрдэг” эмэгтэй Их хурлын гишүүдэд ичих нүүр байгаа юу-

Манай улс төрчдийн супер асуудал бол “мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгох онцгой авьяас” юм. Энэ утгаараа тэд маш олон гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт бүхий зориулалттай төслийг ард түмэн нэрээр өөрсдөдөө давуу байдал бий болгож ашигладаг. Ийм ч учраас арай их эрх мэдэлд дуртайнууд нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болох гэж, түүний дараагийнх нь агентлаг, газар, хэлтсийн дарга нар болох гэж байгаагаа тавин зүтгэдэг. Тэд энэ албан тушаалд очихын тулд эхнэрээ бусдын өвөрт чихэж, нөхрөө бусдын өмнө сөхрүүлнэ. Хүүхдээ хүргэн, бэр болгож “богтолж”, боломжтой бол өөрсдөө “нууц амраг” болохоос сийхгүй. Ёстой л хүчтэй, хүчгүйгээ барьж идэхийн шидийг харуулж, буй бүхнээ золиосолж, зүтгэнэ. Үүнийгээ “СОНГУУЛЬ” гэж хуульчилна.

Монголчууд өнгөрсөн хугацаанд мэдээлэлд ойр их хурлын гишүүд хэрхэн ЖДҮ-гийн зээл “хусч” баяждагийг, мөн мөнгө дагасан бүлэглэл хэрхэн нэгнээ барьж идэхийн тулд задардагийг зах зухаас нь харж, бах таваа хангаж, бүүр сүүлдээ өөрийн өвдөг цоорхойгоо мэдэхгүй, өрөөлийн хулгайлсан хөрөнгө нимгэрэх вий хэмээн эмзэглэж “сүйд болсон”. Харин иргэдийн энэ итгэл, мөхөсхөн, сониучхан байдал дээр нөгөө хэдэн улс төрчид маань хэрхэн “бүжиглэж” болдгийг яруу тодоор харуулсаар гарч ирсэн, эзэн суусан, эргээд “идэж эхэлсэн”. Ингэж бичлээ гээд “гүжирдсэн” гэж цагдаа шүүх болон давхилдав, эрхэм улс төрчдөө… энд зарим нэг хэт заримдагуудын тухай ярьж байгаа болохоос нийт заримдагуудыг хамруулаагүй гэдгийг сэхээрч, ойлгоно биз.

ЖДҮ-ГЭЭС ДОР ДЭЭРЭМ БОЛ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨСВӨӨС ШОМБОДОГЧИД

Монголын улс төрд эрээ цээргүй этгээдүүд илүү хожиж харагддаг. Арга ч үгүй байх, хэт интертаймант амьдралд дуртай хөгжимлөг ард түмэн учир нэрийг нь барин нидэрч байгаа нэгнээ хамгаалж сүйд болох нь их. Ийм нэгэн нөхцлийг ашиглаж, өөрийгөө төдийгүй, хамаатан садан, үр хүүхэд дүү нараа “ивээн тэтгэгч” төрийн мөнгийг “залгигч” ичгүүргүй бүлэглэлийг би энэ удаа цусах дурдах гэж байгаа юм. Учир нь хэт ичгүүргүй хүмүүс нэгдэж буй учир өөрийн эрхгүй анхаарал татсан хэрэг.

Хүүхэд хамгааллын жилийн төсөвт төсөвлөгдсөн найман тэрбумын эрэлд найман тэрбумаас хумслагчид нэгдэж байгаа нь өнөөгийн эрх баригч намын бүтээсэн дүр нийгмийг бүрдүүлж байгаагийн эмгэнэл юм. Гэр бүлийн хүчирхийллийн талаархи хэлэлцүүлгийг Байгаль орчны сайд нь удирдаж байгаа энэ цаг үед тус хэлэлцүүлгийн оролцогчид нь хөгжмийн нэрт зохиолч эрхэмээс эхэлж байхад “үзээд өгий” гэсэн ч үнэн зуларч одохоор харамсалтай санагдах.

Үнэндээ, ийм хурал зөвлөгөөн нэртэй ус гоожсон ээлжит шоугаа орхиогүй цагт энэ нийгэмд бодит үнэнг ярилцах чигчийн чинээ ч орон зай олдохгүй нь үнэн юм. Монгол Улсын хэмжээнд  нэг сая 27 мянган хүүхэд бүртгэгдсэнээс  2017 оны эцсийн байдлаар 3.553 өнчин хүүхэд бүртгэгдэж, 21 байгууллагын 31 асрамж халамжийн байгууллагад 1.021 хүүхэд амьдарч байна.  2020 энэ оны эхний таван сарын байдлаар 100 орчим хүүхэд ямар нэгэн гэмт хэргийн улмаас хохирч, 1600 хүүхэд гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алдсан. 2019 онд хурдан мориноос 629 хүүхэд унаж,169 хүүхэд гэмтэл авсанаас хоёр нь амиа алдаж, гурван хүүхэд насан туршийн эдгэшгүй өвчтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй болсон.  Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын харьяа 108 төвийн тусламжийн утсанд 2020 оны  нэгдүгээр улирлын байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн 68 дуудлага ирсэн. Улс орны хэмжээнд сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 499 болсон. Эдгээрийн 71.2 хувийг нь ойрын хамаарал бүхий этгээд үйлдсэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, төрсөн эцэг, хойд аавдаа, хамаатныхаа ах, танилдаа хүчиндүүлсэн байх жишээний.  Түүнчлэн он гарсаар бие махбодын хүчирхийлэлд 299 хүүхэд, бэлгийн хүчирхийлэлд 68 хүүхэд өртсөн. 2020 оны эхний 8 сарын байдлаар зам тээврийн осолд 317 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 313 хүүхэд гэмтэж, 48 хүүхдийн амь нас хохирсон  байна…

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН САНХҮҮЖИЛТ РУУ “САВРАА ДҮРЖ” БАЙГАА ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭД ИЧИХ НҮҮР ГЭЖ БАЙНА УУ

Монгол Улсын Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэргэдэх агентлаг бий. Уг агентлагийн ажлыг тэнд ажиллаж байгаа мэргэжилтэн, дарга, цэргүүд нь хэрхэн ажиллаж байгааг элдэв хамгаалалтгүй, бас шоу цэнгээнгүй очоод үзэх, танилцах салбарын сайд ч байхгүй нь хамгийн том эмгэнэл шүү. Ийм байж хүүхэд хамгаалал, монголын маргааш, монголын ирээдүй хүүхэд мүүхэд гэж худлаа ярихаа болих хэрэгтэй. Мөн их тоотой мөнгө төсөвлөж, элдэвд шуналтай “шидтэн” болсон эрх мэдэлтнүүдийн шуналыг ч ийшээ асаахаа болих цаг болжээ гэмээр байна. Хүүхэд гэдэг гэгээн ертөнцийг ашиглаж бузар шуналаа асаасан хэсэг бусагчууд энэ салбарын санхүүжилтыг эрх мэдлээрээ далайлгаж идэж уусаар чимээгүй залгисаар бүүр ёс болов. Хамгийн эмгэнэлтэй нь энэ салбараас “идэгсэд” эргээд энэ салбар руу дайрч, эрх мэдлээ далайлган үлдсэн жаахан санхүүжилт рүү нь шүлсээ үсэргэж байгааг юу гэхэв. Энд хэн хяналт тавих юм.

Зөвхөн жишээ дурдая, сүүлийн үед маш чангаар хашгирч, энэ салбар руу дайрах болсон эрх мэдэлтнүүдээс албан тушаалтнуудыг шалгадаг эрх бүхий хуулийн байгууллагууд ажлаа эхлүүлбэл яасан юм. Тэд ямар эрх мэдлээр яаж агентлагууд руу хуруу савраа дүрж “агнаж” байгааг шалгах, тогтоох, шаардлагатай арга хэмжээг авах ёстой байгууллага нь мэдээж хууль хяналтынхан байж таарна. Тиймээс УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Баярсайхан нарыг заавал шалгах ёстой гэж шаардаж байна. Учир нь энэ хоёр гишүүн Хүүхэд хамгааллын салбарт хувиарлагдсан найман тэрбумын санхүүжилтээс ямар эх үүсвэрээр, ямар хамаарал бүхий компани, төрийн бус байгууллагаар, ямар шалгуураар хэрхэн, хэдэн төгрөгийн санхүүжилт аваад байгааг тогтоох ёстой.

Зовлонд унаж шаналж байгаа хүүхдүүдэд туслах ёстой санхүүжилтээс ямар шалгуураар яах гэж “сааж” байгаагаа энэ хоёр гишүүн тайлбарлах ёстой. Учир нь Б.Баярсайхан гишүүн төрсөн дүү Б.Амарсайхандаа “хүүхдийн кино хийхэд санхүүжүүлнэ” гэсэн нөхцлөөр Хүүхэд хамгааллын сангийн хөрөнгөөс  гаргуулсан хэдэн зуун саяар хэмжигдэх санхүүжилт албан тушаалаа ашиглан нөлөөлөл бий болгон гаргуулсан байдаг. Энэ мөнгө хаачив, тэр кино нь хаана байна. Мөн тэр кино зовлонд унасан хүүхдүүдэд ямар нэмэр болох юм бэ гэдгийг тогтоох ёстой байх. Мөн М.Оюунчимэг гишүүний 2019 онд Хүүхэд хамгааллын сангаас авсан 35 сая төгрөгийн тайлан, мөн Чингэлтэй дүүргийн Хүүхэд  Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар яагаад заавал түүний хамаарал бүхий төрсөн эгч Мөнхөөгийн Цэцэгээ, эсвэл дотно харилцаатай хүн томилогдож ажиллах ёстойг шалгах хэрэгтэй. Учир нь ийм мунхаглал энэ салбарын санхүүжилтыг хаа хамаагүй зүйлд самруулж, хүүхдүүдэд зориулсан төсөв санхүүжилт буруу гараар үрэгдэж, үндсэн эзэддээ очихгүй байна шүү дээ.

Нөгөө талаар энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс нь өөрсдөө хамгаалалтад орох шаардлагатай болчихсон байгаа нь тус байгууллагад очсон хэн бүхний нүдэнд ил байгаа харамсалтай нэг эмгэнэл юм шүү. Учир нь 2016 оноос хойш Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт ажиллаж байгаа хүмүүсээс сэтгэлзүйч, нийгмийн ажилтнаар ажиллаж байсан таван хүн тархины хавдраар, агентлагийн дарга асан нь нойр булчирхайн хавдраар өвчилж, эмнэлэгийн орон дээр хадагдсан байдаг. Энэ салбарт ажиллах гэж чин сэтгэлээсээ зүтгэсэн тэр хүмүүст оногдуулсан мэт энэ их өвчин зовлон юунаас гээч???

Сэтгэл зүйн асар их тэвчээрийг гаргадаг, хүүхэд хамгааллын салбарт хэн дуртай нь ч ажиллаж чадахгүй. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, зодуулсан цохиулсан, амиа хорлох эрсдэлтэй хүүхэд, эмэгтэйчүүдтэй тулж ажилладаг маш хүнд үйлчилгээний салбар. Тэгсэн атлаа цалин маш бага, хангамж бүүр байхгүй, ажлын цаг дууссан ч ажиллаж л байдаг чин сэтгэлтэй нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид шалгарч үлддэг цор ганц байгууллага учир энэ салбарын  хүний нөөц маш тогтворгүй…  Гэтэл УИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын зардлаас мөнгө авч амин хувьдаа завшиж байна гэдэг эмгэнэл цаашаа биш гэж үү.

ХҮҮХЭД ХАМГААЛЛААР ХЭН ЮУ ХЭЛЖ БАЙСАН БЭ?

Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн дарга асан О.Алтансүх \2019.0417\, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар төсвийн хуваарийг баталсан. Дөрвөн тэрбум төгрөг орон нутаг, сум, аймаг дүүрэгт хуваарилагдаж байгаа. Хүүхдийн тооноос хамааралтайгаар 47.5-120 сая төгрөг орон нутаг тус бүрд оногдож байгаа. Улаанбаатар хотод 2.6 тэрбум төгрөг хуваарилагдсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төсөвт тэрбум төгрөг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын /харьяа байгууллагууд ороод/ зардалд 2.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга \2019.0417\, Төлөвлөлт үр дүнд хүрч, зарцуулалт хяналтад байна гэдэгт итгэж байна. Өнгөрсөн жил таван тэрбум төгрөг байсан төсвийг  найман тэрбум болгосон тул цаашид илүү анхааралтай ажиллаарай. Хүүхэд хамгааллын чиглэлээр эхлүүлсэн төслийн асуудлаар, зам тээврийн ослоос сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар цагдаагийн байгууллага анхаарч ажиллах ёстой.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг \2019.0417\, ЦЕГ сургалт, хүмүүжлийн болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа. Сургуулийн орчинд хүүхдийг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Бид 2017 онд сургуулийн орчимд 400 орчим өсвөрийн сэргийлэгч бүлгэм байгуулсан. Энэ жил 200 гаруйг нэмж, 650 өсвөрийн сэргийлэгч бүлгэм байгуулагдан ажиллаж байна. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр төсөл боловсруулж, зардал нь шийдэгдсэн. Хууль сахиулахын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмадуудыг сурагчдын сургууль-гэр-сургууль гэсэн маршрутаар зорчих замын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллуулах, ажиллах хүмүүсийг судалж байгаа. Улаанбаатар хотын 153 хорооны хүүхдийн ирэх, буцах замын аюулгүй байдал гэж үзээд 700 орчим цэг бүртгэсэн. Эдгээр замд иргэд олон нийтийн дэмжлэгээр, хуулийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан ахмад ажилчид буюу 6000 хүний судалгааг гаргасан. Тэдгээрээс 800 орчим хүнийг аюулгүй байдал хангах чиглэлээр ажиллуулна. Тэдгээр хүмүүс 350 мянган төгрөгөөр гэрээ хийж дээрх ажлыг хийх эсэхийг мөн судалж байгаа.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү \2019.0417\, Хүүхдийн эрхийн аюулгүй байдлын талаар боловсруулсан эрхзүйн бичиг баримтуудад санал тусгуулахаар саналаа Төрийн захиргааны төв байгууллага, УИХ-д хүргүүлсэн. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад боловсрол, соёлын хяналтын чиглэлээр ЕБС-ын сургалтын орчны стандарт, сурагчдын  дотуур байрын стандарт, хүүхдийн зуслангийн стандартуудыг боловсруулахад тодорхой саналууд өгсөн. Эдгээр саналууд нь сүүлийн хоёр, гурван жил мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтын дүн юм. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөлд 46 санал өгсөн. Цахим тоглоомын газарт мөрдөх журам зэрэгт мөн бид санал, дүгнэлтээ хүргүүлж байгаа.

 

НАЙМАН ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТ БАТЛАГДСАН Ч…

Хөрөнгө гаргаад ч хүүхдээ хамгаалж чаддаггүйн учир юунд байна вэ? Хүүхэд хамгаалал, хөгжлийн төсөв нэмэгдсэнээр бодит үр дүн гарсан эсэх, энэ чиглэлийн төсөв оновчтой зарцуулагдаж байгаа эсэхээр асуудал хариуцсан бүх албан тушаалтнууд таг чиг. Хэдий болтол чихэн дүлий, нүдэн балай байж, хүүхдүүд хохирсоор байх вэ. 2019 онд хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвийг ядаж энэ оныхоос бууруулахгүй байх санаачлагыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа дэмжиж ажил хэрэг болгож, УИХ-д санаачлага гаргах ажлыг хариуцан ажилласанаар гишүүд дэмжиж 2019 оны төсвийн төсөлд хүүхэд, хамгаалал хөгжлийн төсвийг найман тэрбум болгож нэмэгдүүлсэн.

УИХ-ын чуулган дээр, Д.Оюунхорол гишүүн, “Хүүхэд хамгааллын зардлыг Засгийн газраас оруулж ирэхдээ өмнөх жилийн 6.4 тэрбумаас 2.4 тэрбум төгрөг болгон бууруулж оруулж ирсэн. Өнгөрсөн жил УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг хүүхэд хамгааллын төсвийг 6.4 тэрбум төгрөгт хүргэсэн байсан. Гэхдээ энэ зардал нь ч хуулийн хүрээнд хангалттай арга хэмжээ авахад хүрэлцэхгүй байсан. Гэтэл Засгийн газраас 2.4 тэрбум төгрөг болгон бууруулсан.  Хүүхдийн эсрэг хүчирхийлэл их байгаа энэ цаг үед бодитой арга хэмжээ авахын тулд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын оруулж ирсэн саналыг үндэслээд энэ чиглэлийн төсвийг найман тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зардлыг анх оруулж ирсэн төслөөс нь бараг гурав дахин нэмэгдүүлж байна” гэдэг мэдээлэл хийж байв.

Харин НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад хүүхэд хамгаалал, хөгжлийн холбогдолтой хуулиудыг бүрэн хэрэгжүүлэхэд 22, бүр багадаа 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгааг танилцуулж,  2019 оны төсвийн төсөлд туссан найман тэрбум төгрөг энэ чигтээ батлагдаж чадвал хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар дорвитой, үр дүнд хүрэхүйц ажлууд хийж болохоор байна гэдэг дүгнэлт танилцуулж байв.

АЖИЛЛАЖ БАЙГААД НЬ ОЛДОГГҮЙ САНХҮҮЖИЛТЫГ АРЫН ХААЛГААР АВДАГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД ХЭНИЙХ ВЭ?

Өөрийгөө хамгаалах чадвар нь хязгаарлагдмал, өөрөө бусдаас тусламж хүсч чаддаггүй, насанд хүрэгчдээс хамааралтай учир аливаа сөрөг хүчин зүйлд өртөмтгий байдгаас хүүхэд хамгаалал ямар ч  улс оронд анхаарах ёстой нэн тэргүүний асуудал юм. Манай улсын хувьд ч мөн адил нийгмийн эмзэг, хөндүүр сэдвүүдийн нэг болсон хүүхэд хамгааллын асуудал жилээс жилд улам хурцдаж байгаа.  Харамсалтай нь жил хүрэхгүй хугацааны дараа хүүхдэд хэмээн тодорхойлсон энэ их мөнгө ямар ч эерэг үр дүн авчраагүй төдийгүй харин ч эсрэгээрээ хүүхдийн эрхийг зөрчсөн захиргааны зөрчлийн хэмжээ өмнөх оныхоос өссөн байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд төсөвлөгддөг байсан хүүхэд хамгаалалд зориулагдах ёстой хэмээн төсөвлөсөн мөнгөний 95 хувь нь хүүхэд хамгаалах чиглэлийн төрийн байгууллагуудын ажилтнуудын цалинд, үлдсэн  таван хувь буюу 100 сая орчим төгрөг нь хүүхэд хамгааллын үйлчилгээнд зориулагддаг болохыг 2019 онд сэтгүүлч миний бие хөндөж гаргаж ирсэн ч хэн ч тоогоогүй өнгөрүүлсэн.

Тиймээс хүүхэд хамгаалахад хөрөнгө л дутаад байна гэсэн шалтгаанаар төсвөөс авсан мөнгөний зарцуулалт, түүний тайлбарыг үргэлж хайж, эрж явдаг миний хувьд маш аймшигтай, эмгэнэлтэй зүйл бол зориулалтаар зарцуулагдаагүй санхүүжилт төсөв нэмэгдэх хэрээр улам ихэсч байгаад юм.  Хувьчлан танилцуулсан энэ тоо бага харагдаж байж болох ч мөнгөн дүнд шилжүүлэн харвал өөр гэдгийг санаарай. Тухайлбал, 2019 онд төрийн бус байгууллагуудтай гэрээ, санамж бичгийн хүрээнд зарцуулсан зардал- 23.9 хувь гэдэг нь 525.8 сая, Хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтад – 12.6 хувь буюу 277.2 сая төгрөг байгааг энэ чиглэлд шалгалт хийж байгаа санхүүгийн байгууллагууд анзаарахгүй өнгөрнө гэж баймааргүй санагдах.

Зүгээр л мэдээлэлд ойр, мэдэл ихтэй улс төрчдийн халаасны төрийн бус байгууллагууд уу, үнэхээр юм хийдэг, хэрэгтэй төрийн бус байгууллагууд уу гэдгийг ялгах цаг болсоны хамгийн тод илрэл нэр бүхий хоёр эмэгтэй гишүүдэд хамаарах дээр дурдсан асуудал юм. Шуудхан хэлэхэд, “цогц үйл ажиллагаа” хэмээн нэрлэгддэг ТББ-уудтай гэрээ байгуулахад хүүхэд хамгааллынхаа мөнгөнөөс олон зуун саяар нь зарцуулан гэрээ байгуулсны үр дүн хаана байна вэ? Цогц нэгдмэл үйл ажиллагаа шаарддаг хүүхэд хамгаалалд олон улсын ТББ-ууд, олон нийтэд түшиглэсэн байгууллагууд, шашны байгууллагууд, санхүүжүүлэгч болон хувийн хэвшлийн байгууллагууд гэх мэтээр бүхий л талууд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг болохыг үгүйсгүй ч ҮР ДҮН хаана гацав гэдгийг үүнийг бичигч би вээр үргэлж хайж байгаа ч хариулт яагаад ийм ээдрээтэй байдгийг үл ойлгох.

Учир нь хүүхдийн төлөө хэмээн сэтгэлээ чилээн, хувийн амьдралаа ч хойш тавин зүтгэж, төрийн ачаанаас үүрэлцэж яваа нэр бүхий ТББ-уудын төлөөлөлтэй уулзахад “улсын төсвөөс өгсөн мөнгөнөөс бидэнд хуваарилагдаж ирдэг зүйл байхгүй” гэсэн хариулт өгч байгааг анхаарахгүй орхиж  болно гэж үү. Хагас тэрбум төгрөг зарцуулагдсан тэр гэрээ санамж бичгүүдийг байгуулсан ТББ-ууд хаана, ямар үйл ажиллагаа явуулж байна???? Яагаад төрийн ордонд сүр болгон хийдэг Хүүхдийн хамгаалалтай хамааралтай хурал зөвлөгөөнд сэтгэлээ чилээн зүтгэдэг ТББ-уудын төлөөлөл байдаггүй юм бэ. Яагаад ийм хурал зөвлөгөөнд  энэ чиглэлийн бодит үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ын төлөөлөл оролцдоггүй, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй дүүрэг, хороодын нийгмийн ажилтангүй, хүүхдийн хүчирхийллийн эсрэг зогсож буй хэн ирдэггүй юм бэ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours