У.Хүрэлсүх: Эдийн засгийг төрөлжүүлэхэд Японы хөрөнгө оруулалт, технологийг нэвтрүүлэх нь нэн чухал

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл гэдгийг хэлжээ.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүга-гийн тэргүүлж буй Засгийн газар манай улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд манай “гуравдагч хөрш” Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ оны зургаадугаар сард болсон парламентын сонгуулиар ялалт байгуулж, Засгийн газраа эмхлэн байгуулсанд баяр хүргээд Монгол, Японы Засгийн газрын тэргүүн нар цаашид нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал зорилт гэдэгт хоёр тал санал нэгдсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн салбаруудад Японы хөрөнгө оруулалт, техник, технологийг нэвтрүүлэх нь нэн чухал болохыг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

+ There are no comments

Add yours