Орон нутагт МАН-ын бүтээх “ургийн баяр”

– Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн, Д.Сумъяабазарын баз, УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр толгойлуулсан нэр дэвшигчид нийслэлд МАН-ыг “өнгөлнө”-

Шогч зарим нь 2020 оны орон нутгийн сонгуульд МАН худ ураг, хуурай ахан дүүс, туслах зөвлөх, цүнх барьж, хоол халаагчаа нэр дэвшүүлж байна гэлцэх. Товчхон хэлэхэд орон нутгийн сонгууль нэрээр “улс төр дахь ургийн баяр”-аа хийж байна гэж шогчлох. Нээрээ л ч оргүй биш ортой, үндэслэлгүй биш үндэстэй аж. 2020 оны есдүгээр сарын 6 буюу өнгөрсөн ням гарагт улс төрийн хоёр томоохон намууд болох МАН, АН-ы нийслэлийн намын хороод нь нэр дэвших гэж горилогсдын хөлд дарагдаж өнжсөн юм. Хуулийн хугацаандаа намууд хуралдаж, орон нутгийн сонгуульд нэр дэвших горилогчдыг батламжилж чадсан ч ихээ олон хүний нулимсыг энгэрт нь эгшээж, энэ хэрээрээ цөөнгүй хүний нүдэнд баярын нулимсыг хуралдуулсан шийдвэрийг нам толгойтой улс төрчид гаргасан нь олны анхаарлын төвөөс гарсангүй ээ.

 Ерөнхий сайдын хүргэн, нийслэлийн намын даргын баз, их хурлын даргын зөвлөх зэргээр намын томчуудын сүүдэрт хургаж, “сүүтэй угж”-ны амсарт хошуугаа нааж, үнэтэй машин, өндөр албан тушаал, ямбатай төрх, ялдамхан инээдээр нүүрээ чимдэг залуу үедээ элэгтэй сонголтыг ням гарагт Нийслэлийн монгол ардын нам гаргасан байна. Нийслэлийн МАН-аас гаргасан орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр батламжаа гардсан нэр дэвшигчдийн жагсаалтыг харвал боловсрол, мэдлэг туршлагаар цойлох залуучуудаа бус хар багаасаа нам дагаж, цүнх барьж гүйсэн даргын зөвлөх, туслах, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч сэтэртэй хэдэн залуу, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн, Д.Сумъяабазарын баз, УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх… гэх мэтээр намын нөлөө бүхий албан тушаалтнуудын найз нөхөд нь,  дүүргийн ганц хоёр Засаг дарга гэх мэтээр нэлээд хумигдмал төвшинд сонголт хийсэн нь анзаарагдана.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Пүрэвдагва НИТХ-д Баянзүрх дүүрэгт нэр дэвших гэнэ. УИХ-ын сонгуулийн өмнөхөн МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон түүнийг тухайн үед намрын орон нутгийн сонгуулийн сууриа цутгаж байсныг нь өнөөдөр ийнхүү баталгаажсан гэсэн үг.

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазарын баз Г.Төгөлдөр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших эрхээ авсан. Г.Төгөлдөр нь Анод банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Гүр-Аранзын хүү бөгөөд Д.Сумьяабазарын эхнэр Ч.Мичидмаагийн төрсөн дүүтэй гэрлэсэн нэгэн. Г.Төгөлдөр 2015 онд  ах дүү хоёр аварга Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын үүсгэн байгуулсан “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны Төсөл хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Д.Сумьяабазарын дэмжлэгээр Хөгжлийн банкны дэд захирлаар томилогдож байсан албан тушаалын азтай нэгэн бөгөөд улс төрийн сонголтоо Сонгинохайрхан дүүргээс эхлүүлж, УИХ-ын босгыг сэтгэлдээ тээж алхаж байгаа нь энэ болов.

УИХ-ын дарга Г.Занданшатарын хэвлэлийн төлөөлөгчөөс зөвлөх хүртэл дэвшиж, сошиалд багагүй дуулиантай амьдардаг З.Төмөрийг улс төрийн хүрээнд танихгүй хүн цөөхөн. Түүнийг гадаадын томилолт, сауны уулзалт зэрэг нууцын зэрэглэлтэй уулзалтуудаас гэнэ гэнэ содон зураг, лайв бичлэг гаргаж сошиалын түмний анхаарлыг санаатай санамсаргүй татаж, өөрийгөө үнэд хүргэж, асуудалтай улс төрчдийг “төмсөгддөг” гэм биш зантайг далд муулж, ил зулгуйдах намын нөхөд нь орон нутгийн сонгуульд ногоон гэрлээр гарч ирэхэд багагүй гайхаж, бас чимээгүйхэн бухимдаж байгаа гэнэ.

 Улс төрд дороос гарч, дээгүүр жаалах болсон цөөхөн хэдэн цойлогсдын нэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ч энэ удаа мөн ойрын хүнээ орон нутагт сойх марфоноос хоцорсонгүй. Тэрбээр өөрийн зөвлөх асан Б.Сэргэлэнбаатарыг орон нутгийн сонгуульд оруулж ирэн, нэр дэвших батламжийг нь баталгаажуулж чадсан байна.

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтад УИХ-ын гишүүний туслах М.Говьсайхан, Ш.Батбаяр” зэрэг залуусын нэр мөн дээгүүр явах нь анхаарал татсан. Уг жагсаалтыг харсан нэг биш эх сурвалж, “нийслэлийн МАН-ын дарга “Маш сул жагсаалт” хийж байна. Намын удирдлагуудын үгнээс гардаггүй кноп дарах хэдэн залуусыг л сонгосон байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаагаа нуухгүй байсан юм.

Нийслэлийн МАН нэр дэвшигчдээ “дотоод ардчиллын зарчмаар сонгосон” гэж буй ч гомдогчид их байгаа. Гомдогчид “Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын даргын эрх мэдлээ ашиглан ихэнх нэр дэвшигчдээ сонгосон. Энэ утгаараа Д.Сумъяабазартай найз нөхөд, ойр дотнын харилцаатай хүмүүс сонгогдсон” хэмээн илт бухимдаж байна. Үүнийг батлах мэт өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж гарч, ажиллаж байсан МАН-ын төлөөлөгчдийн дийлэнхийг дахин нэр дэвшүүлээгүй байдаг. Нийт 45 төлөөлөгчдийн 33 нь цоо шинэ буюу Хотын даргын үүргийг гүйцэтгэгч  Ж.Батбаясгалан нарын 10 төлөөлөгч арай хийн нэрээ оруулж дахин нэр дэвших эрхээ баталгаажуулсан гэдэг мэдээллийг ойрын эх сурвалж өгүүлсэн.

Дашрамд дурдахад, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлаар МАН дээр маш их маргаантай асуудал байгаа. Тэр ч бүү хэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нар муудалцаж тус, тусдаа нэрсийн жагсаалт гаргасан тухай бор шувуу нисч байсан нь оргүй зүйл биш байсныг ням гарагт зарлагдсан нэрс тодорхой харуулав. Түүгээр зогсохгүй, “сонгины фракц” гэдэг шинэ гортиг бий болгосон Д.Сумъяабазар хүчээ харуулж ихэнх тойрогт өөрийн хүмүүсийг дэвшүүлж, Д.Амарбаясгалан цөөн хэдэн хүнээ У.Хүрэлсүхээр хэлүүлж байж оруулсан гэдэг мэдээлэл ч сонсогдох.

2020 оны орон нутгийн сонгуульд УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялагдсан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан даагаа нэхэж дахин өрсөлдөж, тэгэхдээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг онилж орж ирсэн байна. Түүний араас дүүргийнхээ хилийн дээсийг эргэж ирлээ хэмээн олны инээдийг барж, элгийг эмчилж байсан нөхөр болох Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Батсүмбэрэл, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн  нар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөх юм байна.

Ямартай ч иргэд болон намын дотоод гишүүдийн өгүүлж буйгаар энэ удаагийн Нийслэлийн монгол ардын намаас сойж буй 45 нэр дэвшигч 100 жилийн түүхтэй МАН-ын түүхэнд таарсан хамгийн сул, хамгийн их цус ойртсон сонголт төдийгүй, хэрэв сонгогдвол Нийслэлийн түүхэн дэх хамгийн том “ургийн баяр” болох нь ойлгомжтой аж.

С.Баяр

+ There are no comments

Add yours