Л.Эрхэмбаяр: Санхүүгийн сайн эх үүсвэртэй, мэргэшсэн хүмүүс монголыг маш хурдан хөгжүүлнэ

Улс төр бол ганц Эрхэмбаяаас хамаарахгүй, миний хувьд нэг жижиг эс нь. Харин өөрийн бизнес бол надаас шууд хамаарна,  үр дүн нь сайн, муу гэдэг нь шууд харагдана-

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Түмэн шувуут компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ломбын Эрхэмбаярыг “Ярилцах танхим” буландаа урилаа

-Багагүй хугацаанд нам гүм, бизнесээ эрхэлж амьдарч байна Та. Ингэхэд улс төр гэх зав зайгүй том орон зайгаас хөндийрч, тойргийн гадна гарчихаад эргэж харахад хамгийн түрүүнд хүнд юу бодогддог юм бол гэж таниас асуумаар санагдаад?

-Улс төрөөс нэлээд хөндийрсөн. Нэг зүйл хамгийн түрүүнд анзаарагддаг юм байна. Энэ бол  монголчууд бид оюун санааны хувьд өөрчлөлт хийх шаардлагатай болсон байна. Хүн оюун ухаанаар адгууснаас ялгардаг. Тэр оюун ухаан заавал нэг юманд итгэж, үнэмшиж байж, өөрөөр хэлбэл, бидний өвөг дээдсийн үед аль нэг шашинд харъяалагдаж тэрэндээ баригдаж явдаг байж. Үүний дараа үед аль нэг улс төрийн намд ч юм уу итгэх болсон гэх мэтээр үргэлжилж байна. Гэтэл өнөөдөр улс төрийн намын  үзэл суртал нь үндсэндээ ёс зүйгүй болоод дампуурчихлаа. Оюун санааны хувьд ямар нэгэн итгэл, тэрийгээ залж явдаг шүншиг байх ёстой нь алдагдчихсанаас өнөөдрийн монгол хүнд дутагдаад байна. Тийм учраас өнөөдөр хөдөлмөрлөхгүй байна, нэгнийгээ хууран мэхэлж байна, худлаа хэлж байна, дандаа хараар сэтгэж байна. Үндсэндээ ёс суртахууны хүмүүжилгүй, оюун санааны доройтолд орчихоод байна.  Иймэрхүү л дүр зураг харагдаад байна.

ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ, ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ, ЁС СУРТАХУУНТАЙ НАМ БАЙХГҮЙ БОЛСОН

-Тэгвэл  улстөрийн нөхцөл байдал хэрхэн харагддаг юм байна? Та нарын хэрэгжүүлж байсан бодлого, зарим нь хэрэгжих явцдаа алдаа гарсан гэх  дүр зураг харагдаж байх юм уу?

-Би Ардчилсан нам,Ардын нам гэхээсээ илүү зүүний чиглэлийн нам ч тэр, барууны чиглэлийн нам ч тэр ардчилал хүний эрхийн төлөө аль аль нь түүнийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд бүгдээрээ яг ярьсан, ярьсандаа байхаа больчихсон нь  хүмүүсийн ёс зүй, ёс суртахууны доголдол, доройтолд ороход их нөлөөллөө. Уг яриад байгаа зүйл нь хэн хэнийх нь зөв, хувилбарууд нь өөр боловч буруутгах арга байхгүй. Гэхдээ дандаа худлаа ярьдаг.  Дээр байгаа том лидерүүд нь үнэт зүйл гэдэг юмаа барьж чадахгүй. 2000 оноос хойш магадгүй, ингэж үнэт зүйлээ   барихгүй болохоор л буруутаад байх шиг байна. Тэгэхээр энэ бүх юмнууд алдагдаад  ёс зүйгүй , үнэт зүйлгүй болж хоосон яриа болчихлоо. Бүх л зүйлийг нь хүлээн зөвшөөрч дагахаар итгэл үнэмшилтэй, үнэт зүйлтэй, ёс суртахуунтай нам байхгүй болсон.

 Би тэгж л харж байна. Тэгэхээр  одоо  томоохон өөрчлөлт хийх ёстой. Хамгийн түрүүнд  ёс зүйн хувьд, үнэт зүйлийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхөөр тийм лидерүүдийн эрэлд монголчууд гарчихсан явж байна, цаагуураа. Энэ тухайгаа ил хэлж л чадахгүй байна.  Өнөөдрийн улстөрийн байгаа төрх нэг л биш. Хэдэн талдаа нам болоод  хуваагдчихсан. Тэгээд хоорондоо үзэлцээд,  бие биенийгээ тэр нь ч  муухай, энэ нь ч муухай, мангар, тэнэг… гээд  үзэлцээд байгааг хөндлөнгөөс, гаднаас нь харахад инээдтэй, эмгэнэлтэй харагддаг болоод байна. Дэлхийн шог хошин зохиолчид хэлсэн байдаг даа. “Инээдэм, эмгэнэл хоёрын хооронд ганц хуруу зай л байдаг” гэж. Бие биенийгээ муулж байгааг нь харахад   ёс зүй, үнэт зүйлийн хувьд адилхан л доройтчихсон хоёр шүү дээ.

-Улс төрд 25-40 насны залуучууд түрж орж ирж байна уу даа гэж харагдах болов. Эндээс харахад залуучуудын эрин үе ирсэн байна, 30 жилийн өмнө бүтээсэн Ардчиллын үр дүн мөн үү?

-Гурван үеийн залгамж гээд ярьдаг даа, энэ тал дээр хүн төрөлхтөн хамгийн сайн шийдчихсэн хувилбарууд байдаг. Тийм ч учраас дэлхий даяар, аль ч улс орнуудад Консерватив нам гэж байдаг. Консерватив үзэл нь дэлхийн хүн төрөлхтний  улс төрийн үзлийн дотор нэлээн том тал хувийг нь эзэлж байдаг.  Консерватив үзлээр үү эсвэл тэрний эсрэг бүх юмыг шинээр эхлэх ёстой юу  гэдгийг яриад байна. Энэ бол аль ч нийгэмд байнга л байж байдаг,  цаашдаа ч байх асуудал.

 Аливаа улстөрийн нам нэг талыг хэт барьж болдоггүй юм. Ер нь бизнесийн томоохон компаниуд ч гэсэн доод залуу үеэ өөрийнхөө ирээдүйг  дандаа бэлтгэж байх ёстой. Намууд ч мөн ялгаа байхгүй,   харилцан тэмцэлтэй байх ёстой. Тэрнээс биш өө залуучуудад  өгье биш. Дэлхийн том том улстөрчид дандаа 60-аас дээш настангууд, Путин, Абэ, Си Жинпинь, Маркель, Трамп  гэх мэт. Гэтэл зарим нэг орнууд нь залуу удирдагчтай байх жишээтэй. Аль ч улсын улс төрд залгамж халаагаа бэлтгээд л залуу, ахмад, идэр үеийнхэн хамтдаа оршин тогтнож байх ёстой.

Залуу байхад дандаа л өөдрөг сэтгэлгээтэй, ахмад хүнийг сонсохоор инээдтэй гэнэн юм яриад байх шиг санагддаг аархуу үе байна. Тэр нь  залуучуудад инээдтэй, жирийн зүйл мэт санагдаж болох ч үгүй юм. Ямар ч нөхцөлд идэр насныхан , ахмад насныхан балансыг нь тааруулж явах ёстой. Дандаа залуучуудынхаар явбал болохгүй, туршлага дутах зүйл маш их гарна. Ийм учраас жин банг нь тааруулж, хүмүүн төрөлхтөн оршин тогтнодог байхгүй юу. Өөрөөр хэлбэл, нэг талруугаа хэт туйлширч болохгүй гэсэн үг. Залуучууд мэдлэг муутай, туршлагагүй байж болно, харин залуучууд үнэхээр муу байгаа бол бидний л муугийнх, дараа үеэ бэлтгэж чадаагүй.

Цүнх баригчид л гээд байх юм, тэгвэл яагаад цүнх бариулсан юм, тэдэнд. Мөн үг дуугүй цүнх барихаар л дээшээ явдаг тэр шалгуурыг хэн бий болгосон юм гэдэг асуудал гарч ирж байна. Зүгээр байгаа хэн нэгнийг “чи сайн цүнх баривал илүү сайн хүн болно”, эсвэл “дээшээ сайн явна” гээд ойлгуулчихсан бол энийг бас л хэн ойлгуулаад байгаа юм. Тэгэхээр эндээс харахад энд байгаа асуудал цүнх бариулсан хүмүүст байгааг харж болохоор байгаа биз. Нөгөө талаар залуу үеэ бэлтгэж гаргаж ирэхдээ олон шалгуурыг өөрийн эрхгүй давж, тэнцэх цаг хугацааг туулдаг. Тухайн хүний уг ёс зүй нь ямар вэ, мэдлэг боловсрол нь ямар вэ, хэр сайн суралцаж байна вэ, төрийн ажил ч юм уу, бизнесийн ажил ч юмуу гэдэг нь чухал үзүүлэлт болохоос биш тэр хувцас дээрх хялгас сайн түүх, гутлын шороог нь  сайн арчих, цайг нь сайн зөөх зэрэг бол нэгт дугаарлагдах ажил, асуудал биш юм.

АРДЧИЛЛЫГ АЛДААД, АРДЧИЛАЛ НЬ ДУТАГДААД, АРДЧИЛАЛ АМЬ ТАВИХ ГЭЭД БАЙГАА ЗҮЙЛ БАЙХГҮЙ

-Та Ардчилсан намын Удирдах зөвлөлд ажиллаж байсан. Таныг байх үед залуу үеэ бэлтгэхэд нам яаж ажиллаж, ямар бодлого баримталж  байсан бэ?

-Хоёр жил гаруй хугацаанд АН-ын Удирдах зөвлөлийн гишүүн байв. Энэ хугацаанд байнгын сургалт хийх, намын мөрийн хөтөлбөр,  бодлого, бичиг баримт боловсрууллах ажил дээр түлхүү анхаарч ажиллалаа. Мэдээж, нам хүний нөөцөө яаж бүрдүүлэх үү, багийнхаа үйл ажиллагааг хэрхэн идэвхижүүлэх үү гэдэг талаас анхаарч, ажиллалаа. Харин одоо эргээд харахад, ганц манай нам ч биш бусад намууд ч хүний үнэт зүйлийн талаар, хүмүүжлийн талаар, бага ярьж байсан байна. Одоо ч гэсэн тийм байгаа байх гэж бодож байна. Хүмүүжил, уламжлал, ахмадаа хүндэтгэх, хүүхэд багачуудаа асрах гэдэг ч юм уу энэ талаасаа бидний нийгэм жоохон доголдолтой, улстөрийн намууд ч тэр.

Монголын Ардчилал 30 жилийн хугацаанд яагаад оршин тогтнож хөл дээрээ баттай зогсож чадахгүй байна вэ. Ардчиллын үнэ цэнэ өнөөгийн байгаа байдалд олон хүмүүс сэтгэл дундуур байна?

-Аливаа зүйл ер нь үнэт зүйлээсээ л эх авдаг. Үнэт зүйл гэдэг маань эх орноо хайрлах, эх орноосоо урвахгүй байх, яг ард түмнийхээ төлөө байх. Үүнээс гадна, төрийн баялаг, ард түмний хуримтлуулсан татварын орлогыг зөв зүйтэй ариг гамтай зарцуулах, хувьдаа ашиглахгүй байх зэрэг нь ёс зүй, үнэт зүйл  юм. Энийг л манай улс төрийн намуудын лидерүүд алдчихсан. Тэрнээс бол ардчиллыг алдаад, ардчилал нь дутагдаад, ардчилал амь тавих гээд байгаа зүйл байхгүй.

Монгол Улсын хөгжил энэ хэмжээнд хүрээд хариуцлага тооцдог болох гэж байна. Хүний нийгмийн хөгжил гэдэг маань хувь хүний хөгжилтэй харьцуулахад удаан, буруу гольдрилоор явсан байна. Улсын хөрөнгийг шамшигдуулах, авлига хээл хахууль  цэцэглэсэн, байгалийн баялаг хэт цөөхөн хүний гарт төвлөрсөн, байгалийн баялгийг эрх мэдлээрээ далайлгаж хэдхээн хүн ийш тийш нь болгож байгааг би буруу гэж хардаг. Магадгүй, энэхүү буруу болгоныг давах ёстой, бурууг нь  буруугаар нь туулах л ёстой байж. Тэгж байж энэ олон түмэн, намууд сэхээ орж ойлгож эхлэх байж. Өөрөөр хэлбэл туулах ёстой бүхнээ туулж байна. Буруу замаар будаа тээх, жоохон дордох тэгж байж л нийтээрээ, нийгмийн түвшин дээшилж, иргэд ойлгож дэвшил гарна. Хувь хүний түвшингээс нийгмийн түвшин бол 10-20 жилээр хоцорч байдаг гэж  уншиж байсан. Манай түвшин доогуур байна, тэрэн дээр нь манай зарим нэг улстөрчид нэлээд сайн тоглоод авлаа. Одоо ч тоглогдож байна. Хүмүүсийг ч янз янзаар нь сонгож л байна, бидний өөрсдийн түвшин тийм болохоор тийм л хүнээ сонгоно  шүү дээ.

-Удахгүй Орон нутгийн сонгууль болно. Ардчилсан нам нэлээд өөрчлөгдөж, залуучууд их орж ирж байх шиг байна?

-Аливаа намууд хүнийг өмчлөх эрхгүй. Хүн өөрөө сонголтоо чөлөөтэй хийж байх ёстой. Энэ сонгуулиар ямар нам дэмжихээ хүмүүс өөрсдөө сонгох ёстой. Би түрүүн хэлсэн, одоо давтаж хэлье, үзэл суртлын хувьд, үнэт зүйлийн хувьд  манлайлж чадахуйц тийм лидер манлайлагчийн эрэлд л мордоод байна. Энийгээ л олсон тохиолдолд  дэмжигчид тэртээ тэргүй байж байгаа, хүмүүс мэддэг,  мэдэрдэг цаад  инстиктээрээ энэ ер нь зөв юм болж байна, энэ зүгээр юм байна гэдгийг мэдрээд эхэлдэг. Тийм лидер манлайлагч хүний ноён нуруу хэзээ ч гуйвдаггүй, улааныг харж урвадаггүй, шарыг харж шарвадаггүй, яг үнэт зүйл дээрээ хатуу тийм зөв хүнээр манлайлуулж байгаа тийм нам л олонхи болж чадна гэж харж байгаа.

-Ингэхэд МАН-ын дарга У.Хүрэлсүхийг хэр зөв хүн гэж хардаг вэ?

-Өнөөдөр би яг нэг хувь хүний тухай яримааргүй байгаа учир ярихгүй. Өнөөдрийн түвшинд бол улс төрийн намууд тийм хүнийхээ эрэлд мордсон байна. Тэр дотор чинь аливаа нэгэн хүнийг хэлэхгүй гэдэг нь багтаж байгаа юм шүү дээ.

-Орон нутгийн сонгуулийн өнгө ямархуу байх шинжтэй байна?

-Ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй гэж бодлоо. Мөрөөрөө ажлаа хийгэээд явж байна. Бид ер нь нийтээрээ ёс зүйтэй баймаар байна. Дээрээ тавьдаг шүншигтэй баймаар байна. Хүлээн зөвшөөрөгдсөн тийм хүмүүстэй болмоор байна. Тэрийгээ л манай намууд хиймээр байна. Тэгж байж л гишүүд чинь ч юм уу, хүрээлэх хүмүүс чинь ч юм уу, ард иргэд хүрээлнэ.

-Манайд олон намын тогтолцоо байна уу?

-Байлгүй яахав, энэ бол их зүгээр юм байгаа юм. Тамгатай намын дарга бол гоё харагддаг. Ялангуяа одоо цагт гоё харагдсан болгон яг мөн чанар нь харагдаж байгаа шигээ байдаггүй юм байна гэдгийг энэ олон үйл явдлууд хүмүүст харуулж, хэлж өгч байгаа нь  сайн юм. Хүмүүс ер нь энэ үйл явдлуудаар байнгын сургалтад сууж байна.  Нэг гоё хүн гараад л ирдэг. Тэгж байгаад хамгийн муухай  болчихдог, барьцгүй…

МАЛАА ЦӨӨЛНӨ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ МЕНЕЖМЕНТДЭЭ ЗОХИХ ХЭМЖЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Таныг хөдөө аж ахуйн салбарын хүн гэж мэднэ. Таныгцөм  сүргийн бүтэц”-ийн талаар ярьж, зарим  нэг болж бүтэхгүй үйлдвэрлэлийн талаар газар дээр нь очиж лайв хийж  байгааг харсан?

-Ер нь өөрийнхөө дуртай зүйлийг хийнэ гэдэг аз жаргал. Би залуу байхын яг хүссэн юм аа хийчихээд тэр нь бүтээд л ядарчихсан,  хийсэн бүхнээ хараад ядарсан ч гэсэн эрч хүч авдаг байсан. Одоо энэ байдал маань эргээд сэргэж байна. Хийж буй ажлууд бүтээд их сайхан байна. Мөн эрч хүчээ аваад юм хийх гоё. Улс төр бол ганц надаас хамаарахгүй, миний хувьд нэг жижиг эс нь. Харин өөрийн бизнес бол надаас шууд хамаарна,  үр дүн нь сайн, муу гэдэг нь шууд харагдана. Бидэнд хийх ажил зөндөө байна.  Хийх ажлаа мэдчихсэн, толгойд нь бүгд орчихсон ч санхүүжилтээс үүдэж гацах хамгийн хэцүү. Бага хүүтэй, урт хугацаатай зээл тэр бүр хүмүүст олдохгүй учраас, аятайхан эх үүсвэр байхгүйгээс бизнесийн маш олон ажил гацаж, хийгдэхгүй хаягдаж байна, Монголоор дүүрэн. Санхүүжилт, мөнгөний эх үүсвэр байхгүй. Зээл авахаар банкны дааж давахгүй өндөр хүүнд сөхөрнө. Ийм байдал өнөөдөр хаа сайгүй. Монголыг хөгжүүлэх маш амархан, санхүүжилтын сайн эх үүсвэр олж ирээд чаддаг мэргэшсэн хүмүүст нь өгөхөд маш хурдан хөгжүүлнэ. Угаасаа үүнд айхтар тоо бодоод л бодлого боловсруулах хэрэггүй. Хамгийн гол нь их энгийн. Манайхан мөнгөө нэгдүгээрт тавиад хамгийн буруу зүйлдээ зарцуулдаг. Үүнээс болж үр ашиггүй зардлаас болж ажил зогсоно. Хоёрдугаарт нь буруу хүндээ зээл өгдөг. Бүтээлч, ажил хийж байгаа хүмүүс авч чаддаггүй.

Таныг зоо техникч хүн. Монгол 60 сая малтай  гурван сая хүн амтай. Нэг хэсэг монголоор дүүрэн мянгат малчин байсан. Одоо түүний үр дүн нь бэлчээрийн даац хэтэрсэн хүндрэл бүх нутгуудад байна. Малыг бүcчилж хөгжүүл, тариалангийн бүс нутгаас малыг гарга гэдэг шаардлагыг лав Сэлэнгэ аймгийнхан түлхүү гаргаж харагддаг?

-Малаа цөөлнө гэхээсээ илүү менежментдээ зохих хэмжээний өөрчлөлт оруулах хэрэгтэй. Малын толгой олон байж болно, гэхдээ өнөөдөр мөрдөгдөж байгаа арга барилаа өөрчлөхгүй бол удахгүй Монгол Улсын нутагт цөлжилтөд өртөөгүй газар үлдэхгүй болж, бэлчээрийн талхлалтад орно. Бидэнд олон өөр аргууд байгаа. Тэжээлийн тариалангаа дэмжих, малыг чанаржуулж, малын тоо толгойг хязгаарлах. Мянган адууг нэг дор байлгахад ямар ч бэлчээрийг тээрэмдээд дуусгадагийг бүгд мэднэ. Тиймээс олон толгой малаар биш чанартай малаар амьдрах зах зээлийн эргэлтийг бий болгох ёстой.

Гаднаас өндөр үнэтэй мал оруулж ирж байна. Тухайлбал, газар тариалангаа эрхлээд, малаа өсгөж үржүүлээд компани нь үйл ажиллагаагаа явуулаад үр ашгаа аваад явж байгаа хэдий ч тэр сумдын ард иргэдэд наалдац ерөөсөө байдаггүй. Тэгэхээр монголд тохирохгүй хиймэл үр суулгалттай үхрүүдийг, маш өндөр үнэтэй оруулж ирэхээс илүү монгол эрдэмтэд нийлээд монголдоо тохирох чиглэлийн үрийг олж, мах, сүүний чиглэлийн үүлдэрийн үхэр гаргах цаг болсон гэж харж байгаа, миний хувьд.

Монголын уламжлалт мал аж ахуй, санхүүгийн чадвартай, хүний нөөц сайтай, техник эдийн засгийн боломжтой эрчимжсэн мал аж ахуйн фермерийн үйл ажиллагааг хослуулж, хөгжүүлэх боломж хэр байдаг юм бол?

-Уламжлалт буюу бэлчээрийн мал ахуй, газар тариалан хоёр яахын аргагүй тэмцэлддэг учир нэг талд орох маш хэцүү. Жишээ нь зэргэцүүлнэ  гэдэг нь Сэлэнгэ аймаг эрчимжсэн аж ахуйг эрхлээд Баян-Өлгий, Ховд аймагт бэлчээрийн МАА эрхлээд, эсвэл аймгийн төвд сүүний эрчимжсэн аж ахуй эрхлээд гэх ч юм уу…  Ер нь зэрэгцүүлнэ  гэдэг маш хэцүү. Харин аймаг, сум тус бүр дотроо онцлогтой байж болно.

-Түмэн шувуут ямар байгаа вэ. Өндөг, тахианы махны  зах зээл улам тэлээд өрсөлдөгчид улам олон болсоор байгаа харагддаг?

-Миний хувьд Түмэн шувуут компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга. Энэ ажлаа л хийж байна. Мэдээж бүхий л бизнест өрсөлдөгч байдаг. Өрсөлдөгч нар маш олон болж байгаа.

-Түмэн шувуутын өндөг селенжүүлсэн гэж сэт гарсан байсан. Селенжүүлэх гэж яадаг юм бэ?

-Селен нь өөрөө амьд амьтны организмд маш бага байдаг мөртлөө маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүний оюун ухааныг  сайжруулдаг, зүрхний цус багадалт өвчнөөс сэргийлдэг, амин дэмтэй. Монголчуудын хувьд газар нутгийн байршлаас болж селен маш их дутагддаг бүс. Тэгтэл далайн орнууд селений илүүдэлтэй байдаг юм байна. Тиймээс бид дэлхийн олон улсын шаардлага хангасан компаниас нь селен авч тэдний технологийг шууд хуулбарлаад эрхийг нь аваад селенжүүлсэн өндөг хийж байгаа. Лабораторийн түвшинд судалж байж энгийн өндөгнөөс ялгагддаг. Өдөрт селентэй өндөг хоёрыг идэхэд тэр өдрийнхөө селенийхээ хэрэгцээний 40 хувийг хангадаг. Гэхдээ энэ нь менежмэнт гэхээсээ илүү хүний төлөө нийгмийн хариуцлага талаасаа компаниуд хийж байх ёстой ажил юм.

Та саяхан Увсад ажиллаж байгаа харагдсан. Ямар ажлаар явсан бэ?

-Увс аймагт газар тариалангийнхаа ажлаараа явж байгаад ирлээ. Хамгийн том усалгааны систем Увсын Баруун түрүүнд Турууны гол дээр байдаг. Тэр усалгааны системийг манай Түмэн Шувуут компани худалдаж авсан юм. Эрсдэлээс хамгаалсан усалгааны системийн байгууламжтай толгойн барилга байгууламж юм. Нийтдээ  15 сая шугам метр хиймэл нууртай 4000га газар услах хүчин чадалтай.  1990 оноос өмнө Монголын хөдөө аж ахуйд хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт юм. Дөрвөн жилийн туршид 400 гаруй Орос инженер, техникийн ажилчид барьж байгуулсан ажил. Энэ бүхэн орхигдсон байсныг сэргээн, ийм том бүтээн байгуулалт байдгийг сэргээн засварлаж ашиглалтад оруулаад ажиллаж байгаа.

С.Сугар

+ There are no comments

Add yours