Их улс төрчдийн саварт тэлчлэх орон нутгийн сонгууль

-Дэлгүүр, баарны эзэн биш хөгжил ярьдаг, нутгаа хөгжүүлдэг, төсөл горьддог биш төрсөн нутагтаа бүтээн байгуулалт босгодог хүмүүс дэвшдэг сонгууль хийх цаг хэзээ вэ, энэ улсад-

Орон нутгийн сонгуульд ямар хүмүүс өрсөлдөж байна вэ? 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд Орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа нийт өрсөлдөгчдийн тухай судалгаа байдаггүй юм байна. Харин ч нэр дэвшигчид нууц талдаа. Нууц ч гэж угаасаа сумаас нь өөр хүмүүс, заримыг нь сумынхан нь ч танихгүй учир ямар хүмүүс өрсөлдөж байгаа нь ирэх сарын 1 хүртэл таамаг төдий л байх нь лавтай аж.

Орон нутгийн сонгууль гэдэг нь тухайн орон нутгийн төр захиргааны эрх барих түвшинд ажиллах удирдах чадвартай, боловсролтой боловсон хүчин хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн, удирдахуйн ухааны анхан шатнаас дээш боловсролтой, нутаг орны хөгжилд өөрийн ур чадвараа зориулаад зогсохгүй, самбаачилж, хошуучилж, мэдлэг оюунаа дайчилж, зохион байгуулж, хөгжүүлэн, иргэдийнхээ энх амар, түвшин амгалан амьдрахад төр иргэний гүүр болж ажиллах ХҮН байх ёстой санагдана. Ёстойгоор барахгүй шаардлагатай юм.

Гэтэл өнөөдөр орон нутагт, улс төрийн анхан шатанд ямар хүмүүс нэр дэвшиж байна вэ. Орон нутгийн эрхийг барих, төр иргэний гүүр болж ажиллах ёстой орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа ямар хүмүүс Улс төрий сонгуульд хүч үзэж, сонгогдож гарч ирж байна вэ…? Энэ асуултын хариулт ихэнх газруудад эмгэнэлтэй гэмээр буй нь харамсалтай. Орон нутгийн сонгууль хэмээн энэ том малгайтай, асар их хөрөнгө санхүүжилт эргэлдэж байгаа улс төрийн том, жижиг намуудын “тулалдаан”-д орон нутагт ханцуй шамлан оролцож байгаа орон нутгийн улс төрчид гэж хэн байна вэ. Үүнийг уншиж байгаа хэн боловч энэ асуултыг өөртөө тавиад үзээрэй. Үнэхээр харамсмаар хариулт олох учир магадгүй асуухаас зүрхшээж мэдэх юм.

Энд би нийслэл, дүүргийн тухай ярьсангүй. Үнэндээ олны олон таван цэн гэдэг лугаа нийслэлийн хүрээний орон нутгийн сонгуульд хүч үзэж байгаа намуудын нэр дэвшүүлэгчид ч хамаагүй боломжийн түвшинд бий учир, орхиж буй юм. Харин аймаг, сумдад нэр дэвшиж байгаа АН,МАН, МАХН болон бусад намууд, бие даагчид хэмээн улс төрийн сонгуульд оролцож буй хүмүүсийн хувьд гэрээ засах бүү хэл өөрийгөө зассан нь маш цөөхөн байгаад харамсал төрж байна. Үүнийг бичигч би хэнийг ч гүтгээгүй учир энэ хугацаанд өөрт таарсан бодит зүйлүүдээс сэдэвлэж үүнийг бичиж байгаагаа хэлэх нь зөв юм.

Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Өмнөговь, Говь-Алтай, Увс аймагт ажиллаж байхад хамгийн түрүүнд анхаарал татсан хүмүүс бол сумдаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид. Намын мөрийн хөтөлбөрөө унших бүү хэл, сурталчилгааны зургаа хэрхэн авахуулах, сонгогчидтойгоо уулзахдаа хэрхэн ярихаа ч бараг мэдэхгүй, зүгээр л “нэр дэвш гэсэн” гээд хөөрчихсөн нөхдүүд, дээлээ хөөргөж бүслээд  зулаг нь жайжийж, өсгий нь эргэсэн шаахайныхаа шороог ч анзаарах завгүй “сэнсэрч” явах.

Орон нутагт тэр дундаа сумдад нэр дэвшигч “нүдний гэм” гэдэг нь угаасаа тодорхой. Энэ утгаараа дөрвөн жилд ганц татаж чангаадаг намдаа “үнэд ордог” анхан шатны гишүүдийн хувьд архагууд нь шилээ шөргөөж, тамхины бохинд шарласан хуруугаараа  хамраа ухаж хүлээх аятай. Нэгэн нэгэн даргын хатгаас, хамаатнууд олноороо, эсвэл суманд эрхэлдэг жижигхээн бизнесээ хамгаалах гэж давхиж орж ирсэн хэсэг бүлгүүдийн хувьд “нэр дэвших зүгээр гэсэн” гэдэг хар таамгаар цээж хаялах. Харин хамаатан садан олон, бүлгээрээ бүлэрхэх дуртай хэсэг бүлгүүдийн дунд аль намаас “ахиухан юм амлах нь уу” гэсэн хүлээлтийн доор, манай тэрний тэр сургуулиа төгсөөд ирсэн, ай мөн онц сурдаг хүү юм, нутагтаа тогтоох гээд… гэсэн алсыг бодсон ухуур яриагаараа намын даргын чихийг мялааж хамаатнаа тордож, “сумын төлөөлөгчид” гэсэн статус руу чихэх алсын явуургатай…

Ийм л нэгэн бүлэглэл, хэсэг бусаг хүмүүс 100 жилийн ойгоо ялаа нь шавж, бохир нь хальсан модон жорлонтойгоо угтаж хийдэг. Ган гачиг тоохгүй, халуун зунаар хар цай буцалгаад л наадамлаж явдаг, хонь малын тарга тэвээргээ мартааж, тэжээлийн морьдоо уяж, тэрлэгтээ орооцолдсон бөхчүүдээ барилдуулан хэдэн эхнэр хүүхэд нь цаасан хайрцаг дээр чихэр жимсхэн зарж, арчаатай хэсэг нь ахан дүүсээрээ хуушуур хайрсан шигээ НААДАМЛАДАГ өнөө цагийн Монголын хөдөөний сумдад орон нутгийн сонгуулийн СЕЗОН хүчээ авч байна.

Ингэж хэлэхээр уурлаж байна уу. Аргагүй шүү дээ, үнэн юм чинь. Өнөөдөр үнэхээр хотоос нутгаа хөгжүүлье гээд зорьж нутагтаа нэр дэвшиж байгаа залуучууд нийт нэр дэвшигчдийн хэдэн хувийг эзэлж байна вэ. Хотод, дүүрэгт жийгдсэн, хэдэн жил даргын цүнх үүрч, эхнэрийг нь дэлгүүр хэсэхэд бараа болж, даашинз зөөсөн “шинэ цагийн улс төрчид” цөөнгүй тоотой нутгаа зорьж нэр дэвшиж буй. Аа бас, намын даалгавар, ах энэ тэрээ сануулчихна аа, орон нутгийн намын дарга нарт. Намын дарга нар яахав, ирээдүйд үмхэх алтан загасаа бодоод хэлээ тас хазна. Үүнийг намын даалгавар гээд доорх албаныхандаа ойлгуулчихна. Бүх юмны голыг нугалж, арыг үүрдэг намын идэвхтэн гишүүд яахав, нам даалгасан бол гээд бор халзан туулай байсан ч дэргэж давхиж байгаад хэдхэн төгрөгт ирээдүйгээ мартдаг үндсэн хэдэн сонгогч нараа хүзүүдэж байгаад сонгуульдчихна. Эцэст нь нам нь ялна, тэд зугаалганд явна…

Үнэхээр даажинтай ийм л сонгуульд үеийн үед дэглэсэн улс төрчид өнөөдөр 60 насыг тоолж, 80 насыг шүргэж байна. Нам нь 30 насандаа эргэцэж, 100 насандаа бөхөлзөж байна. Хоёр намын суганд хавчуулагдаж, нам дагаж амаа тосолдог хэдхээн хүний захиалсан аянд бүжиглэж таван хоног найрлаж таван төгрөгт хууртаж дөрвөн жил харааж… эргээд л… гэх мэтээр ээлжилж ирсэн Монголын улс төрийн сонгууль энэ жил бахь байдгаараа… Ямар ч өөрчлөлт байхгүй, сумын сургуулийн багш, эмнэлгийн эмч, банкны эрхлэгч, хамаатан олонтой малчин, хаа газар хэрүүл хийж явдаг дөвчингүүд, баарны эзэн, дэлгүүрийн эзэн… гэх мэтээр хязгаарлагдах тэр сумын “хөрөнгөлөг” улс төрчид өнөө л заншил ёсоор дээлээ хөөргөж бүсэлж, дөрвөн жилд ганц гаргаж ирээд зургаа авахуулаад буцааж нандигнадаг пиджакны “тоосыг сэргээж” зургаа авахуулна.

Өмнө жилүүдийн орон нутгийн сонгуулиас арай илүү гарсан нь хуучин байснаараа гөвддөг байсан бол ядаж мэргэжлийн гэрэл зурагчнаар патиараа татуулдаг болсон. Түүнээс бахь байдгаарай. Ядаж л энхрий хайрт намынхаа нутгийг нь хөгжүүлэхээр дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийг гүйлгээд харчих нэр дэвшигч хуруу дарам цөөхөн. Аргагүй шүү дээ, аль нэг намын дарга нь “алив чи хүрээд ир, ирээд дэвш, намын даалгавар”, “чиний дэлгүүрийн зөвшөөрөлийг сунгана, найман нэр болгож, архи зарах зөвшөөрөл өгнө”, “ах дүүсийнхээ дэмжлэгээр гараад ирвэл ирэх жил суманд барих эмнэлгийн барилгын тендерийг өгье”, “чи зүтгээд гараад ир, ар нь болно доо” гэх мэтээр аль ч амалж болох бүхнээр “мотордуулж” гарч ирсэн нэр дэвшигчид шүү дээ.

Монголчуудаа, хэзээ болтол өөрсдийгөө төдийгүй, өрөөлийг хуурч, өөрийн гэрээ ч олигтой цэвэрлэхгүй байж нутгаа хөгжүүлнэ гэж, бүтээхээс илүү атаархаж, бүлэрхэж нэгнээ гаргаж, нутгийн хөгжилд хувиарласан хөрөнгийг нууцхан ахан дүүсээрээ хувааж хүртээд жалгандаа жаргаж хэвтэх гээд байгаа юм бэ. Хэзээ хөгжил ярьдаг, хөгжилд тэмүүлдэг залуусаа, хийдэг бүтээдэг хүмүүсээ сонгодог жинхэнэ улс төрийн сонгууль, сонголт хийдэг болох вэ?

Одоо болих ёстой биш үү. Орон нутгаа хөгжүүлж, хамаатан саднаараа жалга довоо тойрох биш нутагтаа сайхан амьдарч, нутгаа хөгжүүлэх тэр хүмүүсийг сонгодог, тэр хүмүүс нь дэвшдэг СОНГУУЛЬ хэзээ хийж эхлэх юм бэ, сонгууль дэглэгч УЛС ТӨРЧИД ӨӨ????

С.Баяр

+ There are no comments

Add yours