УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн Т.Доржханд орон нутгийн сонгуулийн санал хураалт 10-р сарын 15-ны өдөр болохгүй байх нөхцөл үүсээд байгааг мэдээллээ.

Учир нь тус намаас НИТХ-д нэр дэвшсэн 27 нэр дэвшигчийг бүртгэсэн СЕХ-ны шийдвэрийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс гаргасан. ХҮН-ын гишүүн С.Бямбадэлгэр гэх хүний гомдлын дагуу дээрх шийдвэр гарсан бөгөөд энэ захирамжийг ХҮН хууль бус гэж үзэж байгаа юм.

Захиргааны хэргийн шүүгчийг гаргасан захирамжаа цуцлахыг шаардаж байгаа бөгөөд хэрэв цуцлахгүй бол аравдугаар сарын 8-ны өдөр жагсаал хийнэ гэдгээ мэдэгдсэн юм.

ТЕГ-ААС ХУУРАМЧ ТАМГАТАЙ ГОМДЛООР ШИЙДВЭР ГАРГАСАН БОЛОХЫГ БАТАЛСАН

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх, ялангуяа иргэдийн сонгуульд санал өгөх эрхийг шударга бус ганц шүүгчийн захирамжийг үндэслэн зогсоочихлоо. Бид ардчиллаа аврах, хамгаалах үйл хэргээ үргэлжлүүлэхгүй бол болохгүй нь ээ.

ХҮН-ын сонгуульд өрсөлдөж ялах нь 30-р асуудал. Хамгийн чухал нь иргэдийн сонгох, сонгогдох эрх. Улаанбаатар хотын бүх дүүргээр иргэдтэй уулзаж, гарын үсэг цуглуулсан. Одоогийн байдлаар 10 мянга орчим гарын үсгийг цуглуулсан. Иргэд сонгох, сонгогдох эрхэнд халдахгүй, бүх намд тэгш боломж олгож, сонголтыг бий болгооч хэмээн гарын үсэг зурсан.

ХҮН-ыг дотоод зөрчилтэй, бичиг баримтаа дутуу бүрдүүлж өгсөн гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр асар их түгээж байна. Гэтэл энэ асуудлаар нийслэлийн Сонгуулийн хороо байр сууриа илэрхийлж, хэвлэлийн хурал хийсэн. ХҮН-ы бүрдүүлсэн бичиг баримт хууль ёсны дагуу бүрэн, харин нийслэлийн Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагааг нь тасалдуулж байна гэж төрийн байгууллага нь мэдэгдсэн.

ТЕГ-ын дарга нь өнгөрсөн баасан гарагт бидний тамга, тэмдгийг хууль ёсных гэдгийг нь ч баталсан. Хуурамч тамга ашиглаж, хуурамч хурал хийгээд, 45 хүнийг нэр дэвшүүлсэн асуудлыг хуулийн байгууллагад өгсөн.

Одоо хууль бус гомдолд үндэслэсэн хууль бус захирамжаа цуцлахыг шүүгчээс шаардаж байна. Бид нийслэлийн Сонгуулийн хороонд гомдлоо гаргаж байна. Бид 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг сонголттой байлгахын төлөө ажиллана” гэлээ.

ХҮН-ыг нийслэлийн сонгуульд оролцуулахгүй байх захирамжийг гаргасан шүүгч хууль бус гэх шийдвэрээ цуцлахгүй бол тус намаас аравдугаар сарын 8-ны өдөр жагсаал хийж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.