Орон нутгийн замд осол гарч хоёр хүн амиа алджээ

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 1,072 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтсэний 7 нь хүүхэд.

Ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирсон байна.

Хүний амь эрсэдсэн ослууд:

  1. 2020.09.14-ний 12:00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Цагааннуур сум “Залуус хороолол” гэх газар Hyundai Porter автомашины жолооч нь явган зорчигч   28 настай, эмэгтэйг мөргөж амь насыг хохироосон.
  2. 2020.09.15-ны 22:40 цагийн орчимд Дорнод аймаг Хөлөнбуйр сум “Өлзийт” гэх газар асфальтан замд  Toyota Prius маркийн автомашины жолооч нь жижиг оврын улсын дугааргүй /ковш/ механизмтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын хоёр хүний амь хохирсон.

  3. 2020.09.17-ны 20:30 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум “Оюу толгой” гэх газар асфальтан замд Ssanyong Korando автомашины жолооч нь явган зорчигч хэн болох нь тодорхойгүй 25 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.
  4. 2020.09.17-ны 23.30 цагийн орчим Дорнод аймаг Цагаан-Овоо сум “Галын гол” гэх газар шороон замд Toyota Chaser  автомашины жолооч нь Dayun маркийн мотоциклтой мөргөлдөж жолооч эрэгтэйн амь нас хохирсон.
  5. 2020.09.18-ны 01:30 цагийн орчим Дорнод аймаг Чойбалсан хотод /аймгийн төвд/ асфальтан замд Toyota Prius  маркийн автомашины жолооч нь явган зорчигч 24 настай, эмэгтэйг мөргөж амь насыг хохироосон ослууд гарчээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, бага насны хүүхэд хаанаас ч гараад ирэх эрсдэлтэй бүст хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг зогсоох боломжит хамгийн багаар сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –18
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр -1 осол гарчээ.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 393 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

+ There are no comments

Add yours