Ж.Эрдэнэбатын зургаан жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд шүүгдэгч Ж.Эрдэнэбат нар ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангиас цахимаар оролцсон билээ.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, шүүгдэгч Ж.Эрдэнэбатад оноосон зургаан жилийн ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Өнгөрөгч долоодугаар сарын 6-нд Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, зургаан жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах шийдвэр гаргасан байдаг. Гэвч шүүгдэгч нарын зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм.

Хэргийг эргэн сануулбал, Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй газарт нөхөн олговор олгохдоо бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгасан.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгож гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилээр хасахаас гадна зургаан жил хорих ял оноосон юм.

+ There are no comments

Add yours