Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын ажлыг таван багцын хүрээнд гүйцэтгэж байгаа ба нийт 204 км авто замын 90.58 км-ийг нь энэ онд дуусгах боломжгүй болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Багц 2, Багц 4 хэсгийн замын ажил гүйцэтгэгч гэрээгээ цуцлах хүсэлтээ ирүүлснээр Дархан-Улаанбаатар чиглэлийн зам ирэх оны сүүлч хүртэл бүрэн нээгдэх боломжгүй болов.

Тодруулбал, Хар модот давааны араас “Урьхан” хүртэлх 45.5, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажлыг гүйцэтгэгч компанийн байрладаг БНХАУ-ын Шинжиан мужид КОВИД-19 цар тахалтай холбоотой тогтоосон хорио цээрийн улмаас гадаад ажиллах хүч Монгол Улсад орж ирж чадахгүй болсонтой холбогдуулан гүйцэтгэгч байгууллагаас 2020 оны наймдугаар сарын 16-ны өдөр гэрээ цуцлах хүсэлтээ ирүүлжээ. Энэ дагуу гэрээ цуцлах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм байна.

Тиймээс дээрх хоёр хэсэгт гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах шаардлага гаржээ.

Гүйцэтгэгчийг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулна. Дараагийн гүйцэтгэгч байгууллагын сонгон шалгарах хүртэлх хугацаанд тус багц хэсгүүдэд хамаарах авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд зарим засварын ажлыг хийж гүйцэтгэхээр холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна.

Дараагийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах үйл ажиллагааг өвлийн улиралд зохион байгуулж, зам барилгын ажлыг 2021 оны гурвадугаар сард багтаан эхлүүлж, 2021 оны арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.