Тэнгэрийн салхи монголчуудын зүг эргэж байнам бус уу

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат МУЗН-н ерөнхий нарийн бичгийн дарга асан, Улаанбаатар хотын шилдэг менежер, нийслэлийн алдарт уяач, УИХ-н гишүүн Б.Энх-Амгалангийн зөвлөх Равдан зангийн Самдандовж гуайн “ТЭНГЭРИЙН САЛХИ ТЭНГЭР ЗАЯАТ МОНГОЛЧУУДЫН ЗҮГ ЭРГЭЖ БАЙНАМ БУСУУ?” нийтлэл өнөөдөр сонины өчигдөрийн дугаарт гарсныг хуулан авлаа.

 

Дэлхий тэнхлэгээрээ эргэх нь өдөр шөнө солигддог, тэнхлэгийн налуу болон нарыг тойрох нь жилийн улиралын солигдлыг буй болгодог. Дэлхийн гадаргын талбайн ихэнх хэсэг буюу 70 орчим хувь нь нь далай тэнгис бусад 30 орчим хувь нь хуурай газар юм. Эдүгээ дэлхийн шим мандалд нөлөөлж байгаа хүчин зүйл нь дэлхий дээр 3 сая жилийн өмнө үүссэн хүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа юм. Дэлхийн хүн амын хурдан өсөлт нь 1000 онд 275 сая, 1900 онд 1,6 тэрбум, 1985 онд 5 тэрбум, 2020 онд 7,8 тэрбум юм. Энэ их үсрэнгүй хөгжлийн дараах үйл ажиллагаа нь дэлхийн байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Ийм байдлаар цаашид удаан үргэлжилбэл манай бяцхан эмзэгхэн цэнхэр дэлхий маань энэ их ачааллаа даахгүйд хүрч байна.

Дэлхий маань зарим нэгний боддог шиг тийм ч аварга том бус ажээ. Хүн төрөлхтөн, мал амьтдын эрчимтэй өсөлт, үйлдвэр хийгээд их бүтээн байгуулалт нь байгаль орчинд онц ноцтой нөлөөлж амиа егүүтгэх тэр л хэмжээ лүү эргэлт буцалтгүй явж байна бусуу?

Монгол орноороо жишээ татахад таван хошуу мал маань эдүгээ 80 саяд хүрчихлээ. Гэтэл Монгол орны бэлчээрийн даац ердөө л 25-35 сая малд тохирох ажээ. Дээрээс нь дэлхийн дулаарал нөлөөлж манай сайхан оронд цөлжилт хуурайшилт гэх мэт байгалийн гамшиг сүйрлийн хэмжээнд туллаа. Хүн төрөлхиөний хэрээс хэтэрсэн их шунал тачаал, хэрэглээнээсээ давсан тансаглал, хэт үйлдвэржилт, амом цөмийн зэвсэгээр арсалдан өрсөлдөх, газрын хэвлийгээ онгичин хоосолж баян тарганаараа гайхуулах зэрэг нь Дэлхийн боломжоос хэтийдэж, ухаалаг хэрэглээнээсээ аль хэдийн давсан албин явдал суудал нэгэнт болчихжээ. Энэ бүхэн нь манай цэнхэр гараг хийгээд агаар мандлыг буртаглаж дэлхийн дулаарал, озоны цоорхой, агаар мандлын бохирдол зэргээр улбаалан Хойт их мөсөн далай хайлж, далайн усны төвшин нэмэгдэж, мөнх цаст хайрханууд маань баринтагаа тайлж, мөрөн гол, нуур цөөрөм ширгэж хаа сайгүй цөлжиж хуурайшин хэт дулаарал нь хэнбугайн ч хоолойг багалзуурдаж хоногийн тоог нь цөөлж эхэллээ.

Манай гарагийн амьдрал ийнхүү манантан будантаж ахуй цаг доор Корона хэмээх овогтой Ковид 19 гэсэн оноосон нэртэй цар тахал дэлхийн бараг бүх оронд тархаж голомтлон дүрэлзэн гортиглон тэлж байна. Хүн төрөлхтөн даяараа хөл хорионд орж өвчинд нэрвэгдсэн аав, ээж, амраг хань, үр хүүхэд, ахан дүүс, анд сайн нөхөдтэйгээ өөриймсөглөн сууж үг яриа өрнүүлэн, халуун дулаан тэврэлтээрээ эерэг энерги солилцож, сэтгэл засал хийх нь байтугай хавьтаж ойртож болохгүй, олон метрийн алсаас дохио зангаа төдийхнөөр харьцдаг болоод олон өдөр сар үдэж байна.

Хөдөөлүүлж байгаа хөөрхий дотно нэгнээ шилэн хоргоны цаанаас доголон нулимстай нүдээр ширтэн дохионы хэл, дотоод сэтгэлээрээ л үдэн мордуулдаг боллоо. Элгээ эгшээж , эмтэрсэн сэтгэлээ илэрхийлэхээр эргэж очих газар ч үгүй, элий балайд умбан суух цаг иржээ.

Хорвоо дэлхий ийнхүү орвонгоороо эргэнэ чинээ хэн бодох билээ. Зөнч зарим хүмүүсийн зөгнөж хэлсэн ярьсныг, эрдэмтэн мэргэдийн эш үзүүлсэн зохиол бүтээлийг тоож үзсэн нь хэд билээ. Энэ айхтар цар тахал хаанаас эхтэй тухай маргаан эцэс төгсгөлгүй өрнөж байна. Яг таг дүгнэлт яв цав шинжилгээний хариу өдий болтол там тум… Амьтнаас хүнд халдсан өндөр магадлал маань Америк эрдэмтэн Харвардад бүтээгээд Хятадад зарсан гэсэн зүрх зогсоом нэгэн баримт гарч шүүхийн шатанд /жүүдүүд зохиогоод хятадад тараасан гэсэн зөнгөр цуурхал бас тэнэж л явна/ шилжив бололтой. Хуруу шилэнд бойжоод хулгайн замаар орсон бол хулсан хулгуусан гэлтгүй аюулын харанга дэлдэж хүний хорвоо тамын хорвоо болоход ойртож буйн шинж бус уу?

Цар тахал яагаад дэгдэх болов. Цаг нар нь яагаад одоо ингэж таарав.

Гарах гарц байна уу? Хохирол багатай гарах хонгил гэж байна уу? Бүрмөсөн дарах бөөн хүн нь юу вэ? Хүн төрөлхтөн үхэл хагацалгүй, айдас хүйдэсгүй болж амар сайхандаа жаргах сайн цагийн тоолол хэзээ эргэж эхлэх вэ? Корона-давагдашгүй хүчин зүйл үү, даваад гарч болох уу, далд оруулж чадах уу. Түмэн асуулт хариу нэхсээр байх хооронд тахлын түймэр газар авч цурманд оруулах нухацтай донжтой бодит хариу шаардсан энэ асуултанд өдий хүртэл өөдтэйхэн, үнэнд дөхүү хариу өгсөн хүн алга… Түмэн янзын таамаг, буман зүйлийн хардлага хар сэжиг дотор хүн төрөлхтөн өөрийгөө төрүүлж өсгөн бойжуулж амьдын жаргал эдлүүлж яваа алагхан дэлхийтэйгээ хүйтэн цэвдэг, бүр харгис хэрцгий харьцаж хэт дулааруулах, хэвлийг нь ухах, зүй тогтлыг нь алдагдуулах, агаар мандлыг нь бохирдуулах мэт албин үйлдэл нь хэрээс хэтэрч буйн гор гэсэн нэгэн голч санаа давамгайлах боллоо.

Хүн гэдэг амьтны хэтийдсэн шунал тачаал, утгаа алдсан тансаглал нь ээж болсон эх дэлхийгээ эгнэгт хөнөөх зам руу нь эргэлт буцалтгүй орсон тул хариу үйлдэл үзүүлж хариугаа авч эхэллээ гэх хүмүүс улам улам олон болж байна.

Баруун Алтайд төрж өссөн эгэл малчны хүүхдиййн хувьд энгийн жишээ татъя. Намайг хүүхэд байхад нутгийн тарвага хэт олширч сумын төв лүү хүртэл нүүдэллэн орж ирдэг гаж үзэгдэл ганц нэг тохиодог байв. Нутгийн луугар өвгөд эмгэд хэлэхдээ:

-Энэ бол ёс бус үзэгдэл юм аа. Ирэх жил тахал гараад байр байранд нь тавиад өгнө өө аяндаа… гэдэг байлаа. Хэлсэн ёсоор нь дараа жил тахал дэлгэрч байх ёстой байр байранд нь тавиад өгдөгсөн. Бүдүүн тоймоор нь харвал бүдүүвч зураг нь иймэрхүү гарч болох юм гэж зарим нөхөд маань тоглоом шоглоомоор хэлэх нь буй.

Байгаль дэлхий маань ихэнх тохиолдолд эргэн төлжиж нөхөн сэргэж байдаг жамтайг бодвол бас нэгийг хэлж нөгөөг бодогдуулна.

Одоо тэгвэл яах вэ???

Боломжгүй мэт болж ирж байна. Өдрөөс өдөрт өсөн дүрэлзэж, цагаас цагт цаашлан асаж, хормоос хоромд хоноггүйгээр тархан, үхэл хагацлын сүүдэрт дэлхий даяараа хомроглогдон хэлмэгдэж байгаа энэ амаргүй , бүүр аюултай цаг дор тэнгэр заяат Монголчууд маань дотооддоо тахал алдаагүй цор ганц орноор торойн тэссээр байна. Амьдралын эрхээр зүг зүгийн тэнгэрт өөрсдийгөө даатган зүсэн бүрийн улс орнуудад тархан суугаа цөөн тооны Монголчууд аюумшигт тахлыг зөөвөрлөн ирснээр шинжилгээнд бүдэрч ширүүхэн эмчилгээнд хамрагдан түрүүчээсээ эдгэрэн эх орноороо бахархан, эмч сувилагч, хил гааль, хорио цээр, хяналт шинжилгээ, хүчний байгууллагынхан, төр засгийн удирдлагадаа гүн талархал тээж магнай нь тэнийж маргаашдаа итгэл дүүрэн болцгоож байна. Нэгээхэн бээр хүний алтан амь үрэгдэлгүй асар хөх тэнгэрийнхээ дор

Азийн өрлөг цээжиндээ

Ар хөх Монголдоо амьдран сууцгааж байна. Анхны зөөвөрлөн орж ирсэн сайн эр нь Улаанбадрах суманд уран хэмээх уршиг их тарьдаг урхаг их тараадаг бизнес эрхлэгч франц хүн болж таарав. Халдвар авснаа мэдмэгц Монгол эмчид үл итгэн монголчуудыг тоохгүй Монгол орныг доош нь жиисэн аяс жаяг гарган өндөр хөгжилтэй европ соёлын төв гэгддэг франц руугаа тэмүүлэн тэлүүлсэн нэн шинэхэн түүх буй. Гэвч эцэст нь үнэнд гүйцэгдэж, дэглэм сахилгүй дэмий баахан сэлгүүцэж хамраа сөхөж хаяагүй явж буурь сэлгэж буудал рестранаар хэсч орчуулагч хийгээд орой үдшийн цагаар бараа бологч тэргүүтэй алба амины хүмүүстэй нүүр тулан уулзаж нүцгэн биеэрээ учрахаас бусдыг үйлдэн хавьтлын өндөр зэрэгт хүрч халдварт өвчнөө нэн ихээр хүндрүүлсэн хйоноо Монгол эмнэлэгт хэвтэн Монгол эмч сувилагчийн багт амь амьдралаа даатгаад угжирсан халдварт өвчнөө удаан / 47 хоног/ бүрэн эмчлүүлж нүүрэндээ баярын мишээлтэй зүрхэндээ зүсэр нулимстай, үгийн дээдээр Монголыг магтсаар нутаг буцсан юм.

Франц эмч нартай цахим хурлаар зиндаархаж дэлхийн хэлээр өөртэй нь харьцаж дэлхийн хэмжээтэй эмчилгээ хийж хөл дээр нь босгож амьдралыг нь эргүүлэн өгсөн Монгол эмч нарын алдар хүндэд бөхийсөөр онгоцонд суусан гэдэгт эргэлзэхгүй байна.

Монголчууд айхтар тахлын анхны тохиолдол дахин тархахгүй отголоосой гэсэндээ “Анх-Отгон” гэсэн утга төгөлдөр билэг ерөөлт нэр хайрласан нь өдийг хүртэл биелэлээ олж байгаа нэгэн гайхамшигийг дурдахгүй байхын аргагүй билээ.

 

Харь орноос зөөвөрлөгдөн орж ирж буй нь дотоодын халдварт тооцогдохгүйн учир ийн онцлов. Цар тахал анх дэлгэрсэн аварга хөрш БНХАУ-тай 4700 км хил залгадаг, гадаад худалдаа эргэлтийн 90 гаруй хувь нь Хятадын хамааралтай, өдөр болгон уудам нутгийнхаа хилийн олон боомтуудаар өргөн харилцаатай байдаг манай орон дотооддоо халдвар алдахгүй ингэж их тэсэж байгааг дэлхий даяараа гайхан харж ДЭМБ-нхан Монголын туршлага манлайлалын тухай цохон тэмдэглэж байна. Учир шалтгааныг нь олон талаас нь тайлбарлахыг оролдож байна. Нилээд нь Монгол бол өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй, эрсдэл багатай орон гэцгээж байна. Ингэж харвал арай л өрөөсгөл юм.

Учир нь Монголчуудын тал хувь нь нийслэл Улаанбаатартаа түгжрэн суудаг билээ. Монголчуудын цаг агаарын нөхцөл, иддэг уудаг зүйл, багаасаа эрүүл чийрэг өсөж бойждог тул дархлаа өндөртэй гэх хүмүүс их л байна. Тийм ч биз үгүй ч биз. Ямартаа ч дэлхий даяар энэ өвчин цар тахлын хэмжээнд нэгэнт хүрч баян ядуу, эрүүл өвчтэй, хөгшид хүүхэд, эрэгтэй эмэгтэй гэлтгүй бас тухайн орны эдийн засаг, эрүүл мэндийн өндөр зэрэглэлтэй эсвэл сул дорой байдлаас үл шалтгаалан тархаж байна.

Эдийн засаг нь хүчтэй, эрүүл мэндийн тогтолцоо нь аугаа сайн гэгддэг АНУ, Англи, Франц, БНСУ, Итали, Испани, Япон, Турк ОХУ, Иран зэрэг хүчирхэг орнуудын хүн амь ихээр өртөж үхлийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Эдгээр орнуудын Англи улсын хааны гэр бүл, ерөнхий сайд, зарим орны сайд, парламентийн гишүүд, баячууд, нэрт хүмүүс энэхүү өвчнөөр өвчилж зарим нэг нь нас барлаа. Зарим орон тахал хүрсэн настнуудаа бүр гаргуунд нь хаяж, нилээд орон оршуулгын ажилдаа дарагдаад байдал хүндэрч эхэллээ.

Бүгд эдийн засгийн хүчтэй хямралд нэрвэгдэж ажилгүйчүүд, орлогогүйчүүдийн тоо гэрлийн хурдаар өсч байна. Нилээд оронд өлсгөлөн бодитой нүүрлэх шинж рүүгээ орлоо. Дэлхийн хүн төрөлхтөнд корона гэдэг аюултай үл үзэгдэгч дарагдашгүй заналт дайсан өдөр шөнөгүй довтолж эхэллээ. Өргөн фронтын энэ аймшигт довтолгоонд хүчин мөхөсдөх вий гэх айдас хүйдэс газар авч эхэллээ. Ийм хүнд хэцүү цаг дор тахлын голомтыг дотооддоо амжилттай барьж байгаа нэг гарын хуруунд багтах ганц орон нь бидий хаййрт Монгол сайхан эх орон минь болж байна.

Юутай их аз, яасан их зол вэ гэмээр байна. Эрс тэс уур амьсгалтай дөрвөн улирал маань хүн малын шандсыг сорьж дархлааг дэмжиж байдаг нь үнэнтэй. Жилийн 4 н улиралд дураараа нүүж бэлчээрлэн Төв азийн цээжинд уул ус, Говь Хангай, агаар мандлын эерэг солбилцолд өвсний соргогийг идэж, усны тунгалагийг ууж, эмт чанарын ургамал, эрдэст рашаан усаар бялууран шандуурч байдаг таван тансаг хошуу малын маань буян хишиг ихээ… бас л үнэн. Эерэг энерги, эрчис долгис, адис жанлавын шидэт орон эсгий гэрт хаяа хатавч, хаалга үүд, эсгий туурга дээврээс хязгааргүй нэвтрэн ирэх агаарын сайханд цээжээ тэлж, хэрэггүй утаа униар уур цан тооноор замхран алга болохыг гайхан харж, уурагт хоол хүнсээ шилэн сонгож, хонины сүүл бувалзууланхан, дээрээс мандах наран саранг ажиж, холын холд жирвэлзэх од гараг эрхэсийг тоолж, хурга ишигтэй хөөцөлдөн тоглож унага тугал татаж уурга шилбүүр унаж, чулуугаар тоглон хорвоо ертөнцийг байгаль дэлхийн нүдээр харж өсөөд хөл нь дөрөөнд гар нь ганзганд хүрүүтээ говийн хөлөг онгоцондоо /тэмээндээ/ бүүвэйлэгдэн морин эрдэнээрээ салхи татуулан давхиж энэ хорвоогийн хамаг л сайн сайхан бүхний дунд эрвэлзэнхэн өсдөг Монголчуудын бие нь чийрэг, ухаан нь уудам талбиун, сэтгэл нь амар амгалангийн туйл, өр нимгэн өрөвч зөөлөн, нүнжиг жудаг хүн чанарын уурхай, байгаль дэлхийтэй барьцалданхан байдаг нь бас л үнэн.

Монголчууд сэтгэлийн хатыг ямагт эрхэм чухалд үздэг бөгөөд өвчин зовлонд нэн тэргүүнд хамааралтай билээ. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг гэж ярина. Түүгээр явсан гайг үүгээр дуудлаа гэж үзнэ. Сэтгэл зөвтэй хүн аливаа өвчин зовлонгоос хол байж урт насалж удаан жаргадаг гэж үзнэ. Монголчууд амны билгээс ашдын билэг гэсэн хэлц үгтэй бөгөөд энэ бол зүйрлэшгүй чухал ач холбогдолтой гүн гүнзгий учир жанцантай хэлц үг.

Монголчууд Манжийн дарлалд 200 гаруй жил, Хятадууд 300 гаруй жил болсон байдаг. Энэ үед ихэд дэлгэрсэн нэгэн хэлц нь “Монгол хүн амныхаа билгээр, Манж хүн гарынхаа бэлээр” гэсэн үг юм. Өнөөдөр ингээд харахад амныхаа билгийг дээдлэхдээ Монголчууд маань оюуныхаа итгэлцүүр /Айкю/-ээр дэлхийд айргийн тавд ордог, Ази Европын хосолмол соёлтой хөгжин дэвжиж өсөж өндийж яваа тусгаар улс, биеэ даасан хэл соёлтой үндэстэн болжээ.

Гарынхаа бэлээр аархдаг байсан Манж Чин улс оршин тогтнохоо болиод одоо үндэстнийхээ хувьд мөхөж, хэл соёл нь устаж үгүй болжээ. Үүнтэй холбоотой нэгэн бодит жишээ татъяа. Бидний улс Манж Чин улсын колони байж Манжууд гарынхаа бэлээр аархаж явсан тэр цаг үед Монгол орон маань 542 мянга гаруйхан хүн амтай, тал хувь нь нийгмийн архаг өвчтэй, зуун хүн тутмын ганц хоёр нь бичиг гадарлах төдий, эрчүүдийн олонхи нь лам хувраг буюу баялаг бүтээгчид бус, цөөнх нь нүүдлийн мөр хөөсөн малчин, тарвагачин, гөрөөчин, тахар, зарлага, улаач, сүрэгчин хүмүүс голдсон, найм хүрэхгүй сая малынх нь үлэмж хэсэг нь боом, хамуу, шүлхий мэтийн өвчтэй тийм нэгэн буурайхан айл байжээ.

Мөхөж яваа үндэстний тоонд ороод ХХ зууны дунд буюу тавиадхан жилийн дотор үгүй болох байхаа гэж өрнөдийнхөн нэгэнт онош тавиад, ном хэвлэлд биччихсэн тийм л орон байсан тухай эрдэмтэн зохиолч аугаа их Л.Түдэв абугай өөрийн 40 дүгээр боть номондоо тодорхой өгүүлсэн байдаг юм. Гэхдээ Монголчууд сэтгэлээ хатамжилж зүтгэлээ дээдэлсэн юм. Манай аугаа ахмад үе маань баян чинээлэг оронд төрсөндөө бус харин мандан бадарч явсан орны иргэд болж төрсөндөө дээд үеийнхээ Их Монгол улсынхаа гал голомтыг сахин үргэлжлүүлэх түүхэн хувь тавилан, аз заяандаа эр зориг, эрдэм чадал орж зууныг товчилсон их хурдтайгаар хөгжин дэвжихийг зорилгоо болгож түүндээ хүрсэн байдаг нь та бидний өнөөгийн Монгол Улс билээ.

Хүн ам суга өсч 3,3 саяд хүрч, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, нийтээрээ бичиг үсэгтэн, хотлоороо эрүүл саруул элэг бүтэн, сансарт хүртэл иргэнээ нисгэчихсэн, оюун ухааны олимп наадмуудад залуу үе маань өнгөлж, оюуныхаа итгэлцүүрээр дэлхийд айргийн тавд цойлон гарчээ. Хир баргийн улс орны мөрөөдөөд ч хүрэхгүй түвшинд Монголчууд маань асар богино хугацаанд хүрч чадсан нь үнэнхүү гайхамшиг бас мөөн.

Зах зээлийн эдийн засагтай, улс төрийн чөлөөт сонгуультай, парламентын засаглалтай нийгмийн ардчилалд шилжээд 30 жилийн нүүр үзэж тоочоод байвал зөндөө л юм хийж амжуулсан боловч ард түмнээ боддоггүй аливаа бусармагт үйлчилдэг авлигад идэгдсэн төрийн түшээдтэй, ард түмэн нь баян хоосны туйлд ялгарсан, хоёр их хөршөөсөө олон зүйлээр шууд хамааралтай, уул уурхайг шүтсэн нэн эмзэг эдийн засагтай дундаж хөгжилтэй дунд зэргийн улс орон байсаар байна.

Ийм л улс орон өнөөдөр короно овогтой Ковид-19 оноосон нэртэй гоц халдварт цар тахалтай нүүр тулжээ. Тулаад ирвэл тун чиг амаргүй байдалд орж болох түгшүүртэй энэ цаг үед мөнх хөх тэнгэрийн Монгол сайхан орон минь цар тахлаа дотооддоо алдахгүй барьсаар тоотой хоногоо тоолон сууж байна даа. Ийм байхад эерэгээр нөлөөлсөн олон сайхан жишээ баримтыг огт дурдахгүй өнгөрч яахин болох билээ.

Амьсгалын замыг тосон барьдаг айхтар өвчний тархалтын өмнө амжиж утаанаасаа салсан аугаа үйлийг төр засаг, Улаанбаатар хотынхоо удирдлагатай холбон бодож байна. Хамар нүд хорсгосон харшил өвчин хөдөлгөсөн хар утаагаа арилгасан нь чухам нэгэн чухлын чухал үйл хэрэг болсон хэмээн бодно. Өмнөд хөрш маань жилдээ нэг тохиолддог цагаан сарын шинэ жилийн баяраараа цар тахлаа тавьж туусан гашуун сургамж буй.

Төгсбуянтын шар зурхайгаар төөрөг заяагаа хардаг Монголчууд маань Хятадаас нэг сарын дараа цагаан сараа товлоод байсан боловч хөрш орноосоо сургамж авч хөл хорио цээрийн чанд арга хэмжээ авсан маань аль аль нь нүдээ олсон хэмээн бодно. Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Хорио цээрийн алба, хил, гааль, цагдаа зэрэг хүчний байгууллагууд, хүн байгалиа зурдаг зурхайчид, хүрээ хийдийнхэн тэргүүт байгууллага хүмүүстээ гүн талархлаа илэрхийлэх нь зүйд нийцнэ.

Нэн шаардлагатай цаг үед төр засгийнхаа шийдвэрийг даган баясаж хорио цээрийн дэглэмийг хоёргүй сэтгэлээр гүн ухамсартайгаар даган ёс журам, хууль дүрэм, зөвлөмж заавраа барьсан ухаант ард, жудагт түмэндээ машид ихээр гялайж байгаагаа илэрхийлэх нь ёсонд нийцнэ. Бас энэ чухал үед байгаль дэлхий маань биднийхээ талд баттай зогсож хүйтрээгүйгээрээ хүйтэрч, өвөл ороогүй цасаа үе үе олонтаа оруулж байгалийн ариутгал цэвэрлэгээгээ байн байн хийж өгч байсныг бахдан санахгүй бол яахин болох билээ.

Тэгвэл цаашид дэлхий яахав, бас бид яахав. Өнөөгийн хямрал дэлхийд шинэ хэв журам тогтоох уу. Аюулт цар тахлын дараа дэлхий өөр болох нь тов тодорхой боловч чухам ямар өөрчлөлт гарахыг одоогоор хэн ч хэлээгүй, бас таамаглаагүй байна. Ойрын ирээдүйд биднийг олон тодорхойгүй зүйл хүлээж байна.

Короновирусын уршгаар дэлхийн эдийн засаг 3 хувиар буурч, их хямралаас хойшхи хамгийн муу үзүүлэлт болно гэж ОУВС тооцоолон гаргажээ. Ковид-19 вирусаа өнөө болтол бүрэн таниагүй байна. Зарим нэгэн вакцины туршилт л хийгдэж эхэлж байна. Цар тахлыг давах туулах нь эргэлзээгүй ч хэзээ, ямар аргаар гэдгийг хэн ч хэлээгүй л байна.

Олон орны Засгийн газар маргаашийн бус өнөөдрийн асуудалдаа түүртсэн хэвээр байна. Ард иргэдийнхээ амь насыг хамгаалж чадсан Засгийн газрууд нь л засаглалдаа үлдэж чадна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер саяхан Вол Стрийт Жорнал сэтгүүлд “Короновирусийн цар тахал дэлхийн хэв журмыг бүрмөсөн өөрчилнө.” гэсэн гарчигтай нийтлэл бичсэн байсан. Гэхдээ яг юу болох талаар тодорхой бичсэнгүй. Тэрээр нийтлэлдээ “Нэгдүгээрт, халдварт өвчинтэй дэлхий нийтээр тэмцэх чадварыг хүчтэй болгох; хоёрдугаарт, Олон улсын эдийн засгийн шархыг эдгээх бүх арга хэмжээг авах; гуравдугаарт, дэлхийн ардчилсан хэв журмын зарчмыг хэвээр хадгалах”-ыг санал болгосон юм.

Төрийн байгууллагуудад итгэх нийгмийн итгэлийг алдахгүй бол тийм үр дүнд хүрэх бөгөөд олон улсын энхтайван тогтвортой байдалд ч чухал юм. Коронвирусийн дараах шилжилтийг одооноос эхлэх нь зүйтэй, эс тэгвээс биднийг “дэлхийн түймэр” хүлээж буйг тэрээр анхааруулсан юм.

Дэлхиин түймэр, тиймээ дэлхийн хэмжээний түймрийг ганц нэг орон цурам тавих төдийгөөр аргалж чадахгүй. Гэхдээ өнөөдөр алаг дэлхий маань 220-иод улс орноос бүрдэж байна. Энэ олон орноос дотооддоо цар тахал алдаагүй бас нэг ч хүний алтан амь үрэгдүүлээгүй гэдгээрээ монгол улс маань гарын таван хуруунд багтаж 2 том голомтот аварга хөршийнхөө дунд ганцаар тэсэн үлдсэн байна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас монгол орны авууштай туршлагын талаар удаа дараа цохон тэмдэглэв. Дэлхий даяараа хүссэн ч эс хүссэн ч ковид-19-ийн өмнөх дараах ертөнц гэсэн хоёр өөр орон дэлхийд амьдрах шаардлагатай боллоо.

Энэ нь цоо шинэ дэг журам хийгээд ёс суртахууны эрс өөр хандлагыг шаардах нь тодорхой болж байна. Байгаль дэлхий сансар хорвоотой балмад харьцсан, хөнөөлт зэвсэглэлээр уралдан тансаг хэрэглээ, илүүдэл хэрэглээнийхээ боол нь болсон нь тодорхой болж эх дэлхий маань эргэж ийм төрх байдалтай хумуүн төрөлхтнөөсөө хариугаа авч байгаа мэт сэтгэгдэл ч төрөх боллоо. Цар тахлын энэ богинохон хугацаанд озоны цоорхой битүүрч Гималай тэргүүт уулс тодрон харагдаж, ус мөрөн цэвэршиж, дайжсан усны шувууд тэргүүт ан амьтад буцан ирж байгаль дэлхий баясан цэнгэж байгааг бид европын гүнд ч харах боллоо Коронагийн эсрэг баян чинээлэг орнууд хүртэл барьц алдаж либерал эдийн засагтай хүчирхэг орнуудын эрүүл мэндийн тогтолцоо нь зангилагын ийм үед ажиллах чадваргүй нь мэдрэгдэж эхэллээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах өндөр настнаа гаргууд хаях, бусдын эм тариаг замаас нь дээрэмдэх мэтийн албин араншин цухалзах боллоо. Аймшиг биш гэж үү энэ бүхэн. айдас+түгшүүр. Харин гадны хүмүүсийн хэлэх дуртай жижигхэн монгол маань сайны жишээнд нэрлэгдэн дэлхийн анхаарлын төвд орлоо.

Коронагийн дараах ертөнцөд их Монгол улсад маань гадаадын хөрөнгө оруулалт ихээр орж, жуулчдын тоо эрс нэмэгдэж, гадаадад гарах махны үнэ магнаг торгоноос ч үнэтэй болж, удахгүй ашиглалтад орох төмөр замаар улам бүр үнэ орох алт, зэс, нүүрсээ гаргаж, ОХУ-аас БНХАУ-руу Монгол нутгийг дайран өнгөрөх “Сибирийн хүч – 2” хийн хоолойн аварга бүтээн байгуулалт өрнөж үлэмж их үр ашгийг нь Монголчууд л хүртэх зэрэг нааштай сайхан ирээдүй бид бүхнийг хүлээж байна.

“Амьд явбал алтан аяганаас ус ууна” хэмээх монголчууд маань амьд явах заяамал эрхээ аль дивангарт зарлан тунхагласан үндэстэн. Эрх чөлөө тусгаар тогтнол бол монгол хүн бүрийн цусанд, ясанд байдаг эрхмийн эрхэм чанар. Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ” гэсэн эрүүл саруул аз жаргалтай явахаа цөөн үгээр товчхон илэрхийлдэг ард түмэн.

Монголчууд маань бага балчираасаа л байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ухаанд суралцаж “эрхийг сурахаар бэрхийг сурдаг” бэрх үндэстэн.

Монголчууд маань өвгөд хөгшид, өтгөс буурлууд, өнчин өрөөсөн, нялхас хүүхэд өвчтэй зовлонтой хүмүүсээ энэрэн хайрлах нигүүлсэхүйн үзлээр хүмүүжиж үндсэн хуулиндаа “хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулахыг” титэм заалтаа болгосон ард түмэн. “Сэжгээр өвдөж сүжгээр эдгэдэг” гэх мэтээр сэтгэлийн хат, сэтгэл санааны далай их амар амгаланг бүхнээс дээгүүр тавьдаг үндэстэн.

“Нуур амгалан бол нугас амгалан” тэргүүт олон сайхан хэлц үгийн чанадын санааг хөөвөл энэхэн дэлхийн бүх улс гүрэнтэй эвтэй найртай явахыг бэлэгдсэн ч байж болох юм. Монголчуудын маань язгуурын шинж төрийг ялгаж бичнэ гэвэл далай буй заа.

 

Их эзэн богд Чингис хааныхаа суу залиар Мөнх тэнгэрийн хүчин дор толгойтныг бөхийлгөж тойгтныг сөхрүүлж дэлхийд дэг журам тогтоож асан ихэс дээдсийн үр сад өнөө цагийн Монголчууд маань онцгой байдлын үед нэгэн санаагаар нэгдэн нягтарч журам дэглэмийг үлгэртэй нь аргагүй сахин байгааг нь харах үнэхээр бахдам сайхан байлаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй нь үнэн болой.

Азын дөрвөн шагайг ээлж дараагүй буулгаж алсын оддыг атган атган зогсож байгаа мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байж билээ. Аз эзийн тухай ч бус, арга билгийн тухайтад ч бус амьд байгалтайгаа зохицож зохирон амьдардаг аугаа ард түмнийг минь буян заяа нь түшсэн хэрэг буй заа.

 

Тэнгэрт тэтгэгддэг онолт маань, байгаль дэлхийтэйгээ амьд харилцаанд байдаг тавилан минь, эмт чанараар ашид тэтгэгддэг эрүүл эрчимлэг шим тэжээлт хоол хүнс маань, эрдэст рашаан ус минь, бурмаар бус урмаар тэтгэгддэг амьд үгсийн эрчим маань, амны сайхан билэг маань, ашдын сайхан санаа бодлоын зөв маань, Азийн өндөрлөгийн эрчис энергийн хуйлрал маань…

Ер нь юм юм л түшсэн байх, ер бусын учир шалтгаан нь чанадын чанад нууцаа хадгалан хадгалсаар үлдээ л байх. Эх Монгол орноо яг өнөөдрийн өндөрлөгөөс амны билгээ шившин байж өөдрөг сэтгэлээр харанхуйд ингэж төсөөлөгдөж байна. Монголчууд маань өөрсдийгөө тэнгэр заяат ард түмэн хэмээн нэрийдэх дуртай билээ.

Тэгвэл тэнгэрийн салхи монголчуудын зүг эргэж байнам бус уу.

+ There are no comments

Add yours