Беларусын эсэргүүцэл: Жагсагчдын эсрэг хүч хэрэглэн, 190 хүн баривчлагджээ

Наймдугаар сарын есөнд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн беларусчуудын эсэргүүцэл үргэлжилсээр байна. Өнгөрсөн ням гаригт үйл явдал хэрхэн өрнөсөн талаарх ВВС, Regnum, tut.by эх сурвалжуудаас авсан мэдээллүүдийг тоймлон хүргэе. 

 

Беларусын сөрөг хүчин Минск хотын төвд өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн ажиллагаа дахин зохион байгуулж, үүний араас олныг хамарсан баривчилгаа үргэлжилсэн байна. Есдүгээр сарын зургааны ням гаригт Беларусын нийслэл болно бусад хотуудад олон нийтийг хамарсан эсэргүүцэл өрнөсөн дөрөв дэх долоо хоног тохиов.

 

Минск хотын төвөөр жагсагчид “Эв нэгдлийн марш” зохион байгуулсан бөгөөд энэ маршид олон мянган хүн оролцсон гэж tut.by мэдээллээ. Харин арга хэмжээ дууссаны дараа энгийн хувцас өмсөж, амны хаалт зүүн, бороохойгоор зэвсэглэсэн хүмүүс жагсагчдыг зодож, тэднийг баривчилж байгааг харуулсан дүрс бичлэгүүдийг “Tut.by”, “Нехта” болон бусад хэвлэлүүд нийтэлсэн байна. Нэг дүрс бичлэг дээр бороохойтой хүмүүс Минск хотын төвд байх кофены газрын цонхыг хагалсан бол, өөр нэг бичлэг дээр мөн ийм хүмүүс нэгэн залууг зодож байгаа нь дүрслэгджээ.

 

Хэвлэлүүдийн мэдээлснээр, ням гаригт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр баривчлагдсан хүмүүсийн тоо их байсан бөгөөд энэ талаар тус улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгч ч мэдээлсэн байна. “Весна” хүний эрхийг хамгаалах төвийн мэдээлснээр, ням гаригт болсон эсэргүүцлийн ажиллагааны дараа Минск хотноо 190 гаруй хүн баривчлагджээ.

 

Regnum агентлагийн мэдээлснээр, өмнөх өдрүүдийн адил ням гаригт ч хүчнийхэн гудамжууд, метроны буудлуудыг хаасан байсан гэнэ. Мөн жагсаал цуглаан болж буй газруудад хөдөлгөөнт интернет ажиллахгүй, А1 үүрэн холбооны оператор мөн л “төрийн эрх бүхий байгууллагуудын захирамжаар” интернетийн нэвтрэх чадварыг бууруулсан гэж мэдэгдсэн байна.

 

Tut.by сайтын мэдээлснээр Минскийн гудамжуудад ус шүршигч машин, цэргийн техникүүд урьдын адил зогсож, хотын төвөөр дүрэмт хувцастай хүмүүс засгийн газрын ордон болон “Минск-баатар хот” цогцолборыг хамгаалалтанд авч, өргөст тор татжээ. Мөн өмнөх өдрүүдийн адилаар жагсагчид Александр лукашенко байрлан ажилладаг Тусгаар тогтнолын ордныг чиглэн явсан бөгөөд ордныг тусгайгийнхан хамгаалж, гадаа нь ус шүршигч машин байрлуулсан хэвээр байсан гэнэ.

 

Беларусын эсэргүүцэл: Лукашенкогийн ордны гадаа зогсоосон “Предатор”-ын хүчин чадал
Жагсагчид Тусгаар тогтнолын ордны гадаа хүмүүс хэдэн цаг зогсож, эсэргүүцэгчдийн нэг бэхлэлтэнд зогсож буй цагдаагийн бамбай дээр лоозон бичих гэж оролдож, цагдаагийнхан хариуд нь нулимс асгаруулагч хий ашигласан байна.

 

Эргэн сануулахад, эсэргүүцлийн ажиллагаа наймдугаар сарын есний өдрөөс хойш өдөр бүр үргэлжилж байгаа юм. Наймдугаар сарын есний өдөр Беларусын Ерөнхийлөгчийн сонгууль болсон бөгөөд сонгуулийн дүнгээр өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80 гаруй хувь, харин түүний гол өрсөлдөгч Светлана Тихановская 10 орчим хувийн санал авсан. Ингээд энэ дүнг эсэргүүцсэн беларусчууд саналын хэсгүүд хаагдсаны дараагаас эхлэн эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн юм. Эсэргүүцлийн ажиллагааны улмаас олон зуун хүн баривчлагдаж, гурван хүн амиа алдсан бол 60 хүн ор сураггүй алга болжээ.

 

Лукашенкогийн гол өрсөлдөгч Светлана Тихановская Литва улсыг зорихоос аргагүй болсон. Европын орнууд энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийж дахин сонгууль явуулахыг Лукашенкод уриалж байгаа бол Орос болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан хэд хэдэн орон Беларусын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн юм.

 

+ There are no comments

Add yours