Эр зориг, тэсвэр хатуужлын гайхамшгийг түүхээрээ тунхаглаж чадсан Монгол цэргүүд

Аугаа их Эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны болон Алс Дорнодын 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ой 2020 оны есдүгээр сарын 02-03-нд тохиож байна. Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд “Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл, Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өчигдөр болсон.

 Түүнчлэн энэ сарын 01-09-нд “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд  гарч байгаа. Үзэсгэлэнд Чөлөөлөх дайнтай холбоотой архивын ховор баримтууд, эд өлгийн зүйлс, дайчдын хувцас хэрэглэл зэрэг үзмэрүүдийг тавьсан байлаа.

Дэлхийн фашизмын эсрэг тэмцэлд БНМАУ цэрэг армиа оролцуулан Зөвлөлтийн улаан армийн дайчдын хамт мөр зэрэгцэн тулалдсан олон арван мянган цэрэг эрсийн халуун амь бүлээн цусаар ялалтыг авчирсныг түүх мартахгүй. Монгол цэргийн музейгээс 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “БИД ЯЛАВ”  сэдэвт үзэсгэлэнг өөрийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй БНМАУ-ын баатрууд болон дайнд оролцсон эрхэм дайчдын түүхэн үнэнийг гэрчлэх биет эд өлгийн зүйлс, БХЯ, БХТА-ын сан хөмрөгт хадгалагдаж буй түүхийн баримтад түшиглэн дэглэсэн нь гайхалтай харагдана.

Энэхүү үзэсгэлэн нь музейн үзэсгэлэнгийн танхим, офицеруудын ордонд мөн Оросын шинжлэх ухаан, соёлын төвд ҮАЕГ, ТЕГ, ХХЕГ, БХТА хамтран “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” үзэсгэлэнг дэглэж үзэгч олны хүртээл болгож байгаа аж.

“Бид ялав” үзэсгэлэнгээрээ 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын хувьсгалт цэргийн командлагч Цэргийн яамны сайд бүх цэргийн жанжин, БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, жанжны орлогч бөгөөд Улс төрийн газрын дарга, дэслэгч генерал Ю.Цэдэнбал,  дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн, Улс төрийн газрын дарга, хошууч генерал С.Равдан, МАХЦ-ийн арын албаныг удирдах газрын дарга, хошууч генерал Р.Осор, МАХЦ-ийн их бууны газрын дарга, хошууч генерал Г.Рэндоо нарын соёлын өвийг дэлгэсэн байв.

Мөн Монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлын гайхамшгийг үзүүлж, аагим халуун, элсэн цөл, үргэлжилсэн аадар бороо, Хянганы өндөр уулсыг үл ажран өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, байлдааны үүргээ амжилттай биелүүлсэн дайчдын фото мэдээлэл.

Дайны талбарт амь биеэ үл хайрлан тэмцэж, Монголын ард түмний бахархал болсон улсын баатрууд, эрэлхэг дайчдын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, түүхэн баримтуудыг дэлгэн үзүүлж, эгэл баатруудынхаа алдар гавъяаг таниулан сурталчилж, мөнхжүүлж байна хэмээн Монгол цэргийн музейн дарга өгүүлсэн.

 

Энэхүү үзэсгэлэнд 8-р морьт дивизийн холбооны суманд холбоочин, тагнуулчаар үүрэг гүйцэтгэсэн Ц.Дамдинжавын дайны үед хэрэглэж байсан манерк, шагнагдсан одон медаль, баримт бичиг, эрхэм дайчид Б.Цоодол, Дариймаа, Г.Дагва, Л.Батмөнх, Ж.Ядмаа, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Н.Жамбал, Б.Дашцэрэн, Б.Банзрагч, Ц.Чимэддорж, Ж.Гончигжалцан, Б.Цэвээндорж, Хөвсгөл аймгийн харъяат С.Отгонбаяр, эдүгээ 99 настай ахмад дайчин Цэрэнхандын Даш нарын дайнд оролцсон үнэмлэх, баримт бичиг, гэрэл зураг мөн Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй анги дивизүүдийн түүх, байлдаанд оролцогсодод “Бид ялав” медаль олгосон бүртгэл, байлдааны ажиллагааны зураг, Батлан хамгаалах яамны архиваас чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад үнэмлэх олгосон бүртгэлийг анх удаа дэлгэн тавьж байгаагаараа онцлог гэж байлаа.

 Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй БНМАУ-ын баатар Д.Данзанваанчиг, С.Дампил, Л.Дандар, Н.Хаянхярваа, 8 дугаар дивизийн холбоочин Ц.Дамдинжав, сувилагч Г.Долгоржав болон 20 гаруй ахмад дайчдын үнэмлэх баримт бичиг зэрэг 200 гаруй эд өлгийн зүйл  үзэсгэлэнд дэглэн үзэгч олны хүртээл болгожээ.

БНМАУ-ын Ардын хувьсгалт цэргийн жанжин туг 1945-2014 он

БНМАУ-ын 1945 оны 8 дугаар 2-ны 51 дүгээр тогтоолоор “Ардын хувьсгалт цэргийн жанжин туг”-ийг үйлдэх шийдвэр гарчээ.

1940 онд БНМАУ-ын шинэ үндсэн хуулийг баталсны дараа шинэчилсэн бөгөөд “БНМАУ-ын Ардын хувьсгалт цэргийн жанжин туг” хэмээсэн худам монгол бичигтэй, 150х200 хэмжээтэй, дундаа төрийн сүлдтэй, улаан хүрэн өнгийн хамба хилэнгээр хийсэн, гурван талдаа шар өнгийн торгомсог утсаар хийсэн цацагтай, догны суурь, иш цацгийг мөн өнгийн утсаар урлан бүтээжээ.

Монгол цэргийн оройн дээд сүлд шүтээн нь цэргийн жанжин туг байсан агаад түүнийг 1945-1992 он хүртэл төр засгийн тэргүүн нар зочлох, улсын баяр наадмын цэргийн парадын үед цэргийн жагсаалын өмнө залж явдаг байжээ. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үр дүнд Монголын төр, цэргийн түүхэн уламжлал, ард түмний үндсэн үзэл, уламжлалт зан үйл сэргэж Бүх цэргийн их хар сүлдээ бүтээн залж, 1992 оны 05 дугаар сарын 5-ны өдөр БХЯ-нд гардуулж өгсөн байна. Түүнээс хойш жанжин тугийг БХЯ-нд хадгалж байгаад БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2000 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 180 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний төв архивт шилжүүлжээ.

“Ардын хувьсгалт цэргийн жанжин туг ” нь архивт хадгалагдаж байгаад 2003 онд ЗХЖШ-ын даргын тушаалаар жанжин штабын 1-р давхарт тусгай хоргонд залж байрлуулан, тугийг залах, арчлах журмыг баталсан бөгөөд 2012 онд шилжүүлэн залж байршуулан, хадгалж хамгаалах журмыг шинэчлэн баталсан байна. 2013 онд ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон комисс жанжин туганд үзлэг хийж дал орчим жил ашигласан хадгалалтын явцад элэгдэл их үүссэн ч Монгол улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн, түүхийн дурсгалт үзмэр болох тул Зэвсэгт хүчний жанжин тугийг шинээр бүтээж  “Ардын хувьсгалт цэргийн жанжин туг ”-ийг  ЗХЖШ-ын даргын 2014 оны н/56 тоот тушаалаар Монгол цэргийн музейд шилжүүлэн өгсөн түүхтэй.

 МАХЦ-ийн арын албаныг удирдах газрын дарга, хошууч генерал Р.Осорын сэлэм 1944 он

 

БНМАУ-ын баатар Дашийн Данзанваанчигийн 50мм-ийн миномёт

 Д.Данзанваанчигийн дурдатгалаас: 1945 оны чөлөөлөх дайнд миний хэрэглэж явсан 50 мм-ийн миномёт юм. Би миномётоо цоо шинэ байхад нь хүлээн авсан билээ. ЗХУ-д үйлдвэрлэгдсэн ёстой л тостой гараар баримгүй тоостой газар тавимгүй тийм сайхан л зэвсэг байсан бөгөөд цэрэг хүн төдийгүй ер нь эр хүн бүхний хайрыг аргагүй татаж чадах сайн буу байлаа. Тэгээд ч энэ буу миний амьдрал, хүмүүжилд төдийгүй манай ардын армийн дайчин замналд мартагдашгүй дурсгал болж үлдсэн юм.

Би миномётоо хүлээж аваад зөвхөн л арьс ангийг нь арчиж зүлгэж ил харагдах эрэг шураг, оньс механизмыг нь үзэж сонирхохоос цааш мэдэх чадах юмгүй байлаа. Миномёт салааны бага дэслэгч Санжаар бууныхаа арга ажиллагааг заалгаж эхлэв. Манай салааны дарга Санжаа Улаанбаатарт курс хийж, семинар сонссон ялангуяа миномётыг сайн судалсан хүн байсан юм. Эхлээд бие анги, харилцан ажиллагаа, буудлагын онол гэх зэрэг хэдэн төрлийн сэдвийг шат дараалан заалгаж судаллаа. Дараахь шат нь галын бэлтгэл сургууль байв. Энэ үед би туслах наводчик байсан учир өөрийн үүрэгт ажилдаа сайн суралцав гэж даргадаа үнэлэгдэж, зүтгэж тэмцэж оролдсоор байж жинхэнэ наводчикийн зэрэгт хүрч чадлаа. Өдий зэрэгтэй суралцахад манай нэгтгэлийн дарга хурандаа Д.Нянтайсүрэн, сургагч нарын туслалцаа ихээхэн хувь нэмэр болсныг үргэлж санан дурсдаг.

1945 оны 6 дугаар сарын эцсээр манай бригадын орон тоонд өөрчлөлт гарч би жинхэнэ наводчикаар дэвшлээ. Бид байлдааны бүх ажиллагаагаар хээрийн сургууль хийж Замын Үүд цаашаа дархан хил дээр хүрч, тэндээс ах дүү Өвөр Монголыг чөлөөлөх тушаалыг 8 дугаар сарын 9-нд авч 10-ны өдөр ариун шударга дайнд мордож хил давав.

Миний миномёт бол дайсны галын цэг ил далд хамаагүй бууддаг, дагуу хөндлөн усан хэмжүүр бүхий 800-1000 метр зайд хараа тохируулан сууж бууддаг юм.  Давшилт дундуур би дайсны 10 шахам цэгийг устгаж, Жанчхүүгийн давааны ширүүн тулалдаан дунд 2 бөөрөндөө шарх авсан ч даргадаа хэлэхгүй урагшлан тулалдаж байтал баруун гараа хуга буудуулан ар талын эмнэлэгт хүргэгдэн саатаж Баянтүмэнгийн эмнэлэгт сар болоход нэгэн өдөр Дампил, Аюуш бид 3-т БНМАУ-ын баатар цол шагнасан тухай мэдээг сониноос олж уншсанаа нөхөд минь надад мэдэгдэв. Дайны төгсгөл хүртэл явж чдаагүйдээ гунихарсан ч энэ бүгд буудлагын хичээл заасан багш, шадар дарга нар, ижил дасал болсон байлдагч нар болон миний миномётын минь ач гэж санагдан хязгааргүй их баярласан билээ гэж БНМАУ-ын баатар Д.Данзанваанчиг дурдатгалдаа тэмдэглэжээ.

5-р морьт дивизийн 13-р морьт хорооны дарга, дэд хурандаа  Л.Дандарын цүнх

“Цагаан хэрмийн дэргэд” Уран бүтээлч Н.Чүлтэм  Зотон, тос, 136х150, 1997 он

Ахмад дайчин сувилагч Ж.Долгоржавын эд зүйлс

БНМАУ-ын хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дэлхийн олон улсын улаан загалмайн флореце нигитингале алтан медальт шагналт, эмнэлгийн ахмад дайчин сувилагч Ж.Долгоржавын дайны үед хэрэглэж байсан багаж хэрэгсэл

 Хурандаа Г.Нянтайсүрэн даргатай 7-р механикжуулсан хуягт бригадад гавъяат их эмч дэд хурандаа Даш, хурандаа Л.Шаравдорж, бага эмч Сундуй, Дампил, Самдан, их эмч Жанлав, Чимэддорж, сувилагч Дашцэрмаа, Дулам, жолооч Отгон нар болон Зөвлөлт Монголын эмч нарын заавар тушаалыг биелүүлж цагаан нуур, Их Хянганы нуруу, Долоннуур, Жамбай хот Чуулалт хаалга,Сөнөд цагаан овоо, Жэхэ хот зэрэг нутгийн ард түмнийг Япончуудын дарлалаас чөлөөлөх энх тайван эрх чөлөө тусгаар тогтнолыг олоход оролцож, шархадсан цэрэг дайчдыг сувилах, асрах, сэтгэл санаагаар дэмжих, хүнд шархдагсадад түргэн шуурхай цаг алдалгүй тусламжийг үзүүлж ажиллахын зэрэгцээ ар талд эмнэлэгт шилжүүлэн хүргэх хугацаанд хүнд шархадсан дайчдын амь насыг аврахын тулд цусаа хүртэл өгч байлаа. Үүний нэг жишээ нь БНМАУ-ын баатар Д.Данзанванваанчиг  1979 он хүртэл наслахад нь дайны үед үзүүлсэн миний хувь нэмэр орсон гэж ихэд баярладаг тухайгаа ахмад дайчин сувилагч Ж.Долгоржав дурдатгалдаа тэмдэглэн үлдээжээ.

Дайнд оролцсон ахмад дайчдад үнэмлэх олгосон бүртгэл     БХЯ-ны архив, үзэсгэлэнд анх удаа дэглэсэн.

    Цэрэнхандын Дашийн байлдаанд оролцсон үнэмлэх, баримт бичиг

1945 оны чөлөөлөх дайны үед Японы цэргийн хэрэглэж байсан 47 мм-ийн танк эсэргүүцэх пушканы сумны хайрцаг

 3-р их бууны хорооны зэвсгийн албаны дарга /ахлах дэслэгч / ХТАЗ-тэн Д.Жамсран дайны талбараас авчирч хадгалж байгаад 2010 онд чөлөөлөх дайны 65 жилийн ойгоор музейн сан хөмрөгт өгсөн түүхтэй.

+ There are no comments

Add yours