МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Хуралд Цэцдийн зөвлөлийн 47 гишүүн оролцож, МҮБХ-ны ээлжит 5-р Их Эеийг 2020 оны 09-р сарын 19-ны өдөр хуралдуулахаар товлож, баталлаа.

Тус хурлаас ээлжит 5–р Их Эеийг зохион байгуулахад бэлдэх ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон батлав.
Тус ажлын хэсгийн ахлагчаар дархан аварга Х.Баянмөнх, гишүүдээр улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Б.Гантогтох, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Ц.Магалжав, улсын начин С.Эрхэмбаяр, Д.Жанчивдорж, бөхийн зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Л.Ням, МҮБХ-ны менежер С.Гантөр нар ажиллах юм.
Мөн МҮБХ-ны ээлжит 5-р Их Эе-д төлөөлөгч сонгох журмыг хэлэлцэн тодорхой хэмжээний өөрчлөлт оруулан баталлаа. Үүнд:
21 аймаг тус бүрт 8 төлөөлөгч, – (бүгд 168)
Налайх, Багануур дүүрэг тус бүрт 3 төлөөлөгч, (бүгд 6)
Монголын үндэсний бөхийн 12 аварга шууд орно. (Нийт: 187 төлөөлөгч)

Жаяг дэгийн багаас:
Судлаач: 2
Гарын даа: 3
Тайлбарлагч: 2
Засуул: 5
Зүтгэлтэн: 2 (бүгд 13 төлөөлөгч)
нийтдээ 200 төлөөлөгч оролцохоор тогтож, хуралд ирсэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүдээс дараах Уриалгыг гаргав.

УРИАЛГА
Эрхэм бөхчүүд ээ
Торгон зодогны садан ахан дүүс ээ
Бөхийн хорхойтон, үзэгч түмэн, дэмжигч анд найз нар аа

Та бид өнөөдөр ер бусын цаг үед монгол үндэсний бөхийн нэгэн үеийг төлөөлж наадмын торгон дэвжээнд зодоглож байна. Өмнөх үеийн агуу бөхчүүдийн домог болсон барилдаан, хүн чанар, хүч чадлыг бишрэн хүндэтгэж, энэ цагийн үндэсний бөхийн түүхийг бүтээхэд өөр өөрийн хувь нэмрээ оруулж, дараа үедээ ариун сайхнаар уламжлуулан өгөх үүрэг та бидэнд оногдож байна. Түүхийн энэ гурван цагийн алтан хэлхээг холбох нийгмийн үүрэг цаашид ч үргэлжлэх нь дамжиггүй.

Монголын үндэсний бөхийн түүх цолтонгуудын төдийгүй зодог шуудагт монгол эр хүн бүрийн бахархалт түүх юм. Тэр тусмаа улс, аймаг, сумын цолтонгууд онцгой үүрэг хүлээх учиртай. Бөхийн цол зөвхөн даваа онооны дэнс бус монгол бөхийн амжилт, нэр хүнд, өв соёлыг биедээ тээсэн төрт ёсны эрхэм хүндэтгэлийн өндөр босго мөн болохыг бид гүнээ ухамсарлаж байна.

Сүүлийн хориод жил Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон маргаан мэтгэлцээн тасралтгүй үргэлжилж, талцал хагарал туйлшрал хэрээс хэтэрч, хэдийвээр хууль шүүхийн шат шатны байгууллагын шийдвэр гарч байсан боловч тодорхой шийдэлд хүрч эцэслэгдэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрч ирлээ. Цаашдаа энэ талцал хуваагдал, маргаан мэтгэлцээнийг таслан зогсоож шинэ үеийн бөхчүүдэд шударга сайхан барилдаанаар ард олноо баясгах боломжийг олгох цаг үед бид тулж ирлээ. Энэ боломжийг өөр хэн ч бус Та бид нар, бөхчүүдийн эв нэгдэл л хангаж чадна. Үүний тулд эдүгээ зэрэгцэн оршиж буй Үндэсний бөхийн хоёр холбоо нэгдэж Эв нэгдлийн Их хурлаа хийх шаардлага тулгарч байна. Өнөөдрийн Цэцдийн зөвлөлийн хамтарсан хурлаас ээлжит Их Эеэ хуралдуулах хамтын шийдвэр гаргаж чадсанд талархалтай байна.

Монголын үндэсний бөхийн холбооны Ээлжит их хурлын бэлтгэлийг хангах Ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэгт тусалж дүрмийн дагуу Их хурлаа амжилттай зохион байгуулахад бөхчүүдийн үүрэг туйлаас чухал болж байна. Тиймээс та бидний эрх ашгийг хамгаалах үүрэг чиглэл бүхий Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит Их хуралд бөхчүүд бүхэн идэвхтэй оролцож, дэмжиж, эв эеэ хичээн туслахыг Цэцдийн зөвлөлийн хамтарсан хуралдаанаас уриалж байна.

Наадмын ногоон дэвжээнд эр бяр, авхаалж самбаа, авъяас чадвараа сорьж шударгаар өрсөлдөж ард түмнээ баясгаж, монгол бөхийн хөгжлийг шинэ зууны эхэнд шинэ шатанд гарган хөгжүүлэх их үйлсэд үнэт хувь нэмрээ оруулахыг бөхчүүд, жаяг дэгийн багийнхан, эрдэмтэн судлаачид, бөхийн хорхойтон, нийт ард түмэндээ уриалж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ
ЦЭЦДИЙН ЗӨВЛӨЛИЙН ХАМТАРСАН ХУРАЛД ОРОЛЦОГЧИД

 

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.