20-100 сая төгрөг төлөөд Орон нутгийн сонгуульд өрсөлдөхийн цаад учир нь юу вэ?

20-100 сая төгрөг төлөөд Орон нутгийн сонгуульд өрсөлдөхийн цаад учир нь юу вэ

Сар гаруйхны дараа буюу ирэх аравдугаар сарын 15-нд орон нутгийн сонгууль болно. Намууд орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж, тунчиг завгүй. Сонгууль болгоноор нэр дэвших эрх буюу дэнчингийн мөнгөний хэмжээ яригддаг жишгээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд хоёр гол намаас, тэр дундаа Монгол ардын намаас өрсөлдөх “суутнууд”-ыг энэ хүнд асуудал тойрсонгүй ээ.

Аймаг, нийслэлд горилогчид 100 сая, сум, дүүрэгт горилогчид 70 сая, баг, хороодод горилогчид 20 саяын дэнчин төлөх том шалгуурыг эхлээд давах хэрэгтэй болсон учир өнгөрсөн долоо хоногт нэр дэвших өргөдлөө өгчихөөд, энэ долоо хоногт дэнчингийн мөнгөнийхөө эрэлд гарчээ.

“Намын дарга /Монгол ардын нам/ дүүрэгт нэр дэвших хүмүүсийг дэнчинд 70 сая тушаа гэсэн, хэрвээ заавал авна гэвэл нэр дэвшихээ болихоос” гэсэн нөхөртэй тааралдлаа. Түүний хэлж буйгаар ирэх долоо хоногт мөнгөтэй нь буюу мөнгө олж намдаа тушааж чадсан нь нэр дэвших эрхээ авч, чадаагүй нь лаазаа өшиглөхөөр шулуун замдаа гарна.

Дэнчингийн хэмжээгээр сонгуульд зарцуулах мөнгө хязгаарлагдахгүй. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвших нэг нэр дэвшигчийн зардлын дээд хязгаар 250 сая орчим төгрөг байгаа. Үүнийг төрийн дэмжлэг, иргэд байгууллагын хандивын эх үүсвэрээр бүрдүүлэх учиртай. Хуулиар зөвшөөрснийг бус хуулиар хориглох учиртай мөнгөний тухай эл нийтлэлээрээ хөндөж буй учир дэнчин хэмээх бохир мөнгөний тухай сэдвээ үргэлжлүүлье.

Бизнес эрхэлдэггүй, мөнгөгүй нөхдүүд энэ их мөнгийг хаанаас, яаж олж ирэх нь тов тодорхой. “Буцааж төлөх нөхцөлтэй” зээлдэнэ. Гай болж сонгогдчихвол өрөө дарах гэж яаж ажиллах нь бүр ойлгомжтой. Энэ бохир системийн золиосонд гарагсад нь яаж ийгээд мөнгөө төлсөн толгой муутай нэр дэвшигчид бус эгэл жирийн ард түмэн гэж бодохоос л өр өвддөг.

Лидерүүд бус олгой толгойтнууд, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж чадаагүй гологдогсод улстөрийн намд шургалж, орон нутгийн  сонгуульд нэр дэвшин, хурган тушаал хашиж амь зуудгийг угаасаа хүмүүс мэднэ дээ.

Ардчилсан намын Ц.Оюунгэрэл УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө фэйсбүүктээ “Анх 2000 онд нэр дэвшигчдийг 1-3 сая төгрөгийн дэнчин төлөхийг шаардаж хэрдээ даруухан эхэлж байсан энэ босго 2008 он гэхэд төв намд 20 сая, орон нутгийн намд 30 сая болов. 2012 онд төв намд 50 сая, орон нутгийн намд амандаа орсон тооны хэмжээгээр өссөн. Энэ үед орон нутгийн намд 20-50 саяын ханштай байлаа. Харин 2016 онд мөнөөх л 50 саяын дэнчин үргэлжилж байснаа 2020 оны сонгуулиар төв намд 100 саяын анхан шатны дэнчин, 300-400 саяын гэрээ байгуулах үеийн дэнчин, дээр нь 50-80 саяын орон нутгийн дэнчин болж суга өслөө. Намаас Ерөнхийлөгчид дэвших бол тэрбум, намын даргад дэвших бол 90 саяаас 500 сая гээд явж өглөө дөө” хэмээн бичиж байв.

Хэдийгээр Монгол ардын намын дарга УИХ-ын сонгуулийн өмнө “Нэр дэвшигчдээсээ сонгуульд зориулж хандив авахгүй” гэж мэдэгдсэн ч мэдээж хэрэг сонгуульд оролцоход маш их мөнгө хэрэгтэй, мөнгөгүй нь угаасаа л тойргийн гадна үлддэг хуультай шүү дээ. Нэгэнт тогтчихсон энэ бохир ёс суртахууныг сөрөх хүч чадалтай лидер одоогоор алга.

Ардчилсан нам өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчдээсээ эхний ээлжинд 100 сая авч байгаагаа ил тод зарласан бол Монгол ардын нам авахгүй гэж гүрийгээд өнгөрсөн ч дотроо юу болсныг жирийн иргэд мэдэхгүй. Юутай ч анхдугаар чуулганаар Засгийн газрыг эмхлэн байгуулах үеэр УИХ-д хоёронтоо сонгогдсон М.Оюунчимэг гишүүн сайд нарт “Бид сонгуульд маш их мөнгө зарж, энэ ялалтыг авчирсан. Зүгээр сууж байгаад сайд болж байгаа та нар аятайхан байгаарай” гэх ухааны юм хэлээд авна лээ. Юу ч гэсэн үг юм. М.Оюунчимэг ч “мэддэг хэлээр” нь хэлж, тэд нь  ч “орчуулаад” ойлгочихсон л байлгүй дээ, бодвол.

УИХ-ын ч бай, орон нутгийн ч бай сонгуульд нэр дэвших хүмүүс өөр өөрсдийнхөө зардлыг даадаг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн штабт ажиллах хүмүүсийнхээ цалин хөлс, айл бүрт оруулах сурталчилгааны материалыг бэлтгэн хэвлэх, тараах ухуулагчид зарцуулах мөнгөнөөс эхлээд тухайн нэр дэвшигч маш их мөнгө гаргана. Юу гэж тэр их мөнгийг иргэд тэдэнд хандивлах вэ дээ, ойлгомжтой.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд ойролцоогоор нийт 470 гаруй орчим тэрбум төгрөг, нэг нэр дэвшигчээс улсын дунджаар 474.4 сая төгрөг буюу хагас тэрбум төгрөгийн зардал гарна гэдэг тооцоог холбогдох байгууллагаас гаргасныг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үедээ танилцуулж байсан.  Энэ дүнгийн цаана байх бохир мөнгөний хэмжээ нь хэд бол гэдэг нь айдас төрүүлмээр ч албан тушаалын төлөө тэмцэгсэд улсаа худалдахаас ч үл буцан улайрцгаадаг.

Төгсгөлд нь, төрөөс дэмжлэг, иргэд, байгууллагаас хандив авч болохыг хуулиар зөвшөөрчихөөд нэр дэвшигчдээсээ дэнчин авдаг энэ гажиг тогтолцоогоо улстөрийн намууд хэр амь бөхтэй, хэдий хүртэл үргэлжлүүлнэ тэр хугацаагаар улс орон хөгжихгүй. Зарчим нь ийм атал улстөрийн намууд, тэр  дундаа эрх барьж байгаа гол нам дэнчин авах зорилгоосоо буцчихмаар л байгаа юм.

Улс төрийн намууд сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй гишүүдээсээ “дэнчин” буюу шууд утгаараа бохир мөнгө авдаг гажиг тогтолцоог хуулиар хориглочихвол харьцангуй эрүүл сэтгэлгээтэй залуус төлөөллийн зарчимаар гараад ирнэ. Намд шургалж, дэнчин төлсөн олгой толгойтнуудад бус мөнгөгүй хэрнээ хүсэл тэмүүллээ даган нэрээ дэвшүүлээд явж буй хүмүүст саналаа өгөх нь сонгогч түмний мэргэн сонголт юм даа.

Сонгуульд ялалт байгуулахын тулд дэнчин өгч, авч байгаа хүмүүсийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Тийм их төр барилцах сонирхолтой юм бол намын гишүүнийхээ татварыг ханатал өгөөд, тэр мөнгөөрөө л сонгуулиа хийж байх нь ирээдүй хойчийнхоо төлөө бидний хийж чадах хамгийн сайн зүйл юм.

Эх сурвалж:  Монголын Мэдээ сонин

+ There are no comments

Add yours