Их харгуйн хөндийг сэрээсэн Монголын ТӨМӨР ЗАМ

 Дорнын говьд сайхан намар болж байна.  Таана хэнзэлж, мангирын толгой салхины аясаар ганхаад л.  Өнгө засч ширээ бөх нь тэгширсэн галбын хүрэн тэмээд салхи сөрөн идээшилж, хаа нэгтээ мангирын толгой шүүрч харагдана.   Зэрэглээ татсан хөндий тэр чигээрээ гүн ногоон өнгөөр дуниартаж,  дэргэдүүр  уртаас урт төмөр замын рейс төмөр,  зургаан үе төмөр бетон дэр гэхчилэн хайрцаг савтай зүйлс ачсан  хүнд даацын автомашинууд жингийн цуваа адил ар араасаа  уухилан,  уухилан зүтгэх нь аргагүй л энэ хөндийд их бүтээн байгуулалт өрнөж буйг илтгэнэ.

Жилийн өмнө  “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын  шавийг тавилаа” хэмээн шуугиж байсан санагдана. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэрхүү түүхэн үйл явдлыг  дамжуулахдаа  эргэлзэж буйгаа үг дайсан хэлбэрээр илэрхийлж байсан нь санаад  зурсхийн орж ирэв. Олон арван төсөл тэгсхийгээд сураг алдарч,  баримт материал нь хаа нэгтээ  архивын өрөөний   мухарт шороонд дарагдаад таг болдгийг  монголчууд мэдэх юм хойно  “өө, ажил хэрэг болбол Дундговийн замын зоо  тэнийж, хил дээр хэвтдэг эрчүүд гэрийнхээ хойморт налайх  цаг ирвэл ч  болж байна шүү” гээд  сувгаа сольсон хүмүүсийн нэг нь би.

Монгол Улс өөрийн гэсэн үндсэн төмөр замтай болох  асуудал арван хэдэн жилийн өмнөөс л яригдсан юм шүү дээ, уг нь.  Түүнээс хойш  лав арав  шахуу жил өнгөрч.   Гаднаас  гуйж гувшиж байж олж ирсэн хэдэн төгрөгөө  овоолсон шороо болгож хувиргаад мөнгийг нь халаасалж орхисон тухай худал, үнэн нь үл мэдэгдэх  мэдээлэл  ээрэм говиос, цаст алтайн ноён оргилуудын өвөр бэлд өвөлжиж буй малчин Дорж гуайн чихэнд ч хүрч очсон юм чинь түүний нэг адил хумхийн тоос болох биз хэмээн бодох  нь  арга ч үгүй биз.  Тэгсэн ээ,  гэнэтхэн өнөөх замыг тавих болж гэнэ гэх яриа гарахтай зэрэгцэн өргөн, нарийн цариг энэ тэр  болж  хэсэг шуугисан.  Тэгээд л таг болж орхисон. Харин өнгөрсөн хавраас шав тавилаа, монголчууд өөрсдийн хүчээр барьж байгуулж байна хэмээх сайхан мэдээ сонсогдох болов.  Түүнээс хойш шинэ төмөр замын асуудлыг нийгэм анхааралтайяа ажиглаж, чих тавьж эхэлсэн дээ.  Харамсалтай нь өнгөрсөн   наймдугаар сарын сүүлээр   далан нь сэтэрч, өнөөх  зам нь урсаад алга болсон тухай мэдээлэл цахим ертөнцөөр тэнүүчилж, “ай  хөөрхий монголчууд замтай болох учиргүй юм байж, тавилангүй яасан улс вэ”   гэж ирээд түмэн олноороо  шогширсон. Угтаа бол шинээр тавигдаж буй  төмөр замын далан бус түр замын үерийн уснаас хамгаалсан далан сэтэрсэн юм билээ.  Үүний араас сайн муу, сайхан муухай мэдээллүүд  хөврөх шиг л болсон.  Түр далан байсан гэж холбогдох албаны, хариуцлага бүхий албан тушаалтнууд тайлбарлаад байхад л нийгэм эргэлзсэн хэвээр байгаа.  Нуулгүй өчихөд би ч тэдний нэг байлаа.    МТЗ-ын Захиргаа удирдлагын газарт хүсэлт гаргаснаар тус байгууллагын хяналтын багийнхны ээлжит томилолтын багт багтсан хэрэг.

  Хуй салхи, аадар бороо, хуйлрах үертэй өрсөлдсөн 280 хоног

Монгол Улсын Засгийн  газрын  2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар нэгэн  асуудлыг  хэлэлцэж тогтоол гаргасан нь “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын төслийг хэрэгжүүлэх  арга хэмжээний тухай “ байв.  Шинэ цагийн Монгол Улсын хөгжлийн толь хэмээн хожим түүхэнд тэмдэглэгдэн үлдэх  алтан хуудсын эхлэл ийн тавигджээ. Тэртээ 1950 –иад оны эхээр, дараа нь залуусын хот Эрдэнэтийг байгуулахаар  МХЗЭ-ийн илгээлт өвөртөлсөн мянга мянган залуучууд Атар газар эзэмшихээр   эх орны дөрвөн зүг, найман зовхистоос Сэлэнгэ, Булганыг   зорьж байсан бол   энэ удаад Дорнын говиос Өмнийн говь чиглэлийн  төмөр замын бүтээн байгуулалтад  оролцох   залуус Их харгуйн хөндийг зорьсноос хойш ердөө жил гарангийн хугацаа өнгөрчээ.  Ирэх аравдугаар сард багтаан 414,6 км бүхий төмөр зам ашиглалтад орох юм гэнэ.  Хуй салхи, хулангийн тоос,  хөлөөр орооцолдох хамхуул, халзарч ноорсон хэдэн хөх тэмээнээс өөрөөр нүднээ торох юмгүй элсэн саарал хоолойд / говийнхон хөндий гэдэггүй хоолой гэх/   тоонотоо дугуйлсан  залуус хаяагаар хүүгэх салхи, чихнээ чийртэй ёонгинох  яндангийн чимээнд ширээ  тойрон зураг  төслөө дэлгэн, шаваа хэрхэн тавих талаар санал солилцож байхдаа ч Монголын төмөр замчид, монгол хүн  төмөр замаа бусдын  оюун бодлоор бус өөрсдийн хүч, эв нэгдэл, хичээл зүтгэлээр буй болгочих юм гэж санаагүй байж мэднэ.   Эдүгээ залуус  төслийн хоёр дахь үе болох  Сайншанд-Баруун-Урт өөрөөр хэлбэл Хөөт чиглэлийн 403 км замын бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэлтэй, дадлага туршлагатай болсон талаараа итгэл төгс ярьцгааж байна. Тэгэхээр хуй салхи, аадар бороо, хуйлрах  үерийг сөрж гарсан  есөн сар буюу  280 хоног монголчууд, Монголын  зам, гүүрийн чиглэлийн 94  аж ахуйн нэгжийг нэгтгэж чадсан гавьяатай гээд дүгнэхэд буруудах зүйлгүй болов уу.  Хөдөлмөрийн үнэ цэнэ үүнд оршдог биз ээ.  Нөгөөтэйгүүр, Дорнын говийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа залуучуудын дийлэнх нь 30 хүртлэх насныхан. Бас цөөнгүй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь сайшаалтай. Тэд  зөвхөн гал тогоо, угаалгын өрөөний хатагтай  бус эрчүүдтэй мөр зэрэгцэн зам угсарч, технологи ярьж, замчдыг удирдаж , тэднийг манлайлж байгаа нь гайхалтай.

  Дам нуруугаа цутгаж  дууслаа, хоолой бэлэн, замаа  угсарч болно

Төмөр замын трассын дагуу  сүндэрлэх янз бүрийн урттай  27 ширхэг гүүрэн байгууламж, 594 ширхэг хоолойн   ажил  ерөнхийдөө   өндөрлөх тийшээгээ ханджээ.  Тодруулж хэлбэл, 90 хувийн гүйцэтгэлтэй аж.  Очсон аж ахуйн нэгжүүдийн талбайн болон  МТЗ-аас томилогдон ажиллаж буй хяналтын инженерүүд  төслийн явц байдлыг ийн танилцуулж байв. Гүүр барина гэдэг санаан зоргийн, бетон арматур хоёрыг нийлүүлж байгаад хэв рүү цутгачихдаг зүйл биш аж. Бүх зүйл маш нарийн технологитой. Технологийн нэг л горим алдагдахад сая сая төгрөгийг салхинд хийсгэснээс өөрцгүй. Хур бороо багатай говийн нөхцөлд гүүр барих асуудалгүй гэх гарах байх. Үгүй шүү, 22 метрийн гүнд  суурийн доод хэсгийн угсралт хийнэ гэдэг  гайхамшигтай зүйл ажээ.   Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км дагуу угсрах 27 гүүрэнд 252  ширхэг дам нуруу, 956 багана орсныг  хуруу даран тоолж явлаа.

“Шинэ төмөр зам”  төслийн ерөнхий захиалагч нь “ Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани гэдгийг эрхэм уншигч  юун түрүүнд мэдэж байх ёстой юм билээ.  Андуурч будлиад УБТЗ гээд ойлгочихов оо.  Төсөл хэрэгжиж эхэлсэнээс  өнөөдрийг хүртэл  МТЗ  ерөнхий захиалагч байгууллагын хувьд төслийн   гүйцэтгэлтэй  өдөр бүхэн зууралдаж, явц байдалд заавар,  зөвлөгөө  өгөхийн зэрэгцээ хяналт тавьж ирсэн байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга,  Ерөнхий сайд, Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “ Шинэ төмөр зам”  төслийн нээлтийн туузыг хайчилчиж зогссон  МТЗ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Түвшинжаргал, гүүрийн  зураг төслийн автор,   ГБЭТ ХХК-ий   гүйцэтгэх захирал Э.Тодгэрэл нар энэ удаагийн хяналтын багийг ахалсан гэдгийг энд онцлох байна.

Монголчууд автозамын гүүр, хоолойн байгууламжийн хувьд 60 шахам жилийн туршлага хуримтлуулсан хэдий ч төмөр замын тухайд анхных нь юм билээ.  Тиймээс хамтдаа суралцаж, хамтдаа онож, алдан тэр хэрээр туршлага хуримтлуулсан  гээд ойлгочиход гэмгүй.  Аливаа асуудалд хувь хүний хичээл зүтгэл чухал үүрэг гүйцэтгэдэг лугаа адил аж ахуйн нэгжүүдийн хувьд ч хэн  нь түрүүлж хөдөлсөн, хэн нь   сүүхэй самбаатай суралцаж, богино хугацаанд амжилт олж бусдыгаа хошуучилж байгааг нь тэдний хээрийн штаб бэлхэнээ хэлээд өгөх юм билээ.  Түүнчлэн компаний соёл нь ч харагдсан.  Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг  ажил сайтай компаний гортиг татсан байдал,  талбайн эмх цэгц, ашиглалт, ажилчдын байрны ая тух нь хүртэл  өөлөх юмгүй сайхан.  Бас тэдний  гаргаж буй  амбиц нь хүртэл  өөр өөр байсан шүү. “ Шинэ төмөр зам” төсөлд 94 аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа бөгөөд тэдний арав орчим хувь нь зам, гүүрийн бус барилгын компаниуд   аж.   Тэр хэрээр туршлагүйтэх, алдаа гаргах,  эдийн засгийн хувьд алдагдал хүлээх явдал бишгүй гарч байгааг  анзаарч л явлаа. Төмөр замын барилга байгууламж, тэр дундаа гүүр, хоолой хиймэл байгууламжийн хувьд алдаа нь мм-ээр хэмжигддэг  юм билээ.  Хэдхэн см-ийн алдаа бүхэл бүтэн байгууламжийг нураах хэмжээнд очиж, бүхэл бүтэн тулгуур баганаа нураахаас өөр аргагүй байдалд орсон компанитай тааралдсан. Нэг багана нурааж, шинээр цутгахад 500 шахам сая төгрөгийн алдагдал хүлээдэг байна.   Сэтгүүлчийн хувьд хэлэхэд,   төслийн гүйцэтгэлийн явц байдалд хяналт тавьж, алдаа оноог нь хэлж өгөх үүрэг хүлээсэн Тавантолгой хийгээд УБТЗ-ын хяналтын инженерүүд ч үүнд буруутай болов уу.  Бас нэг нэмж  хэлэх зүйл бол, компаниуд эдийн засгийн хэмнэлт гаргах гэж байгаад хэмнэснээсээ эс зүйл болж байв. Энэ нь  цутгалтын гол ажил болох хэв хашмалыг технологийн дагуу тусгай тосоор тослох ёстой атал боорцог хайрсан эсвэл ажилласан түлшийг ашигласны улмаас  халтар ухна гэдэг шиг дам нуруунуудтай болчихсон түүнийгээ/ аяга таваг угаада  пэрридэнэ гээд зогсч байх нь инээдэмтэй.   Дээр өгүүлсэнчлэн аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийх нь хийж буй хамт олондоо ямар их аз жаргал авчирдгийг энд зориуд өгүүлэх хэрэгтэй болов уу. “Хүчитгэж сайжруулсан  дам нуруугаа угсарахад бэлэн” хэмээн ам бардам угтах   зам гүүрийн  “ЗМЗ” ХХК,  “Тэргүүн саруул”, “Туулын гүүр далай””,Ганбүргэд”, “Их богд зам”,”Грейт ланд райлвэй”  зэрэг компаниудын  ажлын талбай дээр эгнүүлэн цутгасан төмөр бетон  дам нуруу, хоолойнууд шахсан бяслаг шиг өөгүй цэвэрхэн өнгө зүс ч гэж маягтай сайхан байсныг МТЗ-ын  Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Түвшинжаргал болон тус компанийн  томилогдсон хиймэл байгууламжийн инженер  М. Мэндсайхан , Э. Мөнхзолбоо, Г.Зоригт  материалын  инженер  Цогжаргал, Нарантуяа,  гүүрийн байгууламжийн автор Э.Тодгэрэл нарын сэтгэл өөдрөг байж,  ажилтан албан хаагчдыг  урмын сайхан үгээр мялаасан бол хайрга дайрга нь ил гарсан, арзгар барзгар гадаргуутай дам нуруу цутгасан нөхдүүд   өнгөлөх, будах  хугацаатай  үүрэг авч, зэм хүртсэн.  Үнэн хэрэгтээ тэднээс болж,  цаг хугацаагаар хэмжигдэж буй бүтээн байгуулалтын ажил долоо хоногоор хойшилно гэдэг байж болохгүй зүйл байх биз ээ.

 Тэрбум, тэрбумын хөрөнгө болж чадсан замчид

Дэлхийг сөгдүүлсэн цар тахлын үед компанийнхаа эдийн засгийн  бэхжүүлж, тэрбумаар үнэлэгдэх үндсэн хөрөнгөтэй болж чадаж байгаа компани дэлхийд хэд байгаа бол. Вирусын вакцин үйлдвэрлэх эрх авсан эмийн  корпораци,  амьсгалах аппарат нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийн  компаниуд л магадгүй.   Азаар манай улс цар  тахлыг зовлон багатай давж байгаа цөөн орнуудын нэг.  Магадгүй   үндэсний хэмжээний бүтээн байгуулалт явуулж байгаа нь Монгол Улс байхыг үгүйсгэх аргагүй.  Энэ  асуудал дээр  Засгийн газар зөв бодлого барьж буйн илэрхийлэл ч байж мэднэ.  Их бүтээн байгуулалтад оролцож буй  аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь  “Цар тахал гараагүй бол  зам гүүрийн үндэсний компаниуд их бүтээн байгуулалтад  өндөр үүрэгтэйгээр оролцож чадахгүй байсан байх. Хил хаагдаж, гадны хөрөнгө оруулалттай компаниуд, тэдний инженер техникийн ажилчид орж ирээгүйн буянаар үндэсний компаниудад боломж олдсон. Бид ч боломжийг итгэл, найдвар хэмээн хүлээж авсан. Бид чадаж байна. Монгол хүн чаддаг гэдгээ тунхаглалаа. Дараагийн төсөлд оролцох  дадлага, туршлага, хүн хүч, тоног төхөөрөмжтэй ч болсон. Үнэндээ Улаанбаатар-Дархан чиглэлд тавигдах автозамын тендерийг  энд ажиллаж байгаа компаниудад олгосон бол бид аравхан хоногийн дотор гүйцэтгэх байлаа.

Одоо  та бүхэн харж байгаа бол 1,5 тэрбумын өртөг бүхий хүнд даацын кран, өрмийн машин , бетон зуурмагны  узель гээд зам гүүрийн ажилд нэн шаардлагатай тоног төхөөрөмж бидний үндсэн хөрөнгө.  Өмнө  нь  дандаа л туслан гүйцэтгэтгэгчээр оролцдог   байсан.  Өөрийн гэх тоног төхөөрөмжгүйн улмаас гадны компаниас түрээсэлж, ашгийнхаа 70 хувийг тэдэнд өгч ирсэн.  Тэгэхээр  зовж олсон жаахан ашгаа  бусдад өгдөг байсан үг” хэмээн сэтгэл өөдрөг ам булаалдан ярьж байв.  Бас тэд  хүчээ нэгтгэж чадвал монгол хүн ямар амжилтад хүрч чаддагийн жишээг Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414,6 км зам харууллаа  гэж дүгнэж болох аж.   Мэдээжийн хэрэг ийм боломжийг үндэсний компаниуддаа олгох суурийг зөв тавьж өгсөн МТЗ-ын хамт олонд  зам гүүрийн барилгынхан талархаж суугаа нь дамжиггүй.

 Ашгийн бус компани, мэргэжлийн  боловсон хүчин төслийг удирдсаны буян

Томилолтын замын туршид бодогдсон, олж  харсан зүйл маань энэ. Үнэн хэрэгтээ үндэсний хэмжээний төсөл, тэр дундаа төмөр зам тавих асуудалд төрийн үүрэг оролцоо чухал байж, төслийн багийг улс төрийн албан тушаалтан бус мэргэжлийн боловсон хүчнүүд удирдаж, залж  залруулж  авч явах аваас амжилтад хүртдэгийн тод жишээ дээрх төсөл болов уу.  Дорнын говийг өмнийн говьтой холбох цаашлаад Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн суурь болох “Шинэ төмөр зам” төслийн үр дүнг сайхнаар төсөөлөх тусам миний бодол, миний дүгнэлт  зөв  мэт. Нөгөөтэйгүүр, Утаандаа идэгдсэн Монгол Улсын уушгийг цэвэрлэх эм нь дээрх төсөл байх болов уу. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,  МТЗ-ын удирдлагууд ч ийн харсан биз. Эрчим хүчний гэгддэг хүрэн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулж, Зүүнбаянгаас Тавантолгой чиглэлийн трассын дагуу  нүүрс угаах үйлдвэртэй  болж гэмээнэ зам маань эдийн засгийн хувьд ашигтай байгаад зогсохгүй улаанбаатарчууд хямд өртөг бүхий утаагүй түлшээр хангагдах нөхцөл бүрдэх нь дамжиггүй. Ерөнхий сайдын бас нэг олж харсан зүйл гэвэл  Тавантолгойн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ руу экспортлох шинэ гарц бий болоод зогсохгүй  Дорноговийн Алтанширээ сумын нутагт байрлалтай Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломж бүрдэх учиртай.

Эх сурвалж: Монголын Мэдээ сонин

+ There are no comments

Add yours