Д.Тунгалаг: Монголын анхны хууль зүйн лавлах төвийг байгууллаа

Иргэн, хуулийн этгээд утсаар хаанаас ч, хэзээ ч хууль, эрх зүйн үнэ төлбөргүй мэдээлэл, лавлагаа авах боломжтой болжээ. Энэ талаар “1900-2211” төвийн өмгөөлөгч, хуульч Д.Тунгалагтай ярилцлаа.

-Монголд анх удаа хууль, эрх зүйн чиглэлээр CallCenter үйлчилгээг танай төв нэвтрүүлж байгаа гэж сонссон. Төвийнхөө талаар уншигчдад танилцуулахгүй юу?

-Монголын анхны хууль эрх зүйн мэдээллийн төв маань наймдугаар сарын эхээр үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдөр /2020.09.01/ албан ёсоор нээлтээ хийлээ. Бид төвөөрөө дамжуулж хуулийн этгээд, байгууллагуудад Монгол Улсын хууль тогтоомж, хуулийн байгууллагын мэдээлэл, лавлагааг үнэ төлбөргүй үзүүлдэг. Мөн цаашлаад хууль зүйн зөвлөгөө, туслалцаа, өмгөөлөл үзүүлэх боломжтой. Манай төвд хуулийн этгээд болон иргэд хаанаас ч холбогдож энэ чиглэлийн үйлчилгээ авах боломжтой гэдгээрээ ихээхэн давуу талтай. Тухайлбал, гадаадад ажиллаж амьдарч буй хүмүүс, хөдөө орон нутагт оршин суугаа эсвэл дээрх чиглэлийн мэдээлэл дутмаг иргэд маань хаанаас, хэнд хандаж өргөдөл, нэхэмжлэл бичүүлэхээ мэддэггүй. Тэгвэл манай төв рүү залгаад мэргэжлийн хуульч, өмгөөлөгчтэй холбогдох (зуучлуулах) боломжтой. Жишээлбэл, иргэн Бат хууль, эрх зүйн мэдээлэл, лавлагаа, зөвлөгөө, туслалцаа авахдаа хаана хандах мэдээлэлгүй, эсвэл мэргэжлийн холбоод ч юм уу, танил талаараа өмгөөлөгч, хуульч олох гэж цаг хугацаа их алддаг. Тэгвэл эрэл хайгуул болж хугацаа алдахгүйгээр манайх руу залгахад л болно. Өөрөөр хэлбэл, 1900-2211 дугаар руу залгаад тулгамдсан асуудлаа хэлэхэд аль байгууллагад, хэнд хандах мэдээллийг оператор хэлж өгнө гэсэн үг. Хэрвээ үйлчлүүлэгч тохирох мэргэжилтнийг санал болгохыг хүсвэл бид ямар чиглэлээр мэргэшсэн, туршлага, цол хэргэм, өмгөөллийн үр дүнгийн листийн мэдээлэлийг танилцуулж сонирхсон хуульч, өмгөөлөгчтэй холбож өгөх боломжтой.

-Холбогдож буй иргэд эрх зүйн аль чиглэлээр, хэр хэмжээний өртөгөөр мэдээлэл авах боломжтой вэ?

-Тухайн үйлчлүүлэгч оператороос мэдээлэл авахдаа үүрэн холбооны траффын төлбөр буюу 700 төгрөг л төлнө. Өөрөөр хэлбэл, өөр нэмэлт төлбөр төлөхгүйгээр хамгийн хямд, хялбара аргаар лавлагаа, мэдээлэл авна гэж ойлгож болно. Мэдээж хуульч, өмгөөлөгчөөр үйлчлүүлэх юм бол төлбөр төлнө. Гэхдээ зах зээлийн үнэнээс хямд гэдгээрээ мөн онцлогтой.

-Боловсон хүчнийхээ тухай ярьвал. Ямар мэргэжилтэй хүмүүс ажиллаж байгаа вэ?

-“1900-2211” төвд эрх зүйч, мэргэшсэн хуульчид ажилладаг. Оператор л гэхэд эрх зүйн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүд байна. Гэхдээ дээд боловсрол эзэмшсэн гээд өмгөөллийн ч юм уу нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхгүй. Зөвхөн лавлагаа, хуулийн байгууллагын хаяг, байршил, бусад мэдээлэл, мэргэшсэн мэргэжилтэнтэй холбох үүрэг гүйцэтгэж ажиллана.

Харин хуульч, өмгөөлөгчдийн хувьд өмгөөлөл үзүүлэх эрхтэй, төрийн болон төрийн бус байгууллагад хуулийн чиглэлээр олон жил ажилласан, туршлагатай хуульчид ажилладаг. Одоогоор 15 хуульч тогтмол ажиллаж байна. Тодруулвал, эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч тав, иргэний эрх зүй найм, захиргааны эрх зүйн чиглэлээр хоёр өмгөөлөгч зөвлөгөө өгч байна. Эдгээр хуульчид маань мэргэшсэн чиглэлээрээ л өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлнэ. Харин бусад чиглэлээр бол бүртгэлтэй мэргэшсэн өмгөөлөгчтэй холбож өгнө гэсэн үг.

-Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хэр их үйлчлүүлэгч танайд хандаад байна вэ?

-Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш буюу 19 хоногийн хугацаанд 3000 гаруй иргэд хандсан байна. Эндээс дүгнэхэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл авах шаардлага нийгэмд маш их байгааг илтгэж байна.

-Хууль зүйн өмгөлөл, туслалцаа үзүүлдэг бусад байгууллагаас юугаараа ялгарах юм бэ. Ямар давуу талтай юм бэ?

-Нэгдүгээрт, цаг хэмнэх ач холбогдолтой. Иргэд хамгийн хялбараар, өргөн цар хүрээтэй, үнэн бодит хууль, эрх зүйн мэдээлэл хаанаас авч болох вэ гэвэл “1900-2211” төвийг сонгоход хангалттай гэж үзэж байна.

Хоёрдугаарт, өөрийн биеэр очиж өмгөөллийн үйлчилгээ авахаас эмээдэг хүмүүс. Тухайлбал, нийгэмд нэр алдартай хүмүүс. Нөгөө талаар хийсэн хэргээсээ эмээгээд өөрийн биеэр очиж зөвлөгөө авч чадахгүй байгаа иргэн манайд хандаж мэдээлэл, туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авах боломжтой. Хоёр хийсвэр жишээгээр тайлбарлая л даа. Жүжигчин К эхнэрээсээ саллаа. Гэтэл өмчийн маргаан үүслээ гэж бодъё. Тэгвэл үүнийг яаж шийдэх вэ гээд залгаж болно. Эсвэл иргэн Д ажын байран дээрээ үйлдвэрийн осолд өртөж бие бялдарын хувьд хохирол амслаа. Мөн л яаж шийдэх, хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаа тохиолдолд манай “1900-2211” лавлах төв рүү залгахад л болно гэсэн үг.

Эх сурвалж: Өдрийн сонин

+ There are no comments

Add yours