Хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Есдүгээр сарын 1-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 484 хүнд шинжилгээ хийхэд, 482 хүнээс коронавирус илрээгүй. Хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Наймдугаар сарын 30-нд Нур-Султанаас ирсэн 59 настай эмэгтэй, 45 настай эрэгтэйгээс коронавирус илэрлээ. 

Харин Сөүлээс ирсэн 267, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан долоо, тусгаарлалтад байгаа ес, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 79, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29, сувиллын ажиглалтад байгаа 16 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа.

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 306 батлагдсан тохиолдлын 296 нь эдгэрлээ. Нийт халдвар авсан хүмүүсийн 96.7 хувь нь эдгэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар сувиллын ажиглалтад 21, гэрийн тусгаарлалтад 46, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 229 хүн байна.

Одоогийн байдлаар халдвартын клиникт 10 хүн эмчлүүлж байна. 10 хүний байдал хөнгөн байна. ХӨСҮТ-д ажиглалт, тандалтад 28 хүн байгаа” гэв.

 

+ There are no comments

Add yours