Эрх баригч намын зүс хувиргалт буюу хотын даргын сунгаа

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын захирагч хэн байх вэ гэсэн марфони энэ намар болох орон нутгийн сонгуулиас дутахгүй хүмүүсийн анхаарлыг татаж байх шиг. Мэдээж, хүмүүс гэдэгт иргэд олон нийтээс илүү энэ суудлын “хаялга”-аар албан тушаалд хүртэгсэд орж байгаа.

Монголчууд л болсон хойно, сонгууль ойртохоор ямар нэгэн юм сэтгэж, олон нийтийн анхаарал татаж, ямар ч хамаагүй аргаар хоноших гэж зүтгэдэг. Энэ л зарчмаар өнгөрсөн долоо хоногоос нийслэлийн гудамж талбай урлагийн үзлэгээр “амьсгалж”, У.Хүрэлсүхийн Засгийн газрын шинэхэн багийн гишүүн Соёлын сайдын шидийг хүртэж, бялуурах болов. Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарсан Улаанбаатарын гудамжинд олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй энэхүү урлагийн тоглолт нь өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт эхэлж, өдөр алгасахгүй үргэлжилж, урлаг соёлоор цангасан Улаанбаатарчуудаа орон нутгийн сонгууль дуустал “услах” энэ ажиллагаа 10 сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Соёлын цаг гэсэн сайхан нэртэй аян аж.

Гэнэтийн бэлэг гэнэтийн байдаг хэдий ч ар нь зорилтот байх нь элбэг. Энэ л зарчмын дагуу эхлүүлсэн Улаанбаатарын гудамжинд цангинах урлагийн тоглолтын зорилтот бүлэг орон нутгийн сонгуулийн сонгогчид. Өлөн хоосон ходоод, өдрийн хоолоо залгуулж ядан зүдрэх ядуус, өвөр зуураа зээлсээр өдрийн хүүндээ баригдсан захын наймаачид, цалингаас цалингийн хооронд зүтгэх жирийн алба хаагчдад үнэндээ улс төрийн малгай өмссөн томчуудын тулаан түй хамаагүй. Тиймээс тэдэнд зориулсан сатаарах зүйл “Соёлын цаг” нэртэй энэ аян болж таарав.

Эсэргүү хөөх аян буюу намын анхан шатны цэвэрлэгээ

2020 оны аравдугаар сард нийслэл, аймаг, дүүрэг, сум, багийн “улс төрийн удирдаач”-ийг сонгоно, Монгол Улс.  Орон нутгийн сонгуулийн хамгийн том онцлог нь анхан, дунд шатандаа хөл сайтай томоохон хоёр нам болох АН,МАН-ны дунд болдог нь жам. Хоёр намын анхан, дунд шатны хөлийн тулаан, бүтцийн холилдоон, сонгуулийн сургаар бор ходоодондоо зүсэм талх шидэгчдийн уралдаанаас бүтсэн зөрчил тэмцэл ил далд өрнөдөг учир Их хурлын сонгуулиас дутахгүй анхаарал татах болсон. 2008 оноос хойш л олон нийтийн анхаарлыг татаж, улс төрөөр оролддог залуу хөгшин монголчуудын хөлийг хөсөр, гарыг ганзганад хүргэдэг болсон энэ сонгууль энэ жил нэлээд хөөргөдөх нь ойлгомжтой.

Орон нутгийн сонгууль угтаад гадна дотногүй бужигнаж буй эрх баригч нам МАН угаасаа хагаралтай хэдий ч дотооддоо сайн барьж, гадагшаа алдахгүйг хичээсээр эдүгээ У.Хүрэлсүх, М.Энхболд гэсэн хоёр толгойд салан тусгаарлагдаад байгаа нь хэнд ч ил болсон. Үүний нэг илрэл нь энэ сарын 20-иор Нийслэлийн МАН-ын Хяналтын зөвлөлөөс гаргасан УИХ-ын гишүүн асан Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга асан Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Ж.Эрдэнэбат нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлсөн нэрээр хөөсөн явдал байв. Нэг үгээр хэлбэл нам доторх хагаралдаан газар авч, Чингэлтэй дүүргээ эхлүүлж цэвэрлэгээнд өртөөгүй үлдсэн дүүргүүдэд цэвэрлэгээг эхлүүлсэн нь тэр. Ингэснээр Ми толгойтой МАН гишүүд айдас хүйдэс дүүрэн сандралдаж амьд үлдэхийн тулд Хү фракц руу элсэж эхэлж, цаг цагаараа байдаггүйн зарчмаар орон нутгийн сонгуульд суудлаа авч үлдэхийн тулд Ми арьс нөмрөгчид нөмөргөө сольж, эхний шатаа давж эхлэхэд Чингэлтэйн эсргүүнүүдийг чөлөөлөх аян багагүй үр дүн үзүүлж чадсан гэж хэлж болно.

Ир нь мохсон сэлэм мянга сугалаад ч уухай үгүй замхрах вий

Орон нутгийн сонгуульд дунд, доод шатны бүтэц сайтай хоёр том намын дунд гол тулаан болдог нь нууц биш. Тийм ч учраас хоёр намын доторхи дотоод зөрчилдөөн тухайн сонгуульд аль нам нь ялахад гол түлхэц болдог нь жам. Энэ утгаараа МАН, АН гэсэн том намуудын дотоод зөрчлийг намуудад шургалсан “биеэ үнэлэгчид” хайр найргүй гаргаж, сошиал хэмээн хөлгүй далайд цацалж бор ходоодоо тэжээж буй.

Энэ  утгаараа МАН өнөөдөр нэг талд У.Хүрэлсүхийн талыг баримтлагсад, нөгөө талд М.Энхболдын буюу муугаар хэлбэл гомдогсдын, эерэгээр харвал шүүмжлэлтэй байр суурь тээгчдийн гэсэн хоёр бүлэгт дотооддоо тарчилж байгааг харах болсон. 100 жилийн ойн өмнөхөн үүсгэсэн энэ ан цавыг гүн ангал болгож даамжруулах, эсвэл нухчин дарах замаар “илааршуулахын” аль нэгийг хийх, эсвэл дундын, арай эерэг байж болох гарцыг У.Хүрэлсүх хийх л болно хэмээн хүлээгсэд, зөвхөн МАН гишүүн биш.

 Учир нь монголчууд малчдаасаа улс төрчид хүртэлээ “мэргэшсэн” УЛС ТӨРЧИД төдийгүй сул ховоор маш сайн мэдээлэл боловсруулагчид юм. Тиймээс Хүрэлсүхийг  улс төрийн тохироо, түр арга хэмжээнээс хэтрэхгүй байж мэдэхийг аль хэдийнэ тогтоож, дараагийн Засгийн газар, дараагийн Намын даргын эрэлд “хатаад” буй нь нэгэнт тодорхой болсон. Өөрөөр хэлбэл ир нь мохсон сэлэм мянган сугалаад ч уухай үгүй замхрах магадлалтай нь нэгэнт харагдаж эхлэв…

Их хурлын гишүүнээсээ татгалзаж, их хотын захирагчид зүтгэх үү?

Монголын улс төрийн соёлд машид гүнзгий соёолсон зүйл бол улс төрийн аль нам хотын сонгуульд ялалт байгуулна, тэр намын дарга Улаанбаатар хотын захирагчаар томилогддог. Энэ л зарчмаар Монгол Ардын нам, Ардчилсан нам ялгаагүй, НИТХ-ын сонгуульд ялахаараа нийслэлийн намын хорооны даргаа хотын дарга болгоно. Эсвэл хотын дарга болсон нь Нийслэлийн намын даргаа хийдэг цаасанд бууж батламжлагдаагүй ч өнөөг хүртэл гажихгүй дагаж байгаа бичигдээгүй хуулийг сахиваас МАН-ын тухайд хэрэв орон нутгийн сонгуульд нийслэлд ялалт авчирвал нийслэлийн МАН-ын хорооны дарга бөгөөд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар парламентын албаа өгөөд Улаанбаатар хотын дараагийн дарга болох магадлал өндөр.

Харин М.Энхболд, Г.Мөнхбаяр нарын баримталсан энэ дүрмийг Д.Сумъяабазар үргэлжлүүлэх, хотын даргаас Ерөнхий сайд болсон карьерын түүхтэй Ж.Наранцацаралт агсан, М.Энхболд нарыг залгах зорилгогүй байгаа эсэх нь даанч тодорхойгүй. Магадгүй хувь хүний цээжинд маш их хүсэл явж байгаа хэдий ч гадагш гарахдаа хэрхэн ашигтай “наймаа”, улс төрийн ямар тохиролцоог намын даргатайгаа хийхийг хэн ч таашгүй юм. Нөгөө талаар бөхөд дуртай монголын ард түмэн барилдаан харж огшихоос хотоо удирдуулах хүртэлээ огшиж, хөөрөхгүй болов уу гэсэн жирийн иргэний үг нэгийг хэлж, хоёрыг бодогдуулах…

Намын генсекээс илүү хотын захирагч үгүй

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Улаанбаатар хотын захирагчаар хараад эхэлсэн хүмүүс бий болсон. Тэд үүнийгээ тойруугаар, ил цагаан эсвэл өөхөнд боосон бөөр шигээр … гэх мэтээр олон аргачлалаар хулдаж олон нийтэд гаргах болсон.

МАН 2008 оноос хойших НИТХ-ын сонгуульд гурван удаа ялсан, сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд орон даяар үнэмлэхүй ялалт байгуулсан УИХ-ын сонгуулиас харахад л Л.Амарбаясгалан бол стратегич улстөрч мөн үү, мөн.

 Тэр ч утгаараа УИХ-ын сүүлийн хоёр сонгуульд МАН үнэмлэхүй ялахад өөрийн хүмүүсээ Засгийн газарт хариуцлагатай албан тушаалуудад суулгаж,  өөрөө сайдын алба горилоогүй үлдсэн МАН-ын цөөн дарга нарын нэг гэдэг нь ч бас үнэн.

Тэр утгаараа МАН-ын генсекийн суудалд улирсан анхны хүн бөгөөд ирэх жил тэмдэглэх МАН-ын 100 жилийн ойгоор намынхаа хоёрдугаар хүн байж түүхэнд бичигдэж үлдэх нь хотын даргын суудлаас хавьгүй үнэ цэнтэй, улстөрчийн хувьд нэр төрийн хэрэг болов уу гэж харагдах. Харин МАН 100 жилийнхээ ойг тэмдэглэхийн өмнө одоогийн Засгийн газраа огцруулж, дараагийн ээлжийг “хоолонд оруулах” тохироо байгааг улс төрийн хүрээнээс цааш яригдаж байгааг ч анхааралгүй орхиж болохгүй юм.

Үүрэг гүйцэтгэгчээс жинхлэх аз түүнд байгаа юу

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан албан тушаалын одтой нэгэн. Мөн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч хоёр удаа хашиж байсан түүнийг 2018.12-2019.02 сар, 2020.06-одоог хүртэл энэ албан тушаалыг түр хашиж байгаагаас харж болно. Энэ утгаараа мань хүн Улаанбаатарын дараагийн дарга болох найдвар тээчихсэн урам зоригтой яваа тухай ойр тойрныхон дотор нь жиг жуг тасрахгүй байгаа.

2018 оны арванхоёрдугаар сард Монгол ардын нам дотор У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрын зөрчил хурцдаж, НИТХ дахь хоёр фракц хотын даргын төлөө тэмцэлдэхэд Налайхын тодотголтой С.Амарсайханыг зүтгүүлж, шинэхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжлэгээр хотын захиргааг авч байв. Оюуны ундраагийн С.Амарсайхан нэрээ Ерөнхий сайдын ширээн дээр тавьж чадахгүй, сандарч байхад Ж.Батбаясгалан “хэвлүүхэн” нь аргагүй хотын даргын үүрэг гүйцэтгэгч болж байсан гэдэг. Түүнийг МАН-д малгай томтой Бадамжунайгийн цүнхийг барин туслахыг нь хийж явсан түүх 10-хан жилийн өмнө хэдий ч одоо хэн хүнгүй мартчихсан нь гайхалтай. Ийм л түүхтэй нэгэн өнөөдөр их том зориг өвөртөлсөн шигээ хот руу мацаж явна.

Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours