Ерөнхий сайдын халааснаас сугарсан “битүү морь”

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, дэд дарга, гишүүдийг чөлөөлж, дараагийн хүмүүсийг томилсон өнгөрсөн баасан гарагийн чуулган олны анхаарлыг ихэд татсан. Учир нь дөрвөн жил тутамд болдог УИХ, орон нутгийн сонгуулиас гарсан шийдвэрийг дагаж СЕХ-ны дарга нартай хамааралтай будилаан, маргаан олон нийтийн анхаарлыг байнга татдаг. Зургаан жил тутамд нэг удаа томилогддог энэ албан тушаалыг хэн хашиж байгаагаас асуудал анхаарлын төвд очиж, сонгууль бүхний дараа маргаан будилаан, таамаг, сэжиг үргэлж дагалддаг. Ийм нэгэн байгууллагын даргаар энэ удаа тэр бүр олон нийтийн мэдэхгүй шахам хүн томилогдсон нь багагүй анхаарал татаж буй.

Орон нутгийн сонгуулийн өмнөхөн Сонгуулийн ерөнхий хорооны даргыг солих шуумтай зэрэгцэн хэнийг томилох бол гэсэн таамаг бор шувуу болон жиргэсэн. Багагүй хугацаанд олны анхаарлыг татаж байсан уг томилгоог өнгөрсөн баасан гарагт хийснээр Ерөнхий сайдын ээлжит томилгоогоор олон нийт П.Дэлгэрнаран гэдэг хүнтэй танилцсан юм.

1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай эхнэр, хүүхдийн хамт амьдардаг П.Дэлгэрсайхан Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах референтээр ажиллаж байгаад уг албан тушаалд томилогдож буй.

 Улсад 32 жил ажиллаж байгаагаас төрийн албанд долоо дахь жилдээ ажиллаж байгаа гэнэ. 1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн түүнийг 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны даргаар ажиллаж байсныг хүмүүс мэдэхгүй байх.

Харин 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга, 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга, 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл, 1995-1997 онд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх, 1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал, 2012-2013 онд Автотээврийн газрын дарга, 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захирлын зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг 2020 оны 08 дугаар сараас Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр томилсон байдаг.

Ийм л намтартай нэгэн эрхэм Сонгуулийн ерөнхий хороо хэмээх хэл ам, хэрүүл зарга тасардаггүй байгууллагын даргаар томилогдов. Түүгээр зогсохгүй түүнийг томилоход Ерөнхий сайдын анхаарал ч ихээ нөлөөлсөн учир Хүрэлсүхийн халааснаас гэнэт л сугарсан нэгэн хэмээн тодорхойлох хүмүүс цөөнгүй байгаа. Ямартаа ч тун удахгүй түүнийг хэний хэн болохыг тодорхойлох Орон нутгийн ээлжит сонгууль болно. Тиймээс их ажлын өмнөтгөл болж хариуцлагатай албан тушаалд очсонд нь баяр хүргэе.

+ There are no comments

Add yours