Д.Ганбат, Н.Золжаргал нарын хэргийг тусгаарлаж шалгана

Өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нийт есөн өдөр, 55 цаг орчим үргэлжилсэн шүүх хуралдаан дуусаж дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг авах Засгийн газрын эрхээсээ татгалзаж, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн байгуулсан, Ц.Пүрэвтүвшин захиралтай “Монголын зэс корпорац” -д давуу байдал бий болгосон гэх хэрэгт шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын 7 хүнд холбогдуулан 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүгдэгч Д.Ганбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Болор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дахь зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 4 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Д.ГАНБАТ, Н.ЗОЛЖАРГАЛ НАРЫН ХЭРГИЙГ ТУСГААРЛАЖ, НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ХИЙЛГЭХЭЭР НПГ-Т БУЦААЖЭЭ

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Золжаргал, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Доржханд, Б.Минжбадам, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ганбат, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаан шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

+ There are no comments

Add yours