Үхэл хүчирхийлэл үргэлжилсэн дөрвөн жил !!!

-АЛУУРЧИН, ХҮЧИРХИЙЛЭГЧ ЗАСАГ ДАРГА НАРТ ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА ХААНА ТҮГЖИГДЭВ-

Аймаг, сумдын Засаг дарга нарын гарт үрэгдсэн бүсгүйчүүдийн амь нас, эрх мэдэл, албан тушаалтнуудын өмнө хүчин мөхөсдсөн охидын хохирсон сэтгэлзүй, биеийн шархыг хэн нөхөх юм. Эмэгтэйчүүд бөөн бөөнөөрөө хохирч, албан тушаалын сүүдэр бараадсан намын шахаа, эрх мэдэлтнүүдийн цүнх баригч, “суганы үс”-нүүд болсон муйхар эрчүүд хожиж амьдарсан цор ганц аймаг Говь-Алтай болов. Энэ аймагт шударга ёс, эмэгтэйчүүдийн амь нас, эрүүл мэнд хэнд ч хэрэггүй мэт. Эрдэнэт хүний амийг хөнөөж, насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлж, найз нөхдөө гэмтээн хөгжлийн бэрхшээлтэй болгосон хүний санаанд оромгүй гэмт хэрэгт аймаг, сумдын Засаг дарга нар нь шууд хамааралтай цор ганц аймаг бол Говь-Алтай юм.

            2016-2020 онд нийтдээ таван суманд эмэгтэй хүний амийг харгис хэрцгийгээр хөнөөсөн хоёр, насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн гурав, зугаалгаа хэтрүүлж эрүүл хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгосон нэг, нийт таван тохиолдолд аймаг, сумын таван Засаг дарга холбогдсон байна. Албан тушаал, эрх ямбат суудлаа булаалдаж, хэмхэлддэг шигээ тэр бүр хүний санаанд багтахгүй гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагын үүдийг сахиж буй эдгээр дарга нар бүгд МАН-ын гишүүн. Тиймээс эдгээр хэргийн хувь тавилан хэрхэн шийдэгдсэн болон орон нутгаа удирдах гэж томилогдоод охид эмэгтэйчүүдийн нулимс, цустай хутгасан этгээдүүдэд холбогдох хэрэг ямар түвшинд явааг эрэн сурвалжиллаа.

БАРИМТ 1. ГАЗРЫН ДАРГА БҮСГҮЙН АМИЙГ “ХӨНӨӨСӨН” ЗАСАГ ДАРГА

2020 оны 02 дугаар сарын 18-ны өглөөний 7.30 минутад улс даяар нэгэн аймшигт гэмт хэргийн тухай сонссон нь орон нутгийн төр захиргааны байранд, аймгийн Засаг даргын өрөөнд газрын дарга, залуухан бүсгүй учир битүүлгээр амиа алдсан байж болзошгүй тухай байв.

 Амиа алдсан тухай мэдээлэл цацагдахаас аравхан цагийн өмнө талийгаач бүсгүйн төрийн албанд шударга ёс байхгүй талаар, шударгаар хөдөлмөрлөж буй жирийн хүмүүст ямар их бэрхшээл байдгийг өөрийн сошиал хаягаараа олон нийтэд хүргэж байсан нь бусдын гарт зуурдаар  амиа алдахаа “мэдэрч” байсан мэт олон хүнд санагдаж, хирдхийлгэсэн юм. Дөнгөж 30-хан настай залуухан ээж, төрийн албанд хариуцлагатай, шударга ажиллаж байсан газрын дарга бүсгүй, учир мэдэхгүй нялх үрсээ орхиод учир битүүлгээр амиа алдсан хэрэгт  аймгийн Засаг дарга шууд хамааралтай байсан нь дэндүү харгис юм.

Албан тушаалдаа эрдсэн аймгийн Засаг даргын суудлыг хэмжээлшгүй эрхэт хаан мэтээр төсөөлж, бардсан В.Рэнцэндорж гэгч этгээдийн шууд хамаарал бүхий энэхүү ноцтой гэмт хэрэгт түүний туслахаар ажиллаж байсан Д.Энхболд, Засаг даргын орлогч Т.Эрхэмбаяр, талийгаач бүсгүйн ажиллаж байсан газрын мэргэжилтэн Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар гэсэн нэр бүхий хүмүүс холбогдож хамаарагддаг. Амьд гэрчтэй, олон хүний шууд болон шууд бус хамааралтай, орон нутгийн захиргааны төв байранд Засаг даргын санаачилгаар “төрсөн өдөр тэмдэглэж” архидсанаас үүдэлтэйгээр үйлдэгдсэн энэ хэрэгт ганцхан хохирогч  байгаа нь талийгаач. Бүсгүйг амиа алдах үед байсан гэрч нэгээр тогтохгүй байгаа атлаа өнөөдрийг хүртэл гэмт этгээд тодорхойгүй байгаа нь энэ хэргийн гол зангилаа юм.

Засаг дарга В.Рэнцэндоржийн хувьд аймгийн цагдаагийн газар эрүүгийн мөрдөгчөөс ажлын гараагаа эхэлж ажиллаж байсан мэргэшсэн цагдаагийн албан хаагч. Мөн аймгийн МАН-ын дарга. Түүнийг нөлөө бүхий албан тушаал хашиж буй учир хэргийн хувь заяанд сөргөөр нөлөөлөх магадлалтай учраас талийгаачийн ар гэрийнхэний хүсэлтээр хэргийг Улаанбаатар хот руу  татаж, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа юм байна. Хэрэгт холбоотой гэрчүүд болон хамаарал бүхий этгээдүүдээс 1-3 удаа мэдүүлэг авсан зэрэг байдлаас харахад уг хэргийг шударга шийдэж гэмт этгээдийг тогтоож, хуулийн арга хэмжээ авна гэж итгэж байгаагаа талийгаачийн ар гэрийнхэн өгүүлсэн.

 Харин гэмт хэрэгт маш их хамааралтай байж болох засаг даргын туслахаар ажиллаж байсан этгээд \хэрэг гарсан өдөр камерт талийгаачийн хувцас барьчихсан явж харагдсан байдаг\ өнөөдрийг хүртэл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн туслахаар ажиллаж байгаа,  мөн өдрийн арга хэмжээнд оролцсон гэгддэг засаг даргын зөвлөх Сүррагчаа, орлогч Эрхэмбаяр нар өнөөдрийг хүртэл удирдах албан тушаалаа хашсаар байгаа нь алтайн ард түмнийг хэт басамжилсан доромжлол гэж нутгийн иргэд үзэж байгааг энэ дашрамд хэлэх хэрэгтэй байх. Нутгийн иргэд аймгийн удирдах түвшинд бие нь хийгээд сэтгэл нь төлөвшөөгүй хүмүүс аймгийн нутгийн захиргааны ордонг гэмт хэргийн уурхай болгосонд үнэхээр таагүй хандаж байгаа юм.

БАРИМТ-2  “БИ ХҮН АЛЧИХЛАА…”

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг дарга, МАН-ын гишүүн Ш.Лхасүрэн чонын анд явж байгаад буу алдаж хамт явсан хүнээ хүнд гэмтээсэн байдаг. Уг хэрэг 2019 оны 11 дүгээр сарын 9-нд болжээ. Тухайн үед сумын засаг дарга Ш.Лхасүрэн хоёр нөхрийн хамтаар гурвуулаа явсан бөгөөд чонотой таарч буудахаар болж. Гэтэл хэн нь ч буудаж амжилгүй чоныг зугтаалгаж, харин сумалсан буутай байгаагаа мартаж, анзаарга алдсанаас хамт явсан нэг хүнээ буудаж насан туршид нь тэргэнцэр дээр хадаж хохироосон аж.

Хэрэг гарах үед сумын засаг дарга Ш.Лхасүрэн “би хүн алчихлаа” гэж хашгирч байсан тухай хамт явсан хүмүүс нь хэлж байсан ч  яваандаа уг яриаг нь бүгд “мартчихаж”. Ингээд сумын засаг дарга Ш.Лхасүрэнтэй хамт явсан бөх нөхөр хэргийг “үүрч”. Буу алдах үед хэний гарт буу байсныг хэн ч санадаггүй атлаа хэрэг хүлээлгэх болоход сумын засаг дарга биш хамт явсан бөх хүлээчихэж. Харин сумын засаг дарга Ш.Лхасүрэн хохирогчийг эмчлүүлэх зардлыг төлж барагдуулахаар болсон аж. Эмчилгээний зардалд  150 сая төгрөг нэхэмжлэгдсэн, мөн нөхрөө гэмтэхээс өмнө Төрийн албан хаагч байсан эхнэр нь үргэлжийн асаргаатай нөхрөөсөө болж ажлаасаа гарч. Ингэхээс өөр арга ч байгаагүй бөгөөд нөхрөө эмчлүүлэхээр хот руу явах бүрд чөлөө олгохгүй учир ийнхүү ажилгүй болсон байдаг.  Хэдийгээр эмч нар  хохирогчийг хөл дээрээ дахиж босох боломжгүй гэж хэлж буй ч Засаг дарга гарах зардлыг нь төлж, гадаадад эмчилгээнд явуулна гэж тохиролцсоноор энэ хэрэг олны анхаарлын төвд оролгүй нам дарагдсан байдаг.

Дашрамд дурдахад, хохирогч сувиллын газар ажилладаг тээврийн жолооч бөгөөд таван хүүхэдтэй юм байна. Харамсалтай нь хүнд гэмтсэн нөхөр, нөхрөө асарсаар ажилгүй болсон эхнэр, байнгын орлогогүй гэр бүл эдүгээ дахин хохирсон нь эдийн засгийн хүнд байдалд арай хийн амьдарч байгаа тухай ойрын эх сурвалж хэлж буй.

БАРИМТ-3  ХҮҮХДИЙГ САДАР САМУУНД УРУУ ТАТАГЧ ЗАСАГ ДАРГА

 Насанд хүрээгүй хүүхэдтэй найман сарын турш дотно харилцаатай байсан этгээд сумын Засаг дарга байсан нь дэндүү харгис, ичгүүргүй үйлдэл юм.  Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга, МАН-ын гишүүн Т. Алтансүх 2016 онд уг албан тушаалд томилогдсон байдаг. Тэрбээр ерөнхий боловсролын сургуулийн сурагч 13 настай охинтой найман сарын турш дотно харилцаа үүсгэсэн насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр олны танил болсон.

Хамгийн харамсалтай нь энэ талаар мэдээлэл олон нийтэд цацагдсаны дараа холбогдогч  этгээд, “Ер нь бол үл ойлголцол үүссэнээс ийм хэрэг болсон. Нөгөө талаас \хохирогч охины ээж, нагац ах\ цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм билээ. Одоогоор намайг цагдаагаас дуудаж, байцаасан зүйл алга. Би ажлаа хийгээд л явж байна” гэж хэвлэлд ярилцлага өгч давлиун авирлаж байсан юм. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч хохирогч талаас өргөдлөө буцааж авсан тухай эх сурвалж өгүүлсэн. Ямартай ч холбогдогч этгээд үүссэн асуудлыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан “дарж авсан” байж болох ч хүч чадал тааруухан, хөрөнгө чинээ сул хэчнээн охид энэ мэтийн бохир албан тушаалтнуудад гишгэгдэн ирээдүйд итгэлээ алдаж байгааг хэлэхэд бэрх юм.

БАРИМТ-4  ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭГЧ ГАЖ ДОНТОЙ ЗАСАГ ДАРГА

Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд МАН-ын гишүүн, сумын Засаг даргын орлогч П.Наранбат албан тушаалтай этгээд 14 настай хүүхэд хүчирхийлсэн байдаг. Уг хэрэг 2017 оны намар гарсан бөгөөд хохирогчийн гэр бүлийн зүгээс насанд хүрээгүй хүүхдээ олны хэл амаас хамгаалж, “нутгийнхандаа ад үзэгдчихнэ” гэдэг шалтгаанаар уг булай хэрэг тас дарагдан чимээ алдарсан байдаг. Харин гэмт этгээд, гаж донтой Засаг дарга хөөрхий охины ар гэрт 500.000 төгрөг, нэг морь өгнө гэж хэлж цагдаад гаргасан өргөдлийг нь буцаасан ч амалсанаа өгөөгүй мурьсан гэж эх сурвалж өгүүлж буй.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргасан Монгол Улсын Шүүхийн шүүн таслах ажиллагааны тайланд, анхан шатны шүүхээр шийдэгдсэн хүчиндэх гэмт хэрэг 2017 онд 191, 2018 онд 282, 2019 оны гуравдугаар улиралд 280-ыг хянан шийдвэрлэсэн байна. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн практик судлалын хэлтсээс гаргасан судалгаанаас үзэхэд 2012-2018 онд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 3 дахь хэсэг буюу 14-өөс дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан үндэслэлээр 294 хүнд холбогдох 243 хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хүчиндэх гэмт хэргийн 16.9 хувь, ял шийтгүүлэгчийн 17.3 хувийг тус тус эзэлж байна.

БАРИМТ-5 ХҮЧИРХИЙЛЭГЧ БАНКНЫ ЗАХИРАЛ

2018 оны хавар тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, МАН-ын гишүүн сумын Төрийн банкны захирал албан тушаалтай Б.Эрхбаяр гэгч этгээд мөн л 14 настай охин хүчирхийлсэн нь олон нийтэд ил болж, шуугиан дэгдэж байв. Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэгч гаж донтон этгээд хохирогч хүүхдийн ар гэрийн гачигдалтай байдлыг ашиглан санхүүгийн тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэнэ гэж бузар хэргээс өөрийгөө мулталж авч дөнгөсөн байдаг. Тэрбээр мөн 500.000 төгрөг, нэг морь өгнө гэж амалсан ч өгөөгүй тухай эх сурвалж өгүүлж буй юм. Ийм л жигшүүрт этгээдүүд орон нутгийг удирдаж байхад хөгжил яриад ч хэрэггүй санагдана.

 “Аймшигт хэргийг үйлдсэнээ гэмт этгээд мартсан байж болох ч нийгэм мартахгүй”. Орон нутгийн  иргэдийн мэдээлэлгүй, бөглүү байдлыг ашиглаж, бузар гэмт хэрэг үйлдчихээд юу ч болоогүй мэт увайгүй этгээдэд нэг л өдөр хуулийн хатуу буулга гарт нь гав, хөлөнд нь дөнгө болж буухыг сануулах хэрэгтэй байх.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байдаг. Эрүүгийн хуульд заасан “бага насны хүүхэд” гэж 14 насанд хүрээгүй хүнийг ойлгодог. Түүнчлэн хүчиндэх гэмт хэргийн тухайд 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг нэмэгдүүлсэн. Тодруулбал, уг зүйлийн 2.10 дугаар зүйлд заасан 2-8 жил гэснийг 5-12 жил гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 5-12 жил гэснийг 8-15 жил болгож ялыг чангатгасан байгаа.

БАРИМТ-6 АРХИДАН СОГТУУРАГЧ ДАРГА

Төрийн албан хаагч, хариуцлагатай алба хашиж байгаа хэн боловч ажлын байрандаа архидан согтуурч байгаа хэнийг ч байсан үүрэгт ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцохыг Монгол Улсын Ерөнхий сайд 2018 оны наймдугаар сарын 28-нд Засгийн газрын ээлжит хуралдаан дээр үүргэжүүлсэн. Гэтэл У.Хүрэлсүх сайдын энэ шийдвэр Говь-Алтай аймагт огт хэрэгжихгүй байгаагийн олон жишээ нь хүний санаанд орохын аргагүй харгис, хэрцгий аймшигтай хэргүүд гарч буйгаас ил харагдана.

Аймаг, сумдын засаг дарга нарын архидалт хязгааргүй үргэлжилж, бусдын амь насыг хохироогоод зогсохгүй, бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, бэлгийн харилцаанд орох хүртлээ дордсон. Гэсэн ч үүнд Ерөнхий сайд маань нэг ч хариуцлага тооцсонгүй. Тиймээс хөдөө буйдхан сумдын “хурган дарга” нар эрээгээ алдаж, архидан согтуурсаар байна.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Өнөржаргал нь архидан согтуурч, авир гаргаж давилуун аашилдагаараа алдаршиж яваа нэгэн. МАН-ын гишүүн, сумын нөлөө бүхий дарга нарын нэг тэрбээр ажлын байрандаа архидан согтуурч, байгууллагынхаа эд хөрөнгөд халдаж эвдэлж сүйдэлсэн байдаг.

 2020 оны нэг сард гарсан уг хэргийн үед тус сумын төрийн албан хаагчид, нөлөө бүхий албан хаагчид байсан бөгөөд бодит байдлыг зурагжуулж, баримтжуулсаныг бид ийнхүү олж авсан юм. Өнөржаргалын хувьд орон нутагт намын рейтингээр албан тушаалд хүрсэн залуучуудын бодит төлөөлөл гэж хэлж болно. Намчирхсан сумын толгой дарга нарын нэг болж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болохоороо тэнгэрт амьдарч, хүссэнээрээ аашилж болно хэмээн эндүүрсэн энэ мэтийн “хурган дарга” нарыг хөрсөнд нь буулгах цаг болсоныг түүнийг энэ үйлдэл маш тодорхой харуулж байх шиг.

БАРИМТ-7 ЭХНЭРЭЭ ТАМАЛЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨГЧ ЗАСАГ ДАРГА

Ханилсан ханиа зургаан цагийн турш тамалж, амийг нь хөнөөсөн засаг дарга Говь-Алтай аймгийн Тонхил сумынх. Сумын Засаг дарга, МАН-ын гишүүн Даваадорж гэгч этгээд 23.00-06.00 цаг хүртэл эхнэрээ зодож, тамалж амийг нь хөнөөсөн байдаг. Эхнэрээ маш их харддаг, харгис хэрцгийгээрээ сумандаа алдаршсан Даваадорж 12 жилийн өмнө Тайшир суманд орших Гэгээн нуур руу найзуудаараа аялж яваад ганцаараа эргэж ирсэн байдаг. Гурван хос буюу зургаан залуу дөнгөж нээгдээд байсан Тайширын усан цахилгаан станцыг сонирхож Гэгээн нууранд шумбаж тоглож, зугаалж байгаад тав нь нууранд живж амиа алдахад Даваадорж цор ганцаараа амьд үлдсэн байдаг.

Зургуулаа яваад тав нь амиа алдсан энэ хэргийг аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан боловч уг хэргийн цор ганц гэрч, хариуцагч Даваадорж тухайн үед гэнэтийн цочролд орж, сэтгэцийн өөрчлөлттэй болсон, хэрэг хүлээх чадваргүй гэдэг дүгнэлттэйгээр уг аймшигт хэрэгт хариуцлага хүлээлгүй мултарч чадсан. Гэтэл ийм этгээдийг 10 жилийн дараа сумын Засаг даргаар томилж, түүгээр барахгүй аймгийн дараагийн Засаг даргаар ажиллах оюуны чадамжтай, өсөх ирээдүйтэй намын залуу боловсон хүчин хэмээн их хурлын гишүүн Ш.Раднаасэд намын гишүүддээ танилцуулж байсныг гэрчлэх хүмүүс байдаг.

Харин энэ этгээд 12 жилийн дараа хоёр хүүхдийнхээ төрсөн эхийг зургаан цагийн турш тамалж амийг нь хөнөөчихөөд 10 литр ус бие дээр нь асгаж орхиод төрсөн эхийндээ очиж унтаж хоноод өглөө нь юу ч болоогүй мэт ажилдаа очоод явж байсан хэтэрхий хүйтэн сэтгэлтэй, гаж донтон юм.  Энэ хэргийн хохирогч цэл залуухан 30 нас шүргэж байсан бүсгүй, хоёр жаахан үрийн ээж, төрийн мэргэшсэн алба хаагч бүсгүй. Голоо тасартал алуурчинд сөгдөж, хийгээгүй хэргийнхээ төлөө уучлал эрж, эр нөхрөө, төрүүлсэн үрсийн минь эцэг нь гэж итгэсээр харгис хэрцгий алуурчны гарт халуун амиа алдсан байдаг.

Талийгаач бүсгүйн ар гэрийнхэн Тонхил суманд очиж амжаагүй явахад гэмт этгээдийг өмгөөлөхөөр Өвөрхангайгаас мэргэшсэн хуульч аймгийн төвд ирж байсан гэхээр алуурчин амиа хэрхэн хамгаалж, авч үлдэхээ дэндүү сайн тооцсон мэт. Учир нь Даваадоржийн өмгөөлөгч өнөөдөр түүнийг “хэрэг хүлээх чадваргүй, сэтгэцийн хүнд цочролд орсон” гэдэг тодорхойлолт хийлгэчихсэн “давхиж” явна. Магадгүй алуурчин этгээд өмнө нэг сугарсан энэ мэхээ дахиж хийж, монголын хуулийг уландаа гишгэхээ сайн тооцсон биз. Хэдийгээр өнөөдөр хохирогчийн ар гэрийнхэн алуурчинд ялагдаж байж болох ч маргааш шударга үнэний шүүхэд бултаараа шүүгдэх нь лавтай. Монголын хуулийн байгууллагад итгэсэн хохирогчийн ар гэрийнхэн шүүх шинжилгээний хариуг хүлээж, төрийн хуульд итгэж хүлээж байхад уг хэргийг цагдаагийнхан мөрдөн шалгаж, прокуророос яллах дүгнэлтээ үйлдэн шүүхэд шилжүүлсэн мэдээлэл бидэнд олдов. Хэрэв энэ бүхэн үнэн бол, энэ мэдээлэл үнэн бол аймшигт алуурчин дахиад ял завших нь… дахиад цус урсгасан хэргээс мултрах нь… Шударга ёс гэж энэ аймагт байна уу???

+ There are no comments

Add yours